Л.Сумъяабазар: “Эрдэнэс Таван толгой” компанийн 30 хувийг олон улсын хөрөнгийн биржид нээлттэй гаргах зөвлөмж ҮАБЗ-өөс ирсэн

Twitter Print
2020 оны 03-р сар 04-нд 14:47 цагт
Мэдээний зураг,

"Тавантолгой"-н ордыг гадаадынханд дахиад зарах гэж байна гэсэн мэдээлэл гарсан. ЕТГ-ын дарга асан З.Энхболд энэ талаар олон нийтэд мэдээллэж, тэмцэнэ гэдгээ илэрхийлээд байгаа юм. Тэгвэл энэ асуудлаар УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар тайлбар өгсөн байна. 

Тэрбээр "Тавантолгой" 10 жилийн хугацаанд улс төрийн зовлонг туулсан. Мега төсөл гэдэг дандаа л улс төрийн хардалт дагуулдаг зүйл.  Бид бодож бодож Олон улсын хөрөнгийн бирж дээр нээлттэй хувьцаат компани болъё гэж шийдсэн.  Энэ бол манай ард түмний хүсэн хүлээж байгаа зүйл гэж үзэж, бирж дээр гарах нь зөв гэж үзсэн. Улмаар 2018 оны зургадугаар сард ҮАБЗ-ийн зөвлөмжийг ч гаргуулсан. "Эрдэнэс Таван толгой" компанийн 30 хувийг олон улсын хөрөнгийн биржид нээлттэй гаргахыг ҮАБЗ-өөс зөвлөмж байдлаар УИХ, Засгийн газарт хүргүүлсэн. Улмаар Засгийн газар хууль, журмаа гаргаж, УИХ, намын бүлгүүдээр ч хэлэлцүүлсэн. Нууж хаасан юм огт байхгүй. 

Үүнээс хойш 10 гаруй тогтоол Засгийн газар гаргасан. Ямар нэг асуудал, гүтгэлэг гарах вий гэж болгоомжилсон. Гэтэл харамсалтай нь 2020 оны улс төр эхэлж байх шиг байна. Тавантолгойн ордоор битгий улс төр хийгээч ээ. Улсын эрх ашиг намын эрх ашгаас илүү шүү.  Олон улсын Хөрөнгийн бирж дээрээс хөрөнгө босгоно гэдэг бол өндөр хяналттай байна.  Цаашид эдийн засгийн эргэлтэд ороод, хөгжих боломжтой.  Тэгж чадвал өнөөдрийн өгч байгаа 97 мянган төгрөгийн ногдол ашиг 10 дахин нэмэгдэх боломж бий. 

Түүнээс биш хоёр хүн камер тавиад, лайв хийгээд "У.Хүрэлсүх, Д.Сумъяабазар хоёр "Тавантолгой"-г зарах гэж байна" гэх шиг. Хятадуудад зарах нь гэх мэт хачин хачин юм ярьж болохгүй л дээ. Энэ ордыг хоёр хүн нийлээд зарчихдаг ч юм биш. Монголын төрийн бүх хяналт, механизмаар ороод, шийдвэрээ гаргаад явж байгаа" хэмээлээ. 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.