
ОХУ-ын нэр хүндтэй зурхайч Павел Глоба ингэж үзэж байгаа аж. Учир нь энэ наймдугаар сар Оросуудад сайн юм авчирахгүй гэнэ. Оросын түүхэн цаг үеүдэд гуравдугаар сар урьд өмнө нь ёр тарьдаг байсан бол цагийн эрхээр наймдугаар сар болж өөрчлөгдсөн гэнэ дээ. Гуравдугаар сард Оросын хэд хэдэн хаад, тухайлбал Нэгдүгээр Павел, Хоёрдугаар Александр амь эрсдэж байсан бол Хоёрдугаар Николай энэ сард хаан ширээгээ алдаж байсан түүхтэй. Титэм залгамжлаагүй хэрнээ хаан мэт байсан Сталин хүртэл Гуравдугаар сарын 5-нд нас барж байсан аж.
Харин 90-ээд оноос хойш наймдугаар сар ихээхэн ёр удах болсон байна. 1991 онд маш ховор тохиолддог нар хиртэлт бүр зургаан удаа дараалан үзэгдсэн бөгөөд энэ үед нар, бусад олон гарагуудын хамт Хумхын орд Арслангийн ордтой харгалдаж байсан аж. Тйимээс 1991 оны наймдугаар сард зэвсэгт төрийн эргэлт гарах шахсан. Олонхи зурхайчдын үздэгээр Орос улсын хувь зохиол Хумхын ордтой холбоотой байдаг учир ордууд харгалдсаны зохисгүй үр дагавар дараа нь арваад жилээр үргэлжилдэг байна. Энэ цаг үетэй холбоотойгоор наймдугаар сар их Орос оронд сүйрэл авчрах болсон гэж үзэх болжээ.
Тухайлан, 2000 оны наймдугаар сард цөмийн шумбагч «Курск» хөлөг осолдсоны дээр Останкины телевизийн цамхагт гал гарсан үйл явдлуудыг дурьдаж болно. Эдгээр хэрэг явдлуудын учир шалтгааныг ухах юм бол 2000 онд тэнгэрт загалмай тэмдэг дүрслэгдэн харагдаж байсан бөгөөд ийм тэмдэг үзэгдвэл их хэмжээний сүйрэл болохын цондон гэж эрт цагаас үздэг байсан аж. Ийм үзэгдэл мөн 1941 онд ажиглагдаж байсан бөгөөд Орос орон сүйрлын ирмэгт тулаад байсан гэдэг. Ер нь тэнгэрт загалмай тэмдэгт үзэгдэх нь тун ховор байдаг, хэрвээ Хумх болоод Арслангийн ордтой холбогдолтой тохиолдолд Орос оронд хүнд хэцүү сорилт тулгардаг нь ёс гэнэ.
Эгзэгтэй хоёр цаг үе
Оросын улс төрчдөд наймдугаар сар онцгой ээлгүй байдаг бөгөөд 1991 оны наймдугаар сарын 19-нд Михаил Горбачевыг ЗСБНХУ-ын ерөнхийлөгчийн сэнтийгээс буулгаж түүний авч хэрэгжүүлж байсан улс төрийн чиг шугамыг өөрчлөх болсон, мөн Өмнөд Осетод дайны гал ассан, тэр ч бүү хэл наймдугаар сарын 1-нд Орос улсын хувьд дэлхийн нэгдүгээр дайн эхэлж байсан аж.
ХХ зууны 90-ээд оны наймдугаар сар хүртэл дэлхийн нэгдүгээр дайн Оросод учирсан гай тотгорын оргил болж байсан бол олон удаагийн нар хиртэлтүүд улам их гай дагуулах болсон байна.
1917 онд хамгийн олон удаа буюу долоон удаа нар хиртэж байсан явдал хоёр хувьсгал гарах ёр дуудаж өгсөн гэнэ. Харин шинэ зууны эхэн үеийн наймдугаар сар олон гай зовлон дуудаж байгаа бөгөөд «Хараал хүрсэн» үр дагавар нь хүний насны хоёр мөчлөгөөс (хүний амьдралын нэг мөчлөг дорныхоор арван хоёр жил байдаг бол Оросын төлөгч арван жилээр тооцож байгаа бололтой) нааш дуусахгүй гэнэ.
Тэгвэл энэ наймдугаар сард Оросуудыг юу хүлээж байгаа бол?
Энэ сар бүхэлдээ онцгой сүйрэлгүй өнгөрч болно. Гэхдээ хоёр удаагийн цаг хугацааг давах шаардлагатай аж. Энэ нь нэгдүгээрт 9-нөөс 11-ны хоорондох үлэмж тэргэл саран гарах буюу дэлхийд сар урьд урьдаас илүү ойр ирэх үе, хоёрдугаарт 22-ноос 27-ны хооронд хамгийн адармаатай хоёр гараг гэж үздэг Санчир (Сатурн) болоод Улаан нүдэн (Марс) гарагууд Хилэнцийн ордод давхцан тохиох үед тун анхаарал болгоомжтой байх ёстой гэнэ. Эхний тэргэл сартай үед хувь хүний алдаанаас шалтгаалж аймшигтай сүрэл гарч болох бол, хоёрдугаар үед улс төрчдийн эндүү ташаа тооцооноос улбаалж сөрөг үр дагавартай үйл явдал өрнөх аюул нүүрлэж байгаа аж. Марс, Сатурн гарагуудын давхцаж таарсан сөрөг нөлөөллөөр ер нь их бага хэмжээний дайн тулаан, сүйрэл гарах нь их байдаг гэнэ.
Гэхдээ энэ зэрэгцээ наймдугаар сарын дунд үед Венера болон Юпитер гарагууд Арслангийн ордод нэгдэж таарснаар (наймдугаар сарын 13-20 хүртэлх хугацаа) эерэг үр дагавар, хандлагууд гарах боломжтой юм байна. Энэ хандлагаар дэлхийн бүс нутгуудад улс төрийн нөхцөл байдал дээшилж, дарангуйллыг зогсоож, яриа хэлэлцээр явуулснаар илүү гайхамшигтай уур амьсгал бүрдүүлж болох учиртай. Гэвч энэ бүхэн дахиад Марс, Сатурн гарагуудын давхцсан сөрөг нөлөөллөөс болж тасалдах талтай гэнэ. Тиймээс Оросын улс төрчид улс орныхоо хувь заяаг өөрчлөх шийдвэр гаргахаас зайлсхийх шаардлагатай, наймдугаар сарын 22-27-ны хооронд бүр онцгой анхаарах учиртай аж. Энэ үеэр хүлээзнэсэн байр суурь баримталж, ямар нэгэн өдөөн хатгалгад автахгүй байхыг зурхайч Павел Глоба анхааруулж байна.
Харин Украинд үйл явдал хэрхэн өрнөх бол?
Украин улс ОХУ-тай салшгүй хүйн холбоотой учраас Оросын төлөв байдлаас онц ялгагдахгүй аж. Эхлээд яриа хэлэлцээ удааширан сунжирч, үр дүн авчрахгүй мэт санагдаж болох хэдий ч хүлээзнэх хэрэгтэй. Харамсалтай нь Украинд болж байгаа үйл явдал ужигран сунжирч, мөд зогсохгүй. Тиймээс Павел Глобын бичсэн «Затмение Долгоруких» романы хавсралтад орсон үйл явдлуудын тайлал дөрвөн мөртүүдийг олж үзэх нь чухал гэнэ.
Хүний үйлийн үрээс болгоомжил
Байгалийн аюул сүйрэл тохиолдох уу?
Сарын сүүлийн хоногуудаас бусад үед сүйрэл тохиолдох магадлал бага. Харин хүний буруутай үйлдлээс шалтгаалах аюул осол гарч болзошгүй аж. Тиймээс нисэх онгоцны нисгэгч, ахмад, удирдлагын диспетчерүүд наймдугаар сарын 9-11, 22-27-ны өдрүүдэд залруулшгүй алдаа гаргахаас болгоомжлох ёстой. 25-ны хавьд гэнэтийн террорист халдлага гарч болзошгүй гэнэ дээ.
Санхүүгийн нөхцөл байдал, бизнесийн хувьд?
Энэ тухайд наймдугаар сар хамгийн тааламжтай цаг үе, хөрөнгийн бирж дээр жаахан хэлбэлзэл гарч, дефолт хүлээх хямрал байж болно. Гэхдээ эдийн засгийн ноцтой бэрхшээл учрах явдалд хүргэхгүй. Шинэ ажил хөтөлбөр эхлүүлэх гэж байгаа хүмүүс Юпитер, Венера гарагууд Арслангийн ордод нэгдэх 13 – 15-ны хугацааг хүлээвэл зохино.
Эрүүл мэндэд энэ сар хэр нөлөөлөх вэ?
Энэ сар хүн бүрт адилгүй, Нар, Хар сарны хамт Арслангийн ордод, мөн Улаан нүдэн, Санчир гарагийн хамт Хилэнцийн ордод байрлах энэ цаг үе эрүүл мэндэд тааламжтай. Зүрх судасны өвчнөөр шаналдаг хүмүүс анхаарал болгоомжтой байх ёстой, зүрхний шигдээс, цус харваж болзошгүй. Тэрчлэн наймдугаар сарын 10-наас архи, мансуурах хамааралтай мэдрэлийн системийн өвчтэй хүмүүс архаг өвчлөлд нэрвэгдэхээс болгоомжлох хэрэгтэй аж.
Оросын хамгийн нэр хүндтэй гэгддэг зурхайч Павел Глобын уг төлөг байгалийн онцгой үзэгдэл тохиох цаг үетэй давхцаж байгаа учир Орос улсын хувь тохиолд өөрчлөлт, уршигтай үр дагавар үзүүлэх нөхцөл байдал авчирч болох юм. Ирэх хориод хоногт харин дэлхий дахины хямрал аль чигтээ хандахыг тэнгэр мэдэх хэрэг болж. Харж л байя.

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505