Япон хичээл таслах асуудалтай роботын тусламжтай тэмцэнэ

Twitter Print
2023 оны 09-р сар 07-нд 12:00 цагт
Мэдээний зураг,

Японы баруун өмнөд зүгийн Күмамото хот сурагчдын хичээл таслах явдлыг бууруулах ажилдаа робот ашиглахаар болжээ. Сурагчид роботын тусламжтай хичээлдээ зайнаас суух боломжтой ба уг робот нь сурагчдыг буцаад танхимдаа суралцах хүсэлтэй болгоно гэж найдаж байгаа аж.

Маиничи Шимбүн сонинд бичсэнээр микрофон, спикер болон камераар тоноглогдсон, 1 метр өндөртэй 2 робот ирэх 11-р сараас сурагчдын хамт хичээлд сууж эхлэх ба айдас түгшүүр зэрэг сэтгэл санааны байдлаас болж сургуульдаа ирэхгүй байгаа хүүхдүүдэд буцаад сургуульдаа явах итгэлийг төрүүлэх аж

Зайнаас суралцаж буй сурагчид өөрсдийн компьютероороо роботтой холбогдож, тус роботын тусламжтай яг л ангидаа байгаа мэт бүх хичээлдээ оролцож, багш ангийнхантайгаа дэлгэцээр харилцах боломжтой ба робот зөвхөн нэг ангид байгаад байхгүй сургуулийн орчинд чөлөөтэй зорчиж, сургууль дээр зохион байгуулсан арга хэмжээнүүдэд хүртэл оролцох аж.

Сүүлийн жилүүдэд Япон улсад хүүхдүүд хичээлээ таслах явдал нэмэгдсэн ба уг асуудал коронавирусын цар тахлын улмаас улам хурцдсан байна.

Күмамото хотод л гэхэд 2022 оны хичээлийн жилд бага болон дунд ангийн насны 2760 хүүхэд сургуульд яваагүй бөгөөд уг тоо 4 дэх жилээ дараалан өссөн байна.

Өнгөрсөн 1-р сард Күмамото хотын сургуулиуд туслах багшийн орон тоотой болж, тэдгээр багш нар нь сургуульд явдаггүй хүүхдүүдэд цахим хичээл орж эхэлсэн нь тэдгээр хүүхдүүдийн талархлыг хүлээжээ. Хүүхдүүдийн зарим нь цахим хичээлд оролцож эхэлснээр өөртөө итгэлтэй болсон гэсэн бол зарим нь багш болон ангийнхантайгаа харилцахдаа сандрах, түгших нь бага байсан гэжээ.

Роботоор дамжуулан хичээлдээ оролцож, ангиар чөлөөтэй явж,  ангийнхантайгаа харилцах нь сургуульд явдаггүй хүүхдүүдийн сэтгэл зүйн эрүүл мэндийн асуудлуудыг бууруулахад тусална гэж үзэж байгаа аж.

2022 оны 3-р сар хүртэл 1 жилийн хугацаанд Японд бага болон дунд ангийн 244 940 сурач 30 болон түүнээс дээш хоног хичээл тасалсан ба үүнийг Японы Боловсролын яам коронавирусын цар тахлын улмаас сэтгэл зүй болон биеийн эрүүл мэндийн асуудал хурцдсан явдалтай холбон тайлбарлажээ.

Тухайн үед Японы засгийн газар сургуулиудыг хаагаагүй ч ихэнх хүүхдүүд халдварын дэгдэлтийн үед хичээлээ сайн дураараа тасалсан ба цар тахалтай холбоотойгоор сургуулиуд аялал, спортын болон урлагийн бүх арга хэмжээгээ цуцалсан билээ.

Эх сурвалж: The Guardian

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.