Хүүхэд үрчлэх ба үрчлүүлэх ёсон

Twitter Print
2019 оны 10-р сар 16-нд 09:08 цагт
Мэдээний зураг,

Монголчууд гэр бүлийг бат тогтвортой байлгахыг эртнээс анхаарч иржээ. Түүний нэг хүчин зүйл бол хүүхэд үрчлэн авах явдал гэж үзэж байв. Сэтгэлтэй эр эм хоёр дундаасаа хүүхэд гарахгүй бол өөр айлаас хүүхэд үрчилж авдаг байлаа. Одоо ч тийм ёс үргэлжилж байна. Үүнийг үрчлэх ёс гэдэг. Нэг талаас хүүхэд үрчилж авах эцэг эх, нөгөө талаас хүүхдээ үрчлүүлэх эцэг эх харилцан санаа нийлсэн байдаг. Хүүхэд үрчилж авах, үрчлүүлэх хүмүүс лам, зурхайгаар өдөр цаг үзүүлж өдөр гарагийн бэлэгдлийг нарийн баримталдаг. Тэгээд үрчлэх эр эм хоёр үрчлүүлэх айлдаа "сүүн" бэлэгтэй очно.

Сүүн бэлэгт тодорхой заасан хэмжээ байдаггүй. Өгөх хүмүүсийн сэтгэл, эрх чинээнээс болдог байв. Хүүхдийг нь авч байгаа айлд цөөн тооны мал сүрэг ч тууж очдог. Говь нутагт сүү бэлгийн дээд хэмжээ болгож нэг тэмээ өгдөг гэдэг. Харин хүүхдээ өгч байгаа айлын хүн бүрт дээлийн гадар өгдөг заншил түгээмэл байв.

Зарим нутагт хүүхэд үрчилж авах хүмүүс хүүхдээ үрчлүүлж байгаа айлд ирж хоноод маргааш нь ургахын улаан нарнаар хонин цагт хүүхдээ авдаг байжээ. Үрчлэн авч байгаа ээж хүүхдийн төрүүлсэн эхэд хадаг барьж "хүүхдээ хайрла" хэмээж гуйна. Тэгэхэд хүүхдээ гардуулж өгнө. Өргөж авч байгаа эх авчирсан өлгийндөө өлгийдөн авч явдаг. 

Үрчилсэн хүүхдийг гэрт оруулах ёслол 

Өргөж авсан хүүхдийг гэртээ оруулах ёслол нарийн бэлэгдлийн шинжтэй байдаг. Тэр хүүхдийг гэртээ оруулахын өмнө гэрээ нар зөв нэг тойруулдаг. Гэртэй оруулаад эмэгтэй хүүхдийг бол тулга юм уу зуухаа нар зөв тойруулаад гэрийн зүүн урд аваачаад тогооны бариул бариулдаг. 

Энэ нь гэрийн эзэгтэй болох ирээдүйг бэлэгдсэн хэрэг билээ. Эрэгтэй хүүхдийг бол мөн гал голомтоо тойруулан, дараа нь ном, бичиг, ногт хазаар, уурга бариулдаг. Эрэгтэй эмэгтэй хүүхдийг алиныг ч гэрийн бурхан шүтээнд мөргүүлж "адис авахуулдаг" ёс үйлддэг.

www.mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.