ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины айлчлалын тов гараагүй байна

Twitter Print
2014 оны 08-р сар 07-нд 09:22 цагт
Мэдээний зураг,

Энэ жил халх голын байлдааны ялалтын түүхт 75 жилийн ой тохиож байна. Номонхан, Бүрд овоо, Хайлаастайн голын тулалдаанд ах дүүгийн найрамдалт ЗХУ-БНМАУ, Манж Го-Японы эзлэн түрэмгийлэгчийн эсрэг чадварлаг байлдаж Монгол торгон хилийг амжиллтай хамгаалж түүхэн ялалт байгуулсан. Бүтэн дөрвөн сар дээл тайлалгүй тулалдсан энэ байлдаанаас ЗХУ, БНМАУ-ын цэргүүдээс олон баатар төрөн гарсан. ЗХУ-ын дөрвөн удаагийн баатар, корпус командлан захирагч, Маршал Г.К.Жуков, Монгол улсын гарамгай баатар, 6-р морьт дивизийн дарга, хурандаа Л.Дандар, Монгол улсын баатар, алдарт мэргэн буудагч Ц.Олзвой, Монгол улсын баатар, нэрт тагнуулч Л.Гэлэгбаатар зэрэг олон шилдэг хөвгүүд халхын голд тулалдаж өнөөгийн бидний эрх чөлөө тусгаар тогтнолыг харийн дайсны санаархалаас аварч чадсан юм.

Энэхүү түүхт ялалтын баярын тохиолдуулан хойш хөршийн төрийн тэргүүн В.Путин манай улсад айлчлал хийхээр болсон. Харин В.Путины айлчлалын тов нь тодорхой гараагүй байна. Хэвлэлээр ташаа мэдээлэл явсан тул ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт элчин сайд И.К.Азизов албан ёсоор мэдэгдэл хийлээ.

Тэрээр хэлэхдээ “ОХУ-ын төрийн тэргүүн В.Путин Монголд айлчлахаар төлөвлөж байгаа. Харин би товыг хараахан хэлж чадахгүй. Учир нь бид Монголын талтай айлчлалын болон түүний товын талаар албан ёсны мэдэгдэл хийх өдрийг хараахан тохироогүй байгаа. Ийм нөхцөлд дипломатууд бид мэдэгдэл хийдэггүй. Манай Ерөнхийлөгчийн айлчлал Халх голын ялалтын 75 жилийн ойн баярын арга хэмжээний хүрээнд хийгдэж байгаа. Энэ нь маш том илэрхийлэл юм. Түүнээс гадна энэ бол зөвхөн манай хоёр улсын харилцааны түүх болон өнөөгийн байдлыг эргэн харах гэхээсээ илүү Орос, Монголын түүхэнд болж буй чухал үйл явдал. Үүний хамгийн гол зорилго нь ирээдүйн хамтын ажиллагааны шинэ боломжийг нээх гэсэн оролдлого гэж бодож байна. Манай хоёр улсын харилцааны 90 гаруй жилийн түүх үүний үндэс суурь нь болж өгөх юм” гэсэн байна.

Ноён Ерөнхийлөгч В.Путин манай улсад айлчлах үеэр хэд хэдэн баримт бичигт гарын үсэг зурахаар төлөвлөсөн бөгөөд хоёр улсын иргэдийг харилцан зорчих нөхцлийг багагүй хөнгөвчлөх асуудлаар ярилцах аж. Мөн хил дамнан гардаг түймэр гэх мэт асуудлын талаар яриа хэлэлцаар хийх юм.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.