
УУЛ ОВООНЫ ТАХИЛГАД ХОЛБОГДОХ ОН ЦАГИЙН ХЭЛХЭЭС
• 750.000 орчим жилийн өмнө - Монгол нутагт хүн амьдарч байсан. Үүний олдвор Баянхонгор аймгийн Баянлиг сумын нутаг Цагаан уулын агуйгаас олджээ. Чухам энэ үеэс уулыг эрхэмлэх үзэл үүсч, фетишизмийн анхны илрэл эхэлсэн байх боломжтой.
• 100.000 орчим жилийн өмнө - Шашин судлаачдын үзсэнээр энэ үед сүнс ба хойт насны тухай үзэл хүмүүст бүрэлдсэн байсан тул уулыг онгонтой хэмээн үзэх анимист үзэл дэлгэрсэн байх боломжтой.
• 45.000 орчим жилийн өмнө - Хүмүүс энэ үед хоорондоо энгийн өгүүлбэрээр ярилцаж, логик сэтгэлгээ нилээд хэмжээгээр хөгжиж ирсэн гэх тул уул овооны шүтлэг тахилгад магизмын илрэл бүрэн хэмжээгээрээ хэрэгжих болсон байх боломжтой.
• 15.000 орчим жилийн өмнө - Энэ үеэс хээрийн амьтдыг гэршүүлж ирсэн тул амьтныг тухай мэдлэг нь гүнзгийрч өөрсдийн өвөг дээдсийг янз бүрийн амьтнаар төлөөлүүлэн ойлгох нь илүү боловсорсноор уул овооны шүтлэг тахилгад тотемын үзэл дэлгэрсэн байх боломжтой.
• НТӨ III зууны үе – Хүннү нар арван хоёр жилийн он тооллыг хэрэглэснээр уул овооны тахилгад өдөр, сарыг нарийвчлан тогтоов. Мөн энэ үеэс Отгонтэнгэрийг тахиж байв гэх нь бий.
• НТӨ 121 он – Хүннү нар шүтлэг тахилгатай Цилянь (Тэнгэр), Яньчжи (Цагаан) уулаа алдав. Түүндээ харуусан дуу зохиожээ.
• НТӨ 119 он – Хан улсын жанжин Хүн улсын нутагт нэвтрэн орж шүтлэг тахилгатай Ланцзюйсюйшань (Чонот), Гуянь уулсыг тахив.Сүмбийн үе – Их Сүмбэ (Сяньби) уул, Ухуань нар Чишань уулыг тахиж байв.
• 258 он 4 сар – Ливэй хаан тэнгэр тахив. Үүнийг ууланд гарч овоотой хамтатган үйлдсэн байх боломжтой.Тоба нар – Иньшань (Газал) уулыг жил бүр тахиж байв.
• 405 он – Пинчен хотод тусгай цонж байгуулан тэнгэр тахиж байв.
• 420-иод он – Байдэншань уулаас долоон газар орчим зайтай уулын хажууд тусгай сүм бариулж, тэнгэр тахиж байв.
• 438-489 оны үед – Фа-Ай ламыг төрийн багшаар өргөмжилсөн учир уул овооны тахилгад буддын шашин оролцож эхлэсэн байх магадлалтай.
• 508-520 он – Нируны Чуну хаан Лун-тинд их хэмжээний тахилга явуулж байсан. Чухам уул овооных мөн эсэх нь тодорхойгүй.
• VIII зуун – Түрэгүүд Отгонтэнгэр болон Баатар хайрхан уулыг тахиж байв.
• Уйгур – Вэй улсын цэрэгт ихэд дарагдаад эртний тахилгат Ланшань (Чонот) ууланд очиж хоргодов. Тахисан байх магадлалтай.
• Хятан – Уул тайхыг их ёслол болгов. Тайлга ёслолын хувцасны хууль гаргав.
• 923 он – Алтан Индэр уулыг тахисан гэмээр мэдээ бий.
• XII-XIII зуун – Тоорил хаан Богд хан уулыг дархлаж байв. Мөн хоёр бөөгийнхөө дурсгалд зориулж Их, Бага тэнгэр хэмээн уулын хоёр амыг нэрлэсэн гэдэг домог бий. Чингис хаан Бурхан Халдуныг шүтэж, үрийн үрд тахиж, үе тутамд шүтэж байя хэмээн өгүүлсэн гэдэг.
• 1219 он - Чингис хаан Хорезмийг дайлаар мордохдоо уул усандаа мөргөж, овоо тахив.
• 1236 он - Өгөдэй хаан хэд хэдэн хууль тунхаглаж барсын долоон овоог дурсгал болгон босгов. Өгөдэй хааны үеэс өртөөний овоог босгох болжээ.
• 1260 он – Хубилай хаан нутаг нутгийн нэртэй уул хайрхадыг тахих хэрэгтэй гэж тогтоов. Пагва ламыг төрийн багш болгосон нь уул овооны тахилгад буддын шашин оролцох болсон байх магадлалтай.
• 1275 он – Тайлга ёслолын хувцасны дүрмийг тогтоов.
• 1294 он - Өлзийт хаан Бурхан Халдуныг дархлах тухай зарлиг гаргав.
• 1368 он – Юань гүрэн мөхсөнөөр Монголчууд уугуул нутагтаа төвлөрч, бөөгийн шашин сэргэсэн нь уул овооны тахилгад бөөгийн шашин давамгайлах байр суурьтай болсон.
• 1577 он – Алтан хан буддын шашныг дэлгэрүүлэхээр тохиролцож уул овооны тахилгад энэ үеэс хойш ноёрхох болов. Сүм хийдийн овоод босгох болжээ.
• 1585 он – энэ онд Отгонтэнгэр уулыг Богд Очирваань уул хэмээн нэрийдэж байсан.
• 1630-аад он – Занабазар Бурхан Халдун уулыг Хэнтий хэмээн нэрийдэв.
• 1633 он – Манжийн Сэцэн хаан Монголчуудын овоо тахилга их байгааг хориглон цөөрүүлэх тухай зарлиг гаргав.
• 1640 он - Өндөр гэгээн Занабазарыг шашны тэргүүн Жавзандамбаар өргөмжилж түүнд албат болгон өргөсөн ардуудаас шавь нар үүсч, шавь нар овоо хэмээн тусгай овоо босгох болсон.
• 1691 он – Халхууд Манжид дагаар орсны дараа нутагтаа буцаж ирээд буудалласан газраар нь Төр хурах, Шажинхурах амуудыг нэрлэсэн гэж домоглодог.
• 1697 он –Манжийн төрөөс Монголын засаг захиргааны хуваарийг өөрчлөн байгуулж, чуулган, аймаг, хошуу, сум болгон хуваасан бөгөөд энэ үеэс эхлээд чуулган, хошуу, суман овоод үүсч тогтоосон хугацаанд тахих болжээ.
• 1697 он – Манжийн хааны сүрэг адуулах хошууг байгуулж Захын хар өндөр нэрт уулыг Алтан овоо хэмээн зарлигаар тахилгатай болгожээ.
• 1709 он – “Халх журам” хэмээх алдарт хууль эрхэмжийн бичиг батлагдаж түүнд Хан Хэнтий, Богд хан уул, Зоргол хайрханыг дархлах тухай заажээ.
• 1778 он – Манжийн хааны зарлигаар албан ёсоор Богд хан уулыг дархан цаазтай болгожээ.
• 1779 он – Манжийн хаанаас уул овоог тахихаас өөр томоохон наадам хийхийг хориглож, нэр бүхий гурван уулыг зарлигаар тахихаар болгожээ.
• 1781 он – Түшээт хан, Сайн ноён хан аймгуудын хилийг тогтоон овоо босгов.
• 1809 он – Богд хан уулын дархан цаазат байдлыг сахиулахын тулд эрхэлсэн түшмэл томилжээ.
• 1818 он – Хан Хэнтий уулыг Манж хаанаас албан ёсоор зарлиг гарган дархлав.
• 1828 он – Отгонтэнгэр уулыг Манж хаанаас албан ёсоор зарлиг гарган дархлав.
• 1837 он – Богд хан уулын Зайсангийн амны доод боргионы Богдын ундны усыг Туул голоос авдаг хэсгийн харалдаа толгойн хажууд “Умаа хум” гэсэн үсгийг чулуугаар бичсэнээр уг толгойг тийн нэрийдэв.
• 1921 он – Уул овооны төрийн тахилгын нэр хүнд буурав. Мөн оноос нэр бүхий гурван уулын төрийн тахилгыг хийдээ Эрдэнэ Шанзавын яамнаас Ардын засгийн газарт өргөн мэдүүлж зөвшөөрөл аван хийдэг болжээ.
• 1923 он – Эрдэнэ шанзавын яамаàр дамжуулалгүйгээр Цэргийн яамнаас тахилгыг эрхлэн мэдэх болжээ. Мөн оноос хуучин аймгуудын нэрийг өөрчилж уулсын нэрийг хэрэглэх болов.
• 1924 он – 1990 оноос өмнөх албан ёсны сүүлийн тахилга болов.
• 1925 он – Энэ оноос уулын төрийн тахилгыг хийхээ больж түүнд зориулсан хүндэтгэл наадмыг цэргийн наадамтай нэгтгэн улсын наадам хэмээн хийх болжээ.
• 1930-д он – Төрийн тахилга төдийгүй бага сага уул овооны тахилгууд бүрмөсөн тасарчээ.
• 1936 он – “Умаа хум” толгойд соёмбо үсэг байрлуулсанаар “Соёмбот” толгой хэмээн нэрийджээ.
• 1995 он – Богд хан хайрхан уул, Хан Хэнтий уул, Отгонтэнгэр уулсыг төрийн хэмжээнд тахих тухай Монгол Улсын ерөнхийлөгчийн 110-р зарлиг гарав.
• 1996 он – Богд хан уулыг дэлхийн шим мандлын сүлжээнд албан ёсоор бүртгэв.
• 2004 он –Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлигаар дээрхи нэр бүхий гурван уулаас гадна Дарьгангын Алтан овоог төрийн тахилгаар тахих болгожээ.
• 2005 он –Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлигаар Алтан Хөхий уулыг төрийн тахилгаар тахих болгожээ.
• 2007 он –Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлигаар Суварга хайрхан уул, Сутай хайрхан уул, Ханхөхий уулсыг төрийн тахилгаар тахих болгожээ.
• 2012 он –Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлигаар Алтай Таван богд уул, Говь Гурван сайхан уулсыг төрийн тахилгаар тахих болгожээ.
• 2012 он –Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлигаар төрийн тахилгатай уулсыг 5 жил тутамд тахих болгожээ.
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.