Өсвөр насныханыг хүмүүжүүлэх 5 алтан дүрэм

2017 оны 10-р сар 04-нд 10:40 цагт
Мэдээний зураг,

Хүүхдийн хүмүүжил, суурь төлөвшил, ирээдүйн амьдрал нь дунд боловсролын сургуулиас ихээхэн шалтгаалдаг. Бага ангийн хүүхдийг эцэг эх нь хянаад байж чаддаг. Гэтэл хүүхэд шилжилтийн насанд хүрч анги дэвшихийн сацуу эцэг эхийн анхаарал, хяналт сулрах, бүгдийг сургуульд даатгах хандлага, сонирхол давамгайлах нь ажиглагддаг. Багш нар тэр болгон хүүхэд бүртэй тулж ажиллах боломжгүй. Чухам хүүхдийн энэ эгзэгтэй үед л эцэг эхийн зүгээс тавих хяналт илүү сайжрах, чанаржих шаардлагатай. Тэр бага насны хүүхэд биш тул үргэлж тантай санал нийлэхгүй байж болно. Иймд өсвөр насны хүүхэдтэй ажиллах үр дүнтэй таван арга барилыг толилуулъя.

Нэг. Өөрийн сэтгэлийн хөдлөлөө барьж сур

Энэ бол эцэг эхийн гол үүрэг. Түүний сурлагын дүн, биеэ авч яваа байдал танд таалагдахгүй байсан ч хашгирч уурлахыг урьдал бүү болго. Энэ хүүхдэд нэмэлт стресс авчрахаас өөр үр дүнгүй. Тэр өөрөө ч үүнийгээ мэдэж байгаа. Тэгэхээр учир шалтгааныг нь хүүхдийн хамт олохыг эрмэлз. Таны ийм эерүү хандлага хүүхдэд тань итгэл найдвар, урам зориг өгнө. Амжилт гаргах үндсийг нь олчихлоо гэсэн үг.

Хоёр. "Мэдэхгүй" гэж хэлэхээс бүү ич

Хүүхдийн анги дээшилж хичээл олширч, гүнзгийрэх тусам тусалъя ч гэсэн эцэг эхчүүдэд мэдэхгүй, чадахгүй зүйл цөөнгүй гарах нь бий. Эцэг эх бүгдийг мэдэж байх албагүй л дээ. Их мэдэгчийн дүр эсгэж буруу зөрүү заахаас илүү үнэнээ хэлчихвэл хүүхдэд тустай. Ямар ном ашиглах, яаж давтвал үр дүнд хүрч болохыг зөвлөөрэй. Хүүхдийн бие даах чадварыг хөгжүүлэхэд анхаарах нь чухал.

Гурав. Бусад хүүхэдтэй бүү харьцуул

Эцэг эхийн хүүхдийг хүмүүжүүлэх хамгийн түгээмэл алдааны нэг. "Тэр сайн байхад чи яахаараа..."гэх мэтчилэн харьцуулах нь ямар ч үр ашиггүйгээс гадна хүүхдийн өөртөө итгэх итгэлийг сулруулж, идэвх санаачлагыг боолчилдог муу талтай. Харин хүүхдийн бага ч гэсэн ахиц, амжилтыг үнэлж, өмнөхтэй нь харьцуулж байх нь үр дүнтэй. Ер нь хүүхдэд аль болох "чи чадна", "чамд тийм чадвар байгаа гэдэгт итгэж байна" гэх мэтчилэн үгсийг илүүтэй хэрэглэж байхыг зөвлөе.



Дөрөв. Хүүхдийг магтахаа бүү март

Том болсон хүүхдийг магтах хэрэггүй гэж эндүүрэв ээ. Тэд чинь хүүхдээрээ л байгаа шүү дээ. Элэгсэг дотно харьцаа, урам зориг хайрласан үг өсвөр насны хүүхдэд ус агаар шиг хэрэгтэй. Зөвхөн сурлагын талд дээр ч бус. Байхгүйд чинь гэр орноо цэвэрлэчихсэн байвал "Миний хүү (охин) том болжээ. Ээж (аав)-даа түшиг, нэмэр болж байна" гэх мэтчилэн магтвал эдийн засгийн хэлбэртэй хүйтэн урамшууллаас ч илүү үр өгөөжтэй тусна шүү. Хүүхдийн урам зоригийг мохоох үйлдэл бүү хийгээрэй.

Тав. Хүмүүжлийн нэгдсэн тактикийг боловсруул

Гэр бүлийн гишүүдэд хүүхдийг хүмүүжүүлэх үзэл бодол, хандлага янз бүр байх нь бий. Эцэг нь хүүхдээ зандарвал эх нь өмөөрөх жишээтэй. Байр сууриа нэгтгэж чадаагүйн хор уршиг нь хүүхдэд тусдаг. Ийм хүүхдийн хүмүүжилд нэгдсэн байр суурь, тактикийг боловсруулах нь чухал.

www.mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.