Жил бүрийн 2 сарын 13-нд дэлхийн радиогийн өдөр тохиодог

Twitter Print
2023 оны 02-р сар 13-нд 12:33 цагт
Мэдээний зураг,

Өнөөдөр дэлхийн радиогийн өдөр

Жил бүрийн 2 сарын 13-нд дэлхийн радиогийн өдөр тохиодог. "Радио ба Энх тайван" сэдвийн дор тэмдэглэж байгаа радиогийн өдрийн тухайд:

1. 1946 оны 2 сарын 13-нд НҮБ-ын радиогийн анхны нэвтрүүлэг цацагдсаныг онцолж, мөн Испанийн Радио академи гаргасан санааг дэмжин 2011 онд ЮНЕСКО-ийн ээлжит бага хурлаар радиогийн үнэ цэнэ, ач холбогдлийг сурталчилан таниулах, хүртээмжийг сайжруулах, радио сонсогчдийн дуу хоолойг сонсох зорилгоор дэлхийн радиогийн өдрийг жил бүрийн 2 сарын 13 гэж зарлахад ЮНЕСКО-ийн гишүүн орнууд дэмжин нэгджээ.

2. 1800-аад оны сүүлээр Германы физикч Хайнрих Рудолф Херц Жэймс Максвеллын урьдчилан таамагласан цахилгаан соронзон долгионыг илрүүлж, 1890 онд Францын иргэн Эдуард Бранли Латин хэлний “radius” буюу туяа, цацраг гэдэг үгнээс гаралтай радио гэдэг үгийг анх ашиглаж байв. Радиогийн үүсэл хөгжлийг маш олон хүний хичээл зүтгэл авчирсан ч бүгдийг товчлон өгүүлбэл: 1899 онд Италийн зохион бүтээгч, цахилгааны инженер Нобелийн шагналт Гульелмо Маркони радио телеграфын сүлжээг хөгжүүлж, радиог бүтээсэн гэж үздэг. Хэдийгээр Александр Попов 1895 онд анхны радио долгион баригчийг бүтээж морз захиаг илгээсэн ч албан ёсоор патент аваагүй болохоор Гульелмо Маркони өдгөө радио бүтээгч хэмээн тооцогддог аж. 1929 онд Нидерландад дэлхийн анхны радио нэвтрүүлэг “Radio Nations” цацагдаж, 1993 онд анхны “Интернет Ток Радио” Карл Маламуд сэдэж байв.

3. Радиогийн өндрийн буюу AM (amplitude modulation-далайцын модуляц), богинын буюу FM (frequency modulation- давтамжийн модуляц) гэсэн модуляцлагдсан дохиогоор радио долгионыг дамжуулдаг. AM нь илүү хол зайд, FM нь богино зайд тусгай хэрэглээний болон нийтийн хэрэглээний радио давтамж гэж ангилан цацдаг. Өнөөдөр дэлхийд радиогүй улс нэг ч байхгүй. Анхны олон нийтийг хамарсан мэдээллийн технологи радиогийн анхны үүрэг нь хүмүүст онцгой байдлын мэдээллийг шуурхай хүргэх, дайн тулаан, чухал мэдээллийг түгээх байв.

4. Радиогийн ашиг тус юу вэ гэвэл нэн тэргүүнд сонсож байгаа хүнд хань болж, газарзүйн хувьд ч, баян ядуу, арьс хүйс, хөгшин залуу гэж ялгалгүйгээр хамгийн олон хүнд хүрдэг, эфирийн цаг эсвэл, дата дуусна гэж санаа зоволтгүйгээр хүссэн үедээ сонсдог, мэдээ мэдээллийг хаана ч, хэзээ ч ялгаагүй хамгийн эхэнд, хүртээмжтэйгээр эх хэл дээрээ өөрийн оролцоотойгоор авч чаддаг. Радио мэдээлэл өгч, баясгаж, хөгжөөж, мэдлэг олгож, өдөр тутамдаа нэг их зардал гаргахгүйгээр хөгжим, аппликейшн гээд олон аргаар хаанаас ч амархан сонсох боломжтой нийгэмд нөлөөлж, аюулаас сэрэмжлүүлж чаддаг хэрэгсэл. Олон хүнд хүрдэг болохоор онцгой байдал, байгалийн гамшгийн үед түргэн шуурхай цаг алдахгүйгээр олон нийтэд мэдээлэл өгч үнэлж баршгүй хохирлоос сэргийлдэг.

5. Монгол улсын хувьд 1930 онд Зөвлөлтөөс радио хүлээн хүлээгч, микрофон, чанга яригч гэх мэт тоног төхөөрөмж авчирч, /1931 оны 5 сарын 1-нд хэд хэдэн газар радио цагаан хоолой байрлуулж үдшийн 19 цагаас монгол, орос хятад хэлээр илтгэл уншуулж, дуу хөгжим нэвтрүүлж, 6 сарын 20 – оос эхлэн Улаанбаатар хотод 7 хоногт хоёр удаа радио нэвтрүүлэг явуулдаг болж, 7 сарын 11-нд Буянт-Ухаа дахь наамдын талбайгаас анх удаа радио нэвтрүүлэг шууд дамжуулсан/ 1931 оноос Улаанбаатар хотод, 1934 оноос орон даяар радио өргөн нэвтрүүлэг явуулж эхэлсэн. Монголын анхны онлайн, ток, хардаг радио MGLRADIO 2008 онд Солонгост байгуулагдаж, 2009 оноос www.mglradio.com сайтаар шууд эфирээ, 2018 онд Дэлхийн Монголчуудын - MGLRADIO 88.3 болж 88.3 Mhz дээр, 2019 оны 10 сараас бүх аймгуудад цацагдаж байгаа.

Дэлхийн радиогийн өдөр

Гүндсамбуугийн Ариунчулуун

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.