Танихгүй эмэгтэйн захидал (2-р хэсэг)

Twitter Print
2014 оны 08-р сар 04-нд 11:56 цагт
Мэдээний зураг,

Гэхдээ би бүх л сэтгэл зүрхээ чамдаа үүрд өгсөн өдөр цагийг тодхон санаж байна. Би найз охиныхоо хамт зугаалганаас буцаж ирээд орцныхоо үүдэнд дэмий ярин зогсож байтал бидний хажууханд нэгэн суудлын тэрэг ирж зогсов. Тэр машинаас чи нөгөө л өөртөө итгэлтэй хурдан шалмаг хөдөлгөөнөөр буугаад шат өөд хурдлан өгсөв.

Би өөрийн мэдэлгүй чамд хаалга онгойлгож өгөхөөр ухасхийхдээ чамтай золтой л мөргөлдчихсөнгүй. Чи намайг зөөлөн энхрий дулаар харцаар харж нөхөрсөг намуухан дуугаар “Их баярлалаа бүсгүй минь” гэв. Ингээд л бүх юм гүйцсэн ч тэрхэн зуур чиний зөөлөн дулаан харцыг мэдрэхдээ өөрийгөө чинийх гэдгийг би ойлгосон юм. Гэвч би тун удалгүй чамайг бүх л хүмүүстэй тэр дундаа, худалдагч, үйлчлүүлэгч зэрэг эмэгтэй хүн бүхэнтэй харьцахдаа тийм эелдэг зөөлөн энхрий ялдам, чин сэтгэлийн наалинхай зангаар харьцдаг энэ нь ямар ч илүү зорилгогүй болохыг мэдсэн билээ.

Гэсэн ч арван гурван настай жаахан охин би үүнийг огтхон ч сэжиглэлгүй, сэтгэлд минь нар гийх шиг л болсон юм. Тэр энхрий ялдам зан ганцхан надад зориулагдсан гэдэгт итгэж бүсгүй хүний зөн билэг маань үүрд чинийх байхсан гэдэг бодол төрүүлсэн юм шүү. Найз охин маань надаас “Энэ чинь хэн бэ?” гэж асуусан. Би түүний асуултад тэр дороо хариулж чадаагүй. Энэ аз жаргалтай хоромд би нэрийг чинь ч хэлж зүрхэлсэнгүй. 

“Манай байранд амьдардаг” юм гэж би ичингүйрэн бувтнав. “Тэгвэл чи яагаад улайж орхив” хэмээн найз маань хүүхдийн хорлонтой зангаар тавлан инээв. Намайг шоолж нууцыг минь мэдэх гэсэнд миний хүзүү хүртэл халуу оргин ичсэндээ түүнд хандан заналхийлсан дуугаар “Усан тэнэг” гэж хашгирлаа. Найз маань намайг шоолон улам чангаар хөхрөхөд би хэрвээ чаддагсан бол багалзуурдаад авмаар байсан ч хүч хүрэхгүйдээ бачимдан нүдийг минь нулимс бүрхэв.

Тэгээд бушуухан эргэж дээшээ гүйлээ. Энэ учралаар л би чамд дурласан юм. Чамд ийм үг хэлсэн хүн зөндөө байгааг би мэдэж байна. Гэсэн ч надаас өөр хэн ч ингэж боол мэт үнэнчээр дурлаагүй гэдэгт итгээрэй. Миний энэ дурлал чамаас бусад хүүхнүүдийн адил юу ч улиглаж шаардаагүй, энэ дэлхий дээр өөр юугаар ч сольшгүй хүүхэд насны минь дүрэлзсэн халуун дурлал хэвээрээ чамд үнэнчээрээ үлдсэн юм. Бусад хүүхнүүд бол аль хэдийн хамаг юмаа хэнд ч хамаагүй чалчиж, зарим нь айдсаа бусдад нялзаахыг санаархдаг, тэд бүгдээрээ энэ тухай үе үе сонсож, уншиж мэдсэн байдаг бөгөөд энэ нь хэн бүхэн зайлшгүйгээр дайран өнгөрдөг зүйл билээ.

Тэд дурлалыг тохуурхан дооглож, үүнийг эрэгтэй хүүхдүүд анх удаа тамхи татсанаа гайхуулдаг шиг сайрхан ярьцгаадаг. Би хэнд ч итгээгүй болохоор хэн ч надад зөвлөж болгоомжлуулсангүй. Ямар ч туршлагагүй гэнэхэн амьтан би харанхуй ангал мэт өөрийнхөө хувь заяа руу өөрөө л зүтгэсэн юм. Эцэг маань эрт нас барж, тэтгэврийн хэдээрээ амь зуудаг ядуу бэлэвсэн эхээсээ хөндий байдаг, сургуулийн хөнгөн зантай найз охид маань намайг ойлгодоггүй болохоор би ганцхан чамд өөрийн хүсэл мөрөөдөл болсон чамдаа л итгэдэг байлаа.

Би чамд яаж тайлбарлахаа мэдэхгүй байна. Чи бол миний хувьд бүхнийг орлосон амьдрал минь байсан юм. Чамд хамаатай бүхэн сэтгэлийг минь эзэмдэж миний амьдралд нөлөөлөх боллоо. Хайхрамжгүй тааруухан сурч байсан би ангидаа тэргүүний сурагч болж чиний номд дуртайг мэдсэнээсээ хойш хэдэн зуун ч ном уншив. Мэдэхгүй. Чамайг хөгжимд дуртайг мэдээд төгөлдөр хуур хөгжмөөр уйгагүй хичээллэдэг болсон минь ээжийн гайхшийг төрүүлж билээ.

Чиний нүдэнд арчаагүй муухай харагдахгүй гэж даашинзаа үргэлж цэвэрлэж индүүднэ. Ээжийн хуучин бошинзоор хийсэн дөрвөлжин нөхөөстэй хормогчноосоо хачин их ичдэгсэн. Энэ нөхөөсөө чамд харагдуулахгүйг хичээж номнынхоо цүнхийг баруун гартаа барин шатаар гүйж гардаг байв. Чамайг харчих вий гэхээс ухаан алдталаа айна. Миний айдас ямар хөгийн байгаа вэ. Гэтэл чи намайг бараг хэзээ ч хараагүй шүү дээ. Би бүх л өдөржин чамайг харуулдаж өнжинө. Манай хаалганы зэс хүрээтэй шагайвчаар танай хаалга яг харагдана. Намайг шоолж инээх хэрэггүй хайрт минь. Тэгэх тусмаа одоо бүүр ч хэрэггүй, энэ нүх надад бүх л бүтэн ертөнцийг нээдэг байсан болохоор чамайг л харах гэж гартаа ном барин ээжийг мэдчих вий гэж айн айн өдөржин бээртлээ суудаг байв.

Чамайг ойртон ирэхийг мэдмэгцээ би чивчирсэн хөгжмийн утас луугаа чичирч эхэлдэг байлаа. Би чамайг хэзээ ч орхилгүй чиний юу хийж буйг байнга ажиглаж яг л чиний дандаа хэрэглэж, үргэлж халаасандаа авч явдаг цагны чинь пүрш шиг үл анзаарагдах хэрнээ хэзээ ч хамт байсны минь мэдэхгүй. Чиний тухай бүгдийг өөрөөр хэлбэл юу сонирхдог, ямар ааш араншинтай, хэдэн зангиа, хэдэн костюмтай, тэр битгий хэл ямар өнгөтэй болохыг ч би мэддэг байсан.

Удалгүй чиний танилуудыг хүртэл андахаа байж тэднийг өөртөө таалагддаг таалагддаггүй гэж хоёр хэсэгт хувааж билээ. Би арван гурваас арван зургаан нас хүртлээ чамтай хамт амьдарч чиний төлөө л төрсөн юм шиг байдаг байсан. Би ямар их тэнэг юм хийдэг байсан гэж чи санана. Чиний гар хүрсэн хаалганы бариулыг үнсэж, чиний татаад хаячихсан тамхины ишийг түүдэгсэн. Орой бүр ямар нэг шалтаг олж зөвхөн чиний гэрэлтэй цонхыг харж чамайг тэндээ сууж буй эсэхийг мэдэх гэж өчнөөн, төчнөөн удаа гудамжинд гүйж гараад л… Тэгээд чамайг аль нэг тийшээ явахаар болж, зарц хөгшин чиний шар чемоданыг доош нь буулгаж ирэхийг харахаараа зүрх минь базагдах шиг болж, олон арван хоногоор миний амьдрал утга учраа алдан хүйт даадаг байв. Гунигтай, дүнсгэр, уур уцаартай болсон миний нүдэнд нулимс цийлэгнэн хичнээн зовж шаналж байгааг ээж маань ч үл анзаарна.

Би чамдаа хүүхдийн инээдэмтэй түүх ярьж байгаагаа мэдэж байна. Энэ бүхэн ичгэвтэр хэдий ч би хэзээ ч ичихгүй, яагаад гэхээр миний дурлал тэртээ хүүхэд ахуй цагий минь бахархал болсон ариун нандин асаж дүрэлзсэн хэвээр байгаа билээ. Миний зүсийг ч бараг мэдэхгүй чамд тэр үед чиний төлөө амьдарч байсныгаа бүтэн цаг, бүх л өдөржин ярьсан ч чадна. Би чамтай шатан дээр таарчихаараа гал шиг харцтай чинь тулгарахаасаа айж толгойгоо гудайлган хажуугаар чинь галаас зугтан ус руу гүйж буй хүн шиг хурдхан өнгөрдөг сөн. Хэдийгээр би чиний тэр үеийн амьдралын тухай бүхэл өдөржингөө өчүүхэн ч зүйл орхилгүй ярьж чадах боловч чамайг зовоож залхууг чинь хүргэхийг хүсэхгүй байна.

Би зөвхөн хүүхэд насныхаа аз жаргалтай мөчүүдийн тухай л дурсах гэсэн юм. Чи намайг битгий шоолоорой. Энэ явдал өчүүхэн зүйл боловч жаал охин надад хэмжээлшгүй их аз жаргал байсан юм шүү. Лав нэг сайн өдөр тохиолдсон санагдана. Тэр үед чи эзгүй, зарц чинь том хивс сэгсэрч цэвэрлээд, танай өрөөний хаалгаар оруулж яваа харагдсан. Хөгшин зарцыг хүч хүрэхгүй ядарч байхыг нь хараад шууд зориг гарган очиж, би хамжилцах уу гэж асуухад зарц өвгөн гайхсан боловч туслахад минь татгалзсангүй.

Чиний өрөөнд би тэгэж анх удаа орж үзсэн юм. Өрөөнд чинь байгаа эд агуурс, чиний суудаг ертөнц, хөх ваартай цэцэг тавьсан чиний бичгийн ширээ, ном шүүгээг ямар их хайр хүндэтгэлтэйгээр элэгсэг дотно харж байснаа хэлэх үг олдохгүй байна. Чиний үнэнч зарц Иогани мэдээж намайг дэргэд нь очиж харахыг зөвшөөрөхгүй байсан болохоор чиний амьдралыг хальт хараад өнгөрч билээ. Харин ингэж цорын ганц удаа харахдаа би чиний тасалгааны юм болгоныг нүдэлж аваад энэ явдал чамайг хүсэн мөрөөдөж, өдрийн бодол шөнийн зүүд болж санаашран суухад сэтгэлийн тэжээл болдог байж билээ.

Өчүүхэн энэ мөч, энэ явдал миний хүүхэд ахуйн амьдралд хамгийн аз жаргалтай нь байж. Намайг гэж Танихгүй чи минь дэргэд чинь амьдралаа чамд зориулсан нэг хүн яаж уйтгарлаж, яаж тэсэж ядан байсныг мэдэж аваг гэсэндээ л үүнийг ярьж байгаа юм шүү. Чамд ярьж буй энэ явдлын дараахан өөр нэг аймшигтай явдал тохиолдсон юм. Би чамаас бусад юм болгоныг мартаж, ээжийгээ ч тоохоо больж, ер юуг ч анхаарахаа байсан гэж чамд хэлсэн шүү дээ. Инсбург хотоос ээжийн минь холын садан сүлбээ нэг хижээл насны худалдаачин манайхаар байсхийгээд ирж удтал ярьж суудаг байсныг би анзаарсангүй. Заримдаа тэр хүн ээжийг минь театрт юм үзүүлэхээр авч явахад нь би харин баярладагсан. Ганцаараа үлдээд ямар ч саадгүй чамайг бодож, чиний ирэхийг харуулдан суух нь миний ганц дээдийн жаргал байсан юм.

Тэгтэл нэг өдөр ээж минь намайг өрөөндөө дуудаж аваачаад их чухал юм ярина гэхэд нь ямар нэг юм тааварлан, сэжиг аваагүй байгаа гэж айхаас царай минь хувхай цагаан болоод, зүрх хүчтэй цохилж эхлэв. Хамгийн түрүүнд л ертөнцтэй намайг холбож өгч байгаа нууц чи минь л бодогдов. Гэтэл ээж минь өөрөө сэтгэл зовсон байдалтай намайг их л энхрийлэн хэд хэд үнсээд (уг нь ер үнсдэггүй юмсан) зөөлөн вандан дээр хажуудаа суулган царай нь улайж түгдэрснээ өөрийн нь холын хамаатан бэлэвсэн эр сууя гэж гуйхад чамайг бодоод л суухаар шийдлээ гэж ярив. Зүрх минь улам ч хүчтэй булгилж, би юуны түрүүнд ганцхан чамайг л бодож “Би эндээ байх уу?” гэж арай ядан асуухад ээж минь “Үгүй ээ. Бид Инсбург руу нүүнэ. Тэнд Фердинандад сайхан байшин бий гэнэ” гэлээ. Би өөр юу ч дуулсангүй нүд минь харанхуйлаад явчихсан.

Үргэлжлэл бий...

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.