
~ГАЙХАЛТАЙ ЮМАА, МОЛЛАЕЙ МИНЬ~
Энэ залуугийн гашуун түүх Токиогийн татамид эхэлсэн. Гашуун түүхээ Токиогийн дэвжээнд тайллаа. Тайлах тайлахдаа дэлхий дахинаар бишрүүлж, Монгол улсаар бахархуулан тайллаа.
Чингис хаан маань эрхшээлдээ оруулсан улс үндэстнийхээ шашин шүтлэгийг хүндэтгэж, соёл иргэншлийг нь хүлээн зөвшөөрдөг байсан. Тэгвэл их хааны үр удам уугуул төрдөө нүд үзүүрлэгдсэн иран залууг ивгээлдээ авч, мөрөөдөл болсон олимпдоо эрх чөлөөтэй оролцох боломжоор хангасан. Үр дүнд нь бүгд хүссэн амжилтдаа хүрлээ, дэлхийг гайхуулах түүхийг хамтдаа бүтээлээ.
Саид Моллаей олимпоос медаль хүртсэн даруйдаа цээжин дээрх Монголын төрийн далбааг зааж байна. Заан байж Монголын ард түмэнд талархлаа илэрхийллээ. Ялангуяа хамгийн хүнд барилдаандаа Григалашвилиг (1/8) ялсныхаа дараа үүнийгээ тод харуулсан.
Энэ бол спортын түүхэн дэх хамгийн супер агшин, тохиол, үзэгдэл, үйл явдлын нэг юм. Бестселлер зохиол бичих сэдлийг Жоан Роуллингд өгсөн нь дамжиггүй. Блокбастер кино бүтээх сэдвийг Холливүдийн студиудад олгосон нь мэдээж. Молливүд гэж байдаг бол түрүүлээд хийчихвэл ч бүр ванлий, ванлий.
2018 он, ДАШТ. Токио хот. Оноолтоос харахад Саид Моллаей тэмцээний финалд Израилийн Саги Мукитай таарахаар байсан тул Ираны Спортын сайд багийн дасгалжуулагч руу утасдаж "Израилийн эсрэг эсэргүүцэл болгож тэмцээнийг орхи" гэж үүрэгдээд, биелүүлээгүй тохиолдолд Моллаейн гэр бүлд асуудал үүсч болохыг анхааруулсан гэдэг. Ийм балмад зүйлийг сонссон Саид аюултай их цочирдож, учиргүй их уйлсан болохыг эргэн тойронд байсан хүмүүс хожим ярьсан байдаг. Ираны төр Израильтай үүсгэсэн улс төрийн зөрчлөөсөө улбаалан ийм шаардлагыг тамирчиддаа нэг бус удаа тавьж ирсэн түүхтэй.
Гэсэн ч гэлээ Моллаей Олон улсын жүдогийн холбооны тэргүүн Мариус Визертэй зөвлөлдөөд хагас шигшээ шатанд Бельгийн Маттиас Кассетай барилдахаар шийдвэрлэсэн. Энэ шийдвэрийг дуулсан Ираны элчин сайд хөндлөнгийн хүн орох хориотой бөхчүүдийн бэлтгэл хангах зааланд дайран орж Саидад дахин анхааруулга өгсөн юм. Иран жүдоч хэдий Бельгийн бөхөд ялагдсан ч уг барилдааныг хийснээр төрийнхөө дайсан болж, гэртээ харих боломжгүй болсон байлаа. Тиймээс тэмцээнээ дуусгасан даруйд Токиогоос Берлин рүү нисч тэнд хэсэг хугацаанд оршин суусан. Гэхдээ тийшээ явсан түүх детектив кино шиг л байсан гэдэг. Визер машин хөлслөн түүнийг нууцаар онгоцны буудалд хүргэсэн тухай үйл явдал нэлээд дараа нь ил болсон юм.
Зөвхөн спортын өрсөлдөөнийг илүүд үзэж барилдаанаа хийснийг нь тус тэмцээнд дэлхийн аварга болсон Израилийн бөх Саги Муки "Аугаа тамирчин" хэмээн өндөр үнэлж Моллаейд баяр хүргэсэн. Мөн дэлхий дахин түүнд зориулж үгээ хэлсэн. Түүний энэ үйлдэл ертөнцийн бүх хэвлэл мэдээллийн хэрэгслийн гол сэдэв болсон билээ. Яг энэ цаг үед Монгол улс иран залууд иргэншлээ олгосноор Токиод эхэлсэн гашуун түүхийг Токиод сайхнаар тайлах боломжийг түүнд олгосон юм. Монгол улс гараа сунган өгсөн энэ боломжийг Ираны уугуул Монголын иргэн ямар сайхан гүйцэлдүүлснийг бид харлаа, дэлхий ч үзлээ.
P.S. Израилийн Муки Австрийн Морчашвилид шөвгийн наймд ялагдаагүй бол Моллаей түүнтэй хагас шигшээд таарах байв.
Жалсрайн БАЯРЖАРГАЛ
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зочин
(91.225.162.107) 2022-03-08 23:33Hdhfhf
Хариулах