Валентины өдрийг тохиолдуулан Япон үнсэлтийн тухай...

Twitter Print
2021 оны 02-р сар 14-нд 18:10 цагт
Мэдээний зураг,

Япон улс 260 орчим жил хаалтай байж байгаад 1868 оноос гадны ертөнцөд үүд хаалгаа нээжээ. Тэр цагаас эхлэн япончууд гадаадад зорчин, гадныхан ч Японд ирж эхлэв.

Тэр үед япончууд болон гадныхан (гадныхан гэдэг нь гол төлөв европчууд, америкчүүд) харилцан ойлголцход амар биш байжээ. Японд ирсэн гадныхан япончууд хайр сэтгэлээ илэрхийлж үнсэлцдэггүй болохыг мэдэж, мэл гайхаж, цэл хөхөрч байсан гэсэн. Харин япончууд гадаадад очоод, олны өмнө үнсэлцэж буй хүмүүсийг хараад, бас л, нүд нь орой дээрээ гарч байж.

Ер нь үнсэлт бол япончуудыг хувьд “талархалтай” үйлдэл огт биш байж. Хайр сэтгэлтэй хүмүүс олны өмнө биш ч гэсэн үнсэлцэж л байсан биз. Гэхдээ л, жишээлбэл, хамаатан саднууд, танил нөхөд “гар барих”, эсвэл, “нэг нэгнээ үнсэх” гэдэг бол төсөөлшгүй зүйл байж. Одоо л өөр болчихоод байгаагаас биш, монголчууд ч гэсэн, олны өмнө нэг нэгнээ үнсэх нь битгий хэл, мэндчилэхдээ гар барьдаггүй байсан шүү дээ. Японд үнсэлт байсан талаар эротик зураг, сийлбэр барималаас олж харж болно. Өөрөөр хэлбэл, эртний япончуудын хувьд үнсэх, үнсэлцэх нь зөвхөн эр эмийн “дотно үйлдлийн” л нэг байсан бололтой.

Японы нэгэн орчуулагч англи хэлнээс ном орчуулж байж л дээ. Гэтэл “энэхүү шүрэн өнгөт уруулаас тань цорын ганц үнсэлт амталбал би жаргалын дээдийг эдлэхсэн билээ” гэсэн өгүүлбэрийг япон хэл рүү орчуулах болж. Үнсэлт гэвэл япон хүнд яагаад ч сэтгэлд нь буухгүй учраас япон орчуулагч бодож бодож, “хэрвээ би таны гал улаан уруулыг ганц удаа ч болов долоосон бол доо” гэж буулгасан гэдэг. Японы шинэ үеийн толь бичигт үнсэлт гэдэг үг ороод ирчихсэн байсан цаг үе хэрнээ л орчуулагч, “долоохыг” үнсэхээс илүү ойлгомжтой үйлдэл гэж үзсэн нь тэр ажээ.

Дэлхийн 2-р дайнаас өмнө Японд гаргаж байсан бүх гадаадын киноны үнсэлцдэг хэсгийг хасдаг байсан ба 1946 онд Япон киноны түүхэнд хамгийн анхны үнсэлцдэг хэсгийг харуулна гэж зарлаж байсан Дайэй кинокомпани эцсийн мөчид шантарч, найруулагч нь үнсэлцдэг хэсгийг шүхэрний цаана оруулсан гэдэг. (Ийм арга байдаг. 1961 онд гарсан манай “Улаанбаатарт байгаа миний аавд” кинонд яг л шүхэрний цаагуур орж байгаад үнсэлцэж эхлэж байсныг өнөөдөр телевизээр үзлээ).

Эдүгээ Япон орон дэлхийн хөгжилтэй орны нэг, япончууд дэлхийн үндэстэн ард түмнүүдийн хэрэглэдэг эдэлдэг, иддэг уудаг бүхнийг мэддэг, ашигладаг болсон нь мэдээж. Үнсэлтийн тухайд бол бас л адилхан, бүр үнсэх гэж япон үг байсаар байтал кисс хэмээх англи үгийг хэрэглэдэг болсон нь үнсэлтийн тал дээр бусад үндэстнүүдээс давж гарна уу гэхээс хоцорно л гэж байхгүй болсон мэт.

Япон судлаач Дэлэгийн Төмөрбаатар

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.