
Өнгөрсөн онд Германы Бавари мужид болсон "Их-7"-гийн чуулга уулзалтын гол сэдэв нь ОХУ Украин руу довтолсон явдал байсан юм.
2022 оны 6-р сард болсон тус чуулга уулзалтын үеэр "Их-7"-гийн удирдагчид ОХУ Украин руу довтолсон явдалд цочирдсоноо илэрхийлж, Украинд санхүүгийн, хүмүүнлэгийн болон зэр зэвсгийн тусламж дэмжлэг үзүүлнэ гэж амласан ба Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский тус уулзалтанд цахимаар оролцож байсан билээ.
Японы Хирошима хотод болж буй энэ жилийн "Их-7"-гийн уулзалтанд Украины Ерөнхийлөгч В. Зеленский Францын засгийн газрын онгоцоор хүрэлцэн иржээ.
Энэ удаагийн уулзалтын гол сэдэв Украинд болж буй дайн байсан ба Вашингтоны зүгээс барууны улс орнуудад Киевт АНУ-д үйлдвэрлэсэн F-16 сөнөөгч онгоцыг нийлүүлэхийг зөвшөөрсөн байна.
Украины арми F-16 сөнөөгч онгоцтой болох нь ОХУ-ын эсрэг сөрөг довтолгоонд нь маш том давуу тал болох ч тэдгээр сөнөөгч онгоцнуудыг чухам хэдийг, хэзээ, хэрхэн нийлүүлэх нь тодорхойгүй байгаа аж.
"Их-7"-гийн удирдагчид Бээжин бусад улс орнуудад "эдийн засгийн дарамт" үзүүлдэг хэмээн БНХАУ-ыг "олон улсын хууль журмын дагуу тоглох"-ыг шаардсан байна.
Бээжинтэй "үр дүнтэй бөгөөд тогтвортой харилцаа"-тай байхыг эрмэлзэж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ "Их-7"-гийн удирдагчид "эдийн засгийн уян хатан байдал"-ыг эрхэмлэж, нэг улсаас хэт хамааралтай байдлыг бууруулах алхмууд хийнэ гэдгээ амлажээ.
Уг мэдэгдлийн хариуд өнгөрсөн бямба гарагт Бээжин "Их-7"-гийн удирдагчдыг БНХАУ-тай холбоотой асуудлуудыг гуйвуулж, Хятадын нэр төрийг харлуулж байна хэмээн мэдэгджээ.
Эх сурвалж: CNN
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.