
Мөрөөдлийн баг дэлхийн аваргад бэлтгээд ид завгүй байна. Гэвч АНУ-ын шилдэг тоглогч П.Жорж гэмтлийн улмаас Испанийг зорих боломжгүй боллоо. Цаг давчуу байгаа энэ үед багийн дасгалжуулагчид дахин гурван тоглогчоо хассан байна. Эдгээр нь Ж.Уолл, Б.Бэйл, П.Миллсап нар юм. Ингэснээр Мөрөөдлийн багт Д.Рөүз, С.Карри, К.Ирвинг, Ч.Парсонс, К.Томпсон, Д.ДеРөүзен, Ж.Харден, К.Корвер, Д.Лиллард, К.Дюрант, Э.Дэвис, Г.Хэйвард, К.Фраийд, Д.Казинс, М.Пламлий, А.Драммонд нар дэлхийн аваргад өрсөлдөхөөр болжээ.
Хэдийгээр Янкууд сагсан бөмбөгөөр дэлхийд тэргүүлдэг ч дэлхийн аваргын тэмцээнд Югослав тэдний өмнө бичигддэг. Мөн Т.Данкан, А.Айверсон, Ж.Кидд, Т.Макгрэйди тэргүүтэй шилдгүүд “Афин 2004”-т аварга болж чадаагүй. Шилжилтийн үе нь таарсан Америкчууд 2006 онд Японд дахин азгүйтэж хагас шигшээд Грект хожигдсон. Энэ бүх хар дурсамжаа мартахын тулд 2008 онд үнэхээр хүчирхэг бүрэлдэхүүнтэй Бээжинд ирж алдаад байсан аварга цолоо эх нутагтаа авч ирсэн. Гэвч өнөө жилийн дэлхийн аваргад түрүүлэх нь эргэлзээтэй байна. Сая сая Америкчууд гэмтэлтэй Д.Рөүзийг гэрт нь үлдээх хүсэлтэй байгаа ч Чикагогийн “од” Испанийг зорих нь тодорхой болсон. Тэдний хэр хол явахыг нь харах л үлдэж байна.

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505