С.Амарсайхан: Хотын захиргаа өөрсдийн зорилго төлөвлөгөөнөөс буцахгүй

Twitter Print
2020 оны 04-р сар 02-нд 15:52 цагт
Мэдээний зураг,

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан Улаанбаатар хотын хэмжээнд хийгдэж буй бүтээн байгуулалт цэцэрлэгт хүрээлэн, тохижилттой холбоотой асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

 

Тэрбээр хэлэхдээ "Зарим газруудыг засах сайжруулах шинэчлэх, зориулалтын цэцэрлэгт талбай болгох ажил эхэлсэн.

Үүнээс дурдвал:

  • Баянзүрх дүүргийн Хил хамгаалах ерөнхий газрын баруун талын 1.8 га газрыг өнгөрсөн жилээс хотын мэдэлд авч, тохижилтын ажил хийж эхэлсэн. Одоо дуусах шатандаа явж байгаа бөгөөд тэнд спортын талбай бүхий томоохон байгууламж удахгүй ашиглалтад орно.

  • Хуучнаар "РЦНК" төвийн урд байрлах 2.4 га талбайг ногоон байгууламж бүхий талбай болгох ажил явагдаж байна. Шүүх дээр маргаантай байсан учраас энэ ажил бага зэрэг хойшилсон ч цаашид хэрэгжинэ.

  • Баянгол дүүргийн 1, 3, 4 хороо Төмөр замын арын цэцэрлэгт хүрээлэн нийт дөрвөн га газар өмнөх жилүүдэд АТГ-т орон сууцны зориулалтаар олгогдсон байсан захирамжийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн болгохоор тохижилтын ажлууд хийгдэж эхэлсэн байна.

  • Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Богд хааны өвлийн ордон орчимд цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажил дуусах шатандаа явж буй бөгөөд тавдугаар сард ашиглалтад орох боломжтой” гэсэн мэдээлэл өгсөн юм.

Харин Д.Сүхбаатарын талбайн өмнөх газрын тухайд Хотын дарга хэлэхдээ “Өнгөрсөн онд хувийн эзэмшилд очсон, банкны барьцаанд байсан хэд хэдэн газрын эзэмшлийг цуцалсныг иргэд сайн мэдэж байгаа. Д.Сүхбаатарын талбайн өмнөх 1.8 га газар нь 2005 онд хувийн эзэмшилд олгогдож, 10 сая долларын барьцаанд банканд тавигдсан байсныг өнгөрсөн оны гуравдугаар сард эрхийг нь цуцалсан.

Одоо тэр газарт шаардлага хангахуйц бүтээн байгуулалтын ажлыг хийж байна. Нийслэл энэ тохижилтын ажлыг хийхдээ 2019 онд төсөвт тусгаж, НИТХ-аар батлуулж зураг төслийг нь боловсруулсан. Тэрнээс өчигдөр гэнэт шийдээд өнөөдөр хийж байгаа ажил биш. Тиймээс үүнийг улстөржүүлж, иргэдийг турхирах шаардлага байхгүй. Тухайн 1.8 га талбайг эзэмшиж байсан компани бүтээн байгуулалтыг хийлгэхгүй, буцаан авахаар одоо шүүхээр явж байгаа. Шүүхийн шийдвэр нэртэйгээр энэ талбайг буцааж өөрсдөдөө авах гэсэн томоохон зохион байгуулалттай сүлжээ ажиллаж байна. Гэхдээ энэ ажил зогсохгүй. Хийснийх нь дараа харин иргэд үнэлэлт дүгнэлтээ өгөх байх. 

Хотын захиргаа өөрсдийн зорилго төлөвлөгөөнөөс буцахгүй гэдгийг албан ёсоор хариуцлагатайгаар хэлье. Цаашлаад хотын хэмжээнд хийж байгаа зам дэд бүтэц бусад бүтээн байгуулалт, ажлуудаа бид салбар салбараар нь иргэддээ танилцуулна. Үүнтэй холбоотой ямар нэг санал иргэдэд байвал бид сонсоход бэлэн. Гэхдээ ямар нэг улстөржилт, хувийн зорилгоор газрыг ашиглах гэж буй этгээдүүдийн зорилго биелэхгүй шүү. Дахиад ч хувийн эзэмшилд очоод хогийн хонхор болсон талбай олон бий. Улаанбаатар хотын ойр орчимд ашиглагдаагүй, хогийн мухар болчихсон олон барилга байшин, гудамж, зам талбай байгаа.

Хууль журмын хүрээнд үйл ажиллагаа явуулж, айхтар олон нийтийн эрх ашгийг хөндөхгүй бол яахав гээд хүлээцтэй хандаж явж байгаа зүйлүүд ч бий. Өмнө нь Төв шуудан, Хөрөнгийн биржийн дундах талбай болон Улаанбаатар зочид буудлын урд талын талбай, Драмын театрын урд талын талбай зэргийг хувьчилсан байсныг бүгдийг нь цуцалж, нийслэл буцааж авсан. Үүнд төсвийн хөрөнгийг үнэгүй зарцуулах гэж буй зүйл байхгүй. Хот бүх талаар нээлттэй байгаа. Болохгүй зүйлээ нуудаггүй, болж байгаагаа дөвийлгөхгүйгээр зөв шийдэл гаргах зарчимтай ажиллаж байна. Энэ зарчим өөрчлөгдөхгүй” гэв.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Irgen

      (68.204.74.16) 2020-04-05 01:37
      • 0
      • 0

      Idej shunal n ehelchihsen bhoor yu gej butsah ve oor bolomj n oldohgyi hugatsaa bhgyi um chin ichgyyrgyi gyriij bna shyy

      Хариулах