Жингээ хассанаар чихрийн шижин өвчнөөс ангижрах боломжтойг нотолжээ

Twitter Print
2020 оны 06-р сар 26-нд 11:50 цагт
Мэдээний зураг,

Жингээ бууруулснаар хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин өвчнөөс ангижрах магадлал санаснаас өндөр хувьтай байна гэнэ үү. 2-р хэлбэрийн чихрийн шижинтэй өвчтөнүүдийн хувьд сайхан мэдээ Их Британи улсаас дуулдаж байгааг хүргэе.

Эрүүл мэндээ эргүүлэн олж авахын тулд биеийн жингээ ихээхэн хэмжээгээр бууруулах шаардлагагүй бөгөөд 5 жилийн хугацаанд биеийн жингийнхээ 10 хувийг бууруулж чадах юм бол 2-р хэлбэрийн чихрийн шижин өвчнөөс ангижрах боломжтой хэмээн Их Британийн Кембриджийн Их Сургуулийн судлаачдын хийсэн судалгааны үр дүн Diabetic Medicine сэтгүүлийн 9-р сарын 3-ны өдөр онлайн хувилбарт нийтлэгджээ.

Судлаачид 2-р хэлбэрийн чихрийн шижин өвчний илрүүлэг үзлэгээр нас баралтын эрсдлийн хяналтын үр дүнг тогтоох зорилгоор хийгдсэн “ADDITION-Cambridge” судалгааны бүртгэлд хамрагдсан чихрийн шижин өвчин шинээр оношлогдсон 40-69 насны 867 хүнийг хамруулж дагах кохорт судалгааг хийж, биеийн жингийн өөрчлөлт болон чихрийн шижингийн эдгэрэлт хоёрын хоорондын хамаарлыг судалсан байна.

“Чихрийн шижингийн эдгэрэлт” гэдгийг чихрийн шижингийн эм уух болон тураах мэс засал хийлгэсэн эсэхээс үл хамааран “Глюкозын гемоглобины хэмжээ 6.5 хувьд хүрсэн хүн” гэж тодорхойлсон юм байна. Судалгаанд хамрагсдын дундаж нас 61, эрэгтэйчүүд 61 хувь эзлэж байсан байна. 5 жил дагаж мөрдсөн энэхүү судалгааны хугацаанд чихрийн шижингээс ангижирсан нь 257 хүн буюу 30 хувь. Чихрийн шижин өвчин оношлогдсноос хойш нэг жилийн дараа биеийн жингийн өөрчлөлтгүй байсан хүний чихрийн шижингийн эдгэрэлтийн түвшинг суурь болгон эхлэх үеийн биеийн жин, нас, хүйс, эдийн засгийн байдал гэх мэтэд тохируулга хийн, биеийн жингээ хассан түвшин бүрээр эдгэрэлтийн хувийг харьцуулахад 10 хувиас дээш жингээ хассан хүмүүсийн эдгэрэлтэд хүрсэн түвшин 77 хувь буюу нэлээн өндөр байгааг олж тогтоосон байна. (risk ratio 1.77, P <0.01).

diabetes-н зурган илэрц

Мөн, оношлогдсон хугацаанаас хойш 1-5 жилийн турш 10 хувь ба түүнээс дээш хэмжээгээр жингээ хассан хүмүүст (2.43, P <0.01), 5-10 хувиар хассан хүмүүст (1.43, P = 0.02) эдгэрэлтийн хувь ач холбогдолтойгоор өндөр байсан байна. Энэ үр дүнг судалгааны багийнхан дүгнэхдээ "Бага ч гэсэн хэмжээгээр жингээ хасах нь энэхүү өвчнийг намдаахад хүргэж байна. Заавал туйлширсан хэт их хоолны дэглэм барих шаардлагагүй бөгөөд 2-р хэлбэрийн чихрийн шижин нь насан туршид үргэлжлэх өвчин биш бололтой. Биеийн жингээ хасаад тэр жингээ нэг хэмжээнд байнга барьж чадвал энэ нь үндсээрээ эмчлэгдэх боломжтой юм” хэмээсэн байна. 2-р хэлбэрийн чихрийн шижингээр дэлхий даяар хэдэн зуун сая хүн өвчлөөд байгаа бөгөөд ерөнхийдөө архаг давшингуй явцтай өвчин гэж үздэг.

diabetes-н зурган илэрц

Нөгөөтэйгүүр, хоол тэжээлээс авах энергийн хэмжээг өдөрт 700 ккал хүртэл бууруулах хэт туйлширсан хоолны дэглэм барьж биеийн жингээ хасаж чадвал 2-р хэлбэрийн чихрийн шижинтэй өвчтөнүүдийн бараг 90 хувь нь эдгэрэх боломжтой гэсэн мэдээллүүд гарсан байдаг. Гэхдээ энэ судалгааны өгүүллийн зохиогчдын хэлж буйгаар бол чихрийн шижин өвчнийг намдаах нь тийм ч хэцүү биш аж. Мөн чихрийн шижингийн эдгэрэлтийн талаар урьд өмнө гарч байсан нотолгоонууд нь хэт туйлширсан дасгал, дэглэм ихтэй хоол хүнс хэрэглэх шаардлагатайг зааж хэлж байсан бол ихэнх өвчтөний хувьд энэ арга нь тийм ч хэрэгжүүлэхэд бодитой зүйл биш юм. Энэ удаагийн судалгаагаар бодит байдалд үргэлжлүүлэх боломжтой дунд түвшний биеийн жингээ хаях урт хугацааны үр нөлөө ямар байгааг судалжээ. Судалгаанд онцгойлон ямар нэгэн арга туршиж хэрэглээгүй бөгөөд судалгаанд хамрагсад өөр өөр аргаар биеийн жингээ хасаж, чихрийн шижин өвчнөөс ангижирч чадсан байна.

Эх сурвалж: Behaviour change, weight loss and remission of Type 2 diabetes: a community-based prospective cohort study. Diabetic medicine : a journal of the British Diabetic Association. 2019 Sep 03; doi: 10.1111/dme.14122.

Ойдовын Батгэрэл Ph.D

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.