
Гучин айрагны арвыг нь МӨНХХААН сум
- 1940 онд Ардын хувьсгалын 19 жилийн ойн баяр наадамд 30 айраг, түрүүний 10 нь дангаараа МӨНХХААН сумын уяачдын хүлгүүд хүртэж, нутаг орон, адууныхаа чансаагаар Монгол даяар алдар нэрээ дуурсгасан.
- 1943 оны 22 жилийн ойн наадамд Сүхбаатар аймгийн 10 хурдан хүлэг түрүү магнай, айргийн тавд хурдалж, өмнөх амжилтаа дахин бататгасан.
- 1944 онд 1 хүлэг нь айрагдсан бол 1947 онд Ардын хувьсгалын 26 жилийн ойн төрийн наадамд 4 хүлэг айрагдсан ба 4-үүлээ ДАРХАНХААН сумын хурдан хүлгүүд байсан нь сонирхолтой.
- 1948 онд Сүхбаатарын 3 адуу айрагдсан бол 1951 онд Ардын хувьсгалын 30 жилийн ойгоор 5 хүлэг нь айрагджээ.
- 1953 онд 2 адуу нь айрагдаж, нэг адуу жороо морины уралдаанд айрагдсанаар нийт 36 удаа цулбуур өргүүлж, уяач, унаач, уугуул нутгийнхаа магнайг тэнийлгэж байсан гайхамшигт түүхтэй юм.
Ийнхүү 1940 – 1953 онд тус аймгийн 6 НАСНЫ 36 ХҮЛЭГ төрийн наадамд цулбуур өргүүлэн “Түмэн эх”-ийг дуудуулсан нь Монгол орон даяар гайхагдсан түүх юм. Түүний 6 нь түрүүлж, 14 нь аман хүзүүдэж, 7 нь айргийн гуравт, 6 нь айргийн дөрөвт, 3 нь айргийн тавд давхиж ирсэн нь ямар ч аймгийн түүхэнд байхгүй амжилт ажээ.
СҮХБААТАРЫН АДУУ ХУРДАН гэх энэ яриа яагаад үүсэв. Дундад зууны сүүл хагаст газар газраас цугласан адуун сүрэг Монголын зүүн бүсийн хялганат тал хээрт идэшлэж улмаар Сүхбаатар аймгийн унаган агт морьд болсон түүхтэй. Адуугаа хурааж айраг цагаа исгээд байдаггүй, унага нь эхийн сүүгээр бойждог онцлог нь Сүхбаатарын адуу хурдан байхад нөлөөлсөн гэдэг. Дарьгангын жижиг зээрд, орлой, тожингууд, Ширээтийн цагаан адуу зэрэг нь танигдсан угшил юм. Өвгөн ноён Хардэл жанжин бэйс Пүрэвжаваас улбаалж ирсэн адуугаа Сүхбаатарчууд үргэлж сайжруулж иржээ.
Алдарт зандан хүрэн азарганаас эхлээд өнөө цагийн Нийгмийн хонгор, Медальт улаан, Холхоон зээрд, Гарьд халтар гэх мэт домог түүхт хүлгүүдийг алдаршуулан хөшөө бүхий цогцолборыг Дархан хаан уулын энгэрт байгуулсан. Нийгмийн хонгор нь нэгдэл нийгмийн нэр дээр аймаг, сумын наадамд 18 удаа хол тасархай түрүүлсэн байдаг.
Сүхбаатар аймаг нь хурдан хүлгүүдээрээ өнгөрсөнд ч, өнөө цагт ч гайхалтай түүх бүтээсэн хэрнээ энэ бүгдийг хүүрнэн өгүүлэх МУЗЕЙ, ямар нэгэн ҮЗҮҮЛЛЭГ байхгүй байна. Тийм учраас “Дарьганга – аялал жуулчлалын цогцолбор бүс”-д Сүхбаатар аймгийн хурдан хүлгүүд, адууны өв соёлыг сурталчлан таниулах АДУУНЫ ӨВ СОЁЛ – МУЗЕЙ-г байгуулах нь зөв юм.
Ч.Буянбадрах
Эх сурвалжууд: Сүхбаатар аймгийн Аялал Жуулчлалын Судалгаа
Сүхбаатар аймгийн хурдан морины өв соёл
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.