Тунисийн Ерөнхийлөгч парламентын үйл ажиллагааг зогсоожээ

Twitter Print
2021 оны 07-р сар 27-нд 11:20 цагт
Мэдээний зураг,

Өнгөрсөн ням гарагт Тунис даяар мянга мянган иргэд засгийн газрын зүгээс коронавирусын цар тахлын эсрэг болон эдийн засгийн хямралын эсрэг авч буй арга хэмжээг эсэргүүцэн жагсчээ. Үүнтэй холбоотойгоор тус улсын Ерөнхийлөгч Каис Саид өнгөрсөн ням гарагийн орой зэвсэгт хүчний тусламжтайгаар Ерөнхий сайд Хичема Мечичийг албан тушаалаас нь огцруулж, парламентын үйл ажиллагааг 30 хоног зогсоох шийдвэр гаргажээ.

Ерөнхийлөгч Каис Саидын мэдэгдсэнээр тэрээр шинэ Ерөнхий сайд томилогдох хүртэл Ерөнхий сайдын үүргийг гүйцэтгэх аж. Ерөнхийлөгч Каис Саидын дэмжигчид уг шийдвэрийг дэмжиж буйгаа илэрхийлж байгаа бол парламент дахь сөрөг хүчнийхэн Ерөнхийлөгч Каис Саидыг төрийн эргэлт зохион байгуулсан хэмээн буруутгаж байна.

Тунисийн үндсэн хуулийн дагуу тус улсын Ерөнхийлөгч болон парламентын гишүүдийг ардчилсан сонгуулиар сонгох ба Ерөнхийлөгч нь зөвхөн батлан хамгаалах, гадаад харилцааны асуудалд хяналт тавих эрхтэй аж. Парламентын дарга Ерөнхийлөгч Каис Саидын шийдвэрийг эсэргүүцэж, иргэдийг уг шийдвэрийн эсрэг жагсахыг уриалсан ч Ерөнхийлөгч Каис Саид коронавирусын цар тахалтай холбоотойгоор тогтоосон хөл хориог сунгаж, хөл хорионы журмыг зөрчсөн тохиолдолд хүч хэрэглэнэ хэмээн анхааруулжээ.

Зэвсэгт хүчнийхэн парламентын байрыг хамгаалалтанд аваад байгаа ба парламентын байр луу хэнийг ч оруулахгүй байгаа аж. Өнгөрсөн долоо хоногуудад Тунист коронавирусын халдварын тархалт хурдацтай нэмэгдсэн нь иргэдийн бухимдлыг ихээр төрүүлсэн юм. Иргэдийг коронавирусын эсрэг вакцинд хамруулах ажил үр дүнгүй болсон хэмээн үзэн өнгөрсөн долоо хоногт Эрүүл мэндийн сайдыг албан тушаалаас нь огцруулсан юм.

Өнгөрсөн долоо хоногт коронавирусын халдварын улмаас нэг өдөрт нас барсан иргэдийн тоо 300-г давсан ба Тунис нь коронавирусын халдвараар нас барсан иргэдийнхээ тоогоор дэлхийд дээгүүр бичигдэж байгаа билээ. Коронавирусын эсрэг вакцинд хамруулах ажил маш удаашралтай явагдаж байгаа ба 12 сая хүн амтай тус улсын хүн амынх нь 7 хүрэхгүй хувь нь л вакцинд бүрэн хамрагджээ.

Засгийн газрын зүгээс коронавирусын эсрэг дархлаажуулах ажлыг хурдасгах арга хэмжээ авсан ч вакцины тоо хүрэлцэхгүй байх, вакцин тарих цэгүүдэд иргэд шахцалдаж, иргэдийн дунд зодоон үүсэх явдлууд гарч байжээ.

2011 оны хувьсгалаас хойш Тунист засгийн газар 9 удаа солигдсон ба коронавирусын цар тахлаас гадна тус улсад ажилгүйдэл, төсвийн алдагдал, гадаад өрийн асуудлууд нэмэгдсээр байна.

Эх сурвалж: https://www.interfax.ru/world

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.