Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Төмөрбат хуулийн хугацаанд мэдүүлгээ бүртгүүлээгүй байна

Twitter Print
2020 оны 02-р сар 17-нд 14:52 цагт
Мэдээний зураг,

Авлигатай тэмцэх газар хуулийн үйлчлэлд хамаарах албан тушаалтнуудын 2019 оны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шинэчлэн бүртгэх ажлыг улсын хэмжээнд зохион байгууллаа.

Хуулийн дагуу АТГ-т мэдүүлгээ бүртгүүлэх үүрэгтэй төрийн өндөр болон бусад 290 албан тушаалтнаас /УИХ-ын гишүүн-1, Монгол банкны дэд ерөнхийлөгч-1, Ерөнхий консул-1, Ерөнхийлөгчийн зөвлөх-1, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын орон тооны бус гишүүн-2, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүн-1 буюу нийт 7  албан тушаалд томилгоо хийгдээгүй буюу албан тушаал нь сул байна/ албан үүргээ гүйцэтгэж байгаа нийт 283 албан тушаалтан мэдүүлгээ хуулийн хугацаанд шинэчлэн гаргаж бүртгүүлэхээс 283 албан тушаалтан мэдүүлсэн байна.

Мэдүүлгийн бүрдүүлэлтийн үйл ажиллагаа болон цахим системээс нэгдсэн дүн мэдээг гаргаж урьдчилсан байдлаар нэгтгэхэд улсын хэмжээнд төрийн захиргааны болон нутгийн захиргааны нийт 110 байгууллагын 41686 мэдүүлэг гаргагч мэдүүлгээ гаргаж бүртгүүлэхээс хуулийн хугацаанд 41685 албан тушаалтан /цахимаар 37527, цаасаар 4158/ мэдүүлгээ хуулийн хугацаанд гаргаж баталгаажуулсан. Харин 1 мэдүүлэг гаргагч буюу Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Төмөрбат хуулийн хугацаанд мэдүүлгээ бүртгүүлээгүй байна.  

2019 оны хөрөнгө, орлогын мэдүүлгээ шинэчлэн гаргасан нийт албан тушаалтны тоо өмнөх оноос 304-өөр нэмэгдсэн бөгөөд энэ нь Мал эмнэлэг, үржлийн газрын бүтэц зохион байгуулалт өөрчлөгдсөн, ШШГЕГ, ОБЕГ-ын зарим албан хаагчдын ангилал, зэрэглэл өөрчлөгдөж мэдүүлэг гаргах жагсаалтад орсон, мөн Төрийн албаны тухай хууль шинэчлэн батлагдсанаар Засгийн газрын 2019 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 275, 276 дугаар тогтоолуудаар төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан тушаалын ангилал, зэрэглэлийг шинэчлэн тогтоосонтой холбоотой.  

Авлигын эсрэг хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3  дахь хэсэгт заасны дагуу хуулийн хугацаа дууссанаас хойш 14 хоногийн дотор холбогдох байгууллагууд нь тайлан мэдээгээ албажуулж АТГ-т ирүүлэх үүрэгтэй бөгөөд 2020 оны 3 дугаар сарын 1-нээс хойш улсын хэмжээний нэгдсэн дүн мэдээг гаргана. Түүнчлэн Авлигын эсрэг хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасны дагуу энэ оны 2 дугаар улиралд багтаан албан тушаалтнуудын ХОМ-ийн хураангуйг АТГ-ын цахим мэдээллийн сүлжээнд байршуулах юм байна.

Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Төмөрбатын хэргийн тухайд дахин сануулахад өнгөрсөн зургаадугаар сард Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гарган, 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн. Тэдний нэг нь шүүгч С.Төмөрбат бөгөөд тэрбээр Салхитын мөнгөний ордтой холбоотой хэргээр АТГ-т шалгагдаж байсан юм.

Гэвч С.Төмөрбат Ерөнхийлөгчийн зарлиг гарсан зургаадугаар сарын 26-ны шөнө гэр бүлийнхээ хамт Сэлэнгэ аймаг дахь Алтанбулаг боомтоор ОХУ-ын хилийг давж, улмаар АНУ руу зугтан гарсан бөгөөд өнгөрсөн намар Ерөнхийлөгч Х.Баттулгыг АНУ-д айлчлах үеэр дагалдан явсан Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан С.Төмөрбатыг саатуулах асуудлаар тус улсын хуулийн байгууллагатай хамтран ажилласнаар “АНУ-ын хуулийн байгууллага шүүгч С.Төмөрбатыг саатуулсан. АТГ-ын тусгай баг түүнийг удахгүй Монголд авч ирэхээр болсон” гэж мэдээлж байсан билээ.

С.Төмөрбат нь Монгол Улсын гавьяат хуульч Л.Бямбаагийн хүү бөгөөд ээж нь Салхитын мөнгөний ордын өмгөөлөгчөөр ажиллаж байхдаа бусдад их хэмжээний авлига дамжуулсан хэрэгт холбогдсон. Тэрбээр хорих 461 дүгээр ангид хоригдож байхдаа нас барсан.

Түүний үхлийн талаар “Амиа хорлосон, хүүгээ энэ хэрэгт холбоогүй хэмээн гэрээслэл үлдээсэн” гэдэг. Харин энэ талаар С.Төмөрбат “Манай ээж амиа хорлох сэтгэл зүйтэй хүн биш. Мөн хууль хяналтын байгууллагынхан хаана хорьж байгааг нууцалсан нь сэжиг төрүүлж байна” хэмээн мэдэгдэж байсан юм.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.