
Энэ зурган дээрхи биерхүү хар нөхөр бол Богдын тамгыг сийлсэн хүрээний "Хар Лувсангомбо" хэмээх эр. Түүнийг маш уран хүн болохыг цайтай аягаа тавьсан жижиг авдарын хийцээс харж болно.
Дотоод яамны тэргүүн сайд Да лам Цэрэнчимэд “Хааны тамгыг гадаад хүнээр хийлгэхгүй, монгол дарханаар сийлүүлж түүхэнд тэмдэглэн үлдээнэ” хэмээн шожион (чулуучин) хайсаар Зүүн хүрээний Вангай аймгийн “хар гарт” Лувсангомбо гэгчийг олж түүгээр хийлгэх болсон байна.
“Хар гарт” Лувсангомбо хэмээх энэ хүн урьд нь Хүрээний сангаас үлэмж хэмжээний мөнгө зээлдэн авч наймаа хийхээр Бээжин ороод ашиг алдаж нутагтаа буцаж чадалгүй тэнд гурван жил суухдаа чулуу урлах эрдэм сурч багажтай ирсэн гэнэ. Лувсангомбо нь Шарга морьтын аманд улаан халзан гэр бариулж хааны тамга урлаж эхэлсэн байна. Тамга хийдэг гэртээ хүн оруулдаггүй байсан гэдэг. Хэдэн сарын дараа Лувсангомбо "Миний нүүр, гар хөл хашийн хоронд идэгдэж хавагнаад байна. Энэ хорыг ганцхан архи авдаг гэнэ" гэж Богд хаанд айлтгал өргөхөд "Өдөр бүр нэг лонх архи өгч байсугай" хэмээн зарлигджээ. Энэ нь балгах дуртай тэр хүний бяцхан ов заль байсан гэдэг юм.
Түүнийг Шарга Морьтын амнаас Дунд голын хойд хөвөөнд нүүлгэж, сүүлдээ Дотоод яамны баруун хамарт ч буулгаж, харуул манааны харгалзаан доор олон сар ажиллуулсаар тамга урлах ажлыг нь дуусгажээ. Тамга хийж дуусмагц хүлээн авч танилцсан Дотоод яамны сайд Цэрэнчимэд "Соёмбо үсгийг" тамгын хүрээнд багтаагаагүйн зэрэгцээ дэндүү удаан хийлээ хэмээн Лувсангомбыг донгодсон байна. Лувсангомбо хариуд нь “Тамгын үсэг хүрээндээ багтаагүй явдал болбол манай улсын хил гадагшаа тэлэхийн шинж тэмдэг" гэж маргаж байсан хүнд гар бөгөөд мөн тэрээр “Өнгөт наран гэрэлт Богд минь хаан суулаа. Өвгөн би түүний тамгыг өндөр уулын өвөрт эхлэн урлаж, өргөн голын захад үзэмж сайхнаар үйлдэж төгсгөх нь түмэн үеийн түүхт хэрэг” хэмээн ерөөж байсан гэдэг.
Да лам Цэрэнчимэд нэг түшмэдийн хамт Лувсангомбыг дагуулан тамгаа авч Богдод өргөхөөр очиход дэргэдийн ноёд “Та ямар гавьяа шагнал авна гэж горьдож байна" гэхэд нь “Миний хар гар байвал надад өөр ямба хэргэм хэрэггүй. Зусар долдой, хээл хахуулиар хэргэм зэрэг авдаг нь би биш” гэж аймшиггүй өчиж байсан гэдэг.
Хаш тамга хийснээс хойш жил гаруй болоход Лувсангомбод шан харамж өгсөнгүй. Үүнд гомдсон Лувсангомбо Богд хаанд айлтгал өчсөн байна. “Хаан төрийн тамга урласан хүнийг нэг бол насан туршид нь цалин пүнлүү өгч асран тэтгэдэг, эсвэл толгойг нь авдаг гэсэн хуучны үг бий. Хэрхэхийг "хаан эзэн минь өөрөө мэдтүгэй” хэмээн айлтгал өргөсөн түүнд насан туршид нь сар бүр гучин янчаан олгох Богдын зарлиг буулгаж байжээ. Тэрээр энэ тусгай эрх ямбаа 1921 онд ардын засаг мандтал эдэлж байсан байна. Харин Ардын Засгийн газрын 1921 оны долдугаар сарын 30-ны өдрийн VIII хурлын 14 дүгээр зүйлд "Тамга хийсэн лам Лувсангомбо, дарга өндөр Гонгор нарын нэгэн биеийн гавьяа хишигт үүрд цалин эдлүүлэх нь нийлэлцэхгүй учир Сангийн Яамнаас тэдэнд хэр зохисоор нь мал юмыг олгоод хойшид таслан зогсоохоор тогтов" гэж заасан байдаг ажээ.
Их Хүрээний модон барын даамал байсан энэ хүн бас Богд хаант монгол улсын засгийн газраас 1921 онд гаргасан “Бага болзоот” хэмээх мөнгөн тэмдэгтийн модон барын сийлбэрийг сийлсэн түүхтэй. Энэ мөнгөн тэмдэгт нь 10, 25, 50, 100-тын долларын дэвсгэртүүдээр гарсан бөгөөд 10-тын доллар нь хонины, 25-тын доллар нь үхрийн, 50-тын доллар нь морины, 100-тын доллар нь тэмээний зурагтай байжээ.
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.