
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин 2020 онд хийхээр төлөвлөсөн ажлынхаа талаар Холбооны Дээд Зөвлөлд өчигдөр илтгэл тавьсан. Тэрбээр илтгэлдээ ОХУ-ын гадаад бодлого, Үндсэн хуулийн өөрчлөлт, батлан хамгаалах бодлого, нийгмийн хамгааллын бодлого гэх мэт олон талын асуудлыг хөндөж ярьсан юм.
Үүнээс онцлох сэдвийг дурьдвал “ОХУ-ын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ёстой”, “Үндсэн хуулийн шүүхийн эрх мэдлийг өргөтгөх хэрэгтэй”, “Ерөнхийлөгчийн зүгээс Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдийг өөрчлөх эрх мэдэл хадгалагдах ёстой”, “ Ерөнхийлөгчид нэр дэвшигчид тавигдах шаардлагыг өндөржүүлэх, нэр дэвшигч нь өөр улсын иргэншил авч байгаагүй, насан туршдаа ОХУ-ын иргэн байсан хүн байх, сүүлийн 25 жилд ОХУ-д амьдарсан байх шаардлагыг тавих ёстой” зэрэг байр суурийг илэрхийлэв.
Тэрчлэн сургуулийн хүүхэд бүрт халуун хоол улсаас үнэгүй өгнө, хоёрдугаарт тэтгэвэрийн мөнгийг эрс нэмэх буюу "хүн ёсны тэтгэвэр" өгнө гэсэн нь олон нийтийн анхааралд орлоо.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин парламентад тавьсан илтгэлийнхээ үеэр мөн энэ оны нэгдүгээр сараас эхлэн анхны хүүхдээ төрүүлсэн ээжид 466 617 рубльтэй тэнцэх /өнөөдрийн ханшаар 20.8 сая төгрөг / хэмжээний тэтгэмж олгоно гэлээ.
Энэхүү тэтгэмжийг орон сууцны нөхцөлөө сайжруулах, хүүхдийнхээ сурч боловсроход зориулах боломжтой бөгөөд бэлэн мөнгө хэлбэрээр авах боломжгүй юм.
Харин энэ оноос хоёр дахь хүүхдээ төрүүлсэн эхэд 150 мянган рублийн /6.7 сая төгрөг/ тэтгэмж нэмж олгохоор болсон байна.
Түүнчлэн амьжиргааны түвшин доогуур өрхийн гурваас долоон насны хүүхдүүдэд сар бүр 5500 рубль /243 мянган төгрөг/ олгох гэнэ. Энэ тэтгэмжийг ирэх онд 11 мянган рубль болгон нэмэгдүүлнэ гэв.
Энэхүү илтгэлийн дараа Ерөнхий сайд Д.Медведев ОХУ-ын Үндсэн хуулийн 117-р заалтын дагуу Засгийн газрын нийт гишүүд бүрэн бүрэлдэхүүнээр огцрох хүсэлт гаргаж байгаагаа мэдэгджээ. Тэрбээр "төр"-ийн удирдагчийн хийх гэж буй өөрчлөлтүүдийг хурдасгахын тулд "засаг"-ийн газар огцорохыг мэдээлж сайдууддаа хамтран ажилласанд баяр хүргэж ажлаа өглөө гэж мэдэгдсэн юм.
В.Путин өргөдлийг хүлээн аваад шинэ Засгийн газар байгуулагдах хүртэл танхимын гишүүдийг үүрэг гүйцэтгэж байх чиглэл өгсөн байна.
Түүнчлэн, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Дмитрий Медведевийн хийж хэрэгжүүлсэн бүхэнд нь талархал илэрхийлжээ.
Түүний дараа төрийн удирдагч Путин шинэ "Оросын засаг" байгуулагдах хүртэл одоогийн сайдуудыг ажилаа үргэлжлүүлэхийг сануулаад сайд бүртэй уулзаж цааш яахыг ярилцана гэв. Мөн дараагийн Ерөнхий сайдаар Михаил Мишустиний нэрийг дэвшүүлж, Төрийн Думд өргөн мэдүүлжээ.
Владимир Путин Ерөнхий сайд асан Дмитрий Медведевт Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дэд даргын албан тушаалыг санал болгосон байна.
1966 онд төрсөн, одоо 53 настай, эдийн засгийн ухааны доктор цолтой Михаил Мишустин сүүлийн 10 гаруй жил Холбооны татварын албыг толгойлж буй юм.
Орост "Барууны дэвшилтэт мэдээллийн технологийг нэвтрүүлэх" зорилготой ашгийн бус байгууллагаас ажлын гараагаа эхлүүлсэн түүнийг 2010 онд Холбооны татварын албаны даргаар ирэхэд Оросын нэгдсэн төсөвт татварын орлого 7.7 их наяд рубль байсан бол 2018 оны дүнгээр 21.3 их наяд рубль болж нэмэгдсэн. Түүнийг Оросын судлаачид "Олигархиудын шилбүүр" гэх нь бий. Учир нь тэр олигархиудын дархлагдсан далд бизнес, үл хөдлөх хөрөнгүүдийг тууж ирж Оросын Татварын Системд нэгтгэж албан татвар ногдуулж чадсан байдаг.
Эх сурвалж: rg.ru, vesti.ru, ria.ru
Д.Ананд
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.