
Генерал Б.Баярмагнай Үндэсний фронтоо орхиж явахаар болжээ. Тэрээр өөрийн цахим хуудсан дээр “Миний бие ар гэрийн шалтгаанаар Монголын Үндэсний фронтын ажлаас удаан хугацаагаар хөндийрч байгааг үүгээр мэдэгдье. МҮФ-ыг Монголын төр, ард иргэд хүлээн зөвшөөрөгдөх хүртэл хэмжээнд цуг явсан фронтын нөхөддөө баярлалаа” гэж бичсэн байна. Түүний ийм гэнэтийн шийдвэрт олон хүн эргэлзэж, гайхаж байгаа аж.
Б.Баярмагнай генерал Монгол улсын Зэвсэгт хүчин Олон улсын энхийг сахиулах ажиллагаанд оролцох болсон анхны өдрөөс л өндөр хариуцлага, нэр хүндтэй уг албанд удаа дараа эрэлхэг зоригтой, дайчин шийдэмгий, тэсвэр хатуужилтайгаар оролцож, мэргэжлийн ур чадвараараа гадаад, дотоодын цэргийн мэргэжилтнүүдэд гайхуулж байсныг зарим нь сайн мэдэх байх. Гэвч Монголын Зэвсэгт хүчин түүний авъяас чадварыг бүрэн ашиглаж чадаагүй юм билээ. Зэвсэгт хүчинд улс төрийн намуудын нөлөө их тул Б.Баярмагнай генерал Жанжин штабын орлогчоор ажиллаж байхдаа элдэв янзын шахаанд орж, зөрчил дутагдлуудыг нь шүүмжилснийхээ төлөө сайд дарга нарт нэлээд адлагдаж явсан гэдэг. Бас өөрт нь ч зарим нэг алдаа гарч байсан тухай цэргийн хуучцуул нь хоорондоо ярьцгаадаг байв. Тухайлбал, энхийг сахиулах ажиллагаанд оролцохоор явах офицер, ахлагч нартаа эхнэрээрээ Эрээнээс бараа зөөлгөж худалддаг байсан гэхшүү юм хоорондоо шивнэлдэх. Ортой байж мэдэх л юм. Гэхдээ энэ нь төрийн өндөрлөгүүд төсвөөс байнга идэж уудгийн дэргэд бол ёстой “нохойн баас” шиг юм болов уу даа.
Монголын Үндэсний фронтынхон энэ сарын наймны өдрийн цуглаан жагсаалын үеэр төр засагт хандаж шаардлага хүрүүлсэн юм. Тэдний шаардлагын гол агуулга нь өнөөгийн УИХ үүргээ бүрэн биелүүлж чадахгүй байгаа тул өөрөө тарах, Ардын түр хурлыг байгуулж хоёр танхимтай парламентын тогтолцоотой болох зэрэг байр суурьтай байлаа. Эдгээр шаардлагынхаа хариуг тэд удахгүй авч олон нийтэд зарлах биз.
Генерал Б.Баярмагнайгийн фронтоо орхиж явах болсон цаад жинхэнэ гол учир шалтгааны талаар хүмүүс одоо янз бүрийн тааваг дэвшүүүлж байна. Юун түрүүнд, өнөөгийн улс төрийн борих орчин, олигархи эрх баригчдын ямарч муу юм хийхээс буцахгүй заваан араншин нь ингэж Үндэсний фронтыг хагалан бутаргаж байна гэж үзэх хүн цөөнгүй ажээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүх нь Цэргийн нэдсэн холбоо гэдэг төрийн бус байгууллагыг толгойлж байгаа. Энэ холбооны орон нутгийг хариуцсан дарга нар голцуу тухайн аймаг, сумын засаг ноёд юм. Харин Х.Баттулга нь Монголын Ардчилсан холбоог олон жил удирдаж, ард түмнийхээ эв санааны нэгдлийн билэг тэмдэг, үүнийг бүрэн хангах үүрэг бүхий Ерөнхийлөгч болсон ч гэсэн энэ холбооныхоо тэргүүний ажлыг хэн нэгэнд хүлээлгэж өгөөгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл, төрийн хоёр том өндөрлөгт сууж буй хоёр эрхэм нь үндэсний хэмжээний ийм лут иргэний байгууллагуудыг удирдаж байна. Энэ сарын 8-ны өдрийн жагсаал цуглаанд очиж, маш идэвхтэй оролцсон хүмүүсийг зарим нь сайтар анзаарсан байх. Тэдгээр идэвх гаргагчдын дийлэнх нь Монголын Ардчилсан холбоо буюу Х.Баттулгын “цэргүүд” байв. Тэгвэл өөрийгөө “хурандаа” хэмээн алдаршуулах дуртай У.Хүрэлсүхийн удирддаг Цэргийн нэгдсэн холбооноос бас цөөнгүй хүн тэр өдрийн жагсаалыг өнгөлж яваа харагдсан. Эдгээрээс Б.Баярмагнай генералд аль аль тал нь таалагдаагүй болов уу. Цэргийн нэгдсэн холбоо нь мэдээж МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн дохиогоор ажиллана. Х.Баттулгын Ардчилсан холбооныхон У.Хүрэлсүхийн удирддаг намд угаасаа дургүй хүмүүс. Энэ хоёрын огтлолцол дээр аягүй бол гал гарахыг үгүй гэх газаргүй. Б.Баярмагнай генерал иргэдийнхээ жагсаал цуглааныг үймээн самуун болгож хувиргахгүйг хичээх нь зүйн хэрэг. Үндсэний фронтоос шаардаж буй шаадлагын хариу нь хүмүүсийн санаж хүссэн хэмжээнд гарч чадахгүй бол Ардчилсан холбооны партизануудаар суурилсан жагсаал цуглаан цаашаа улам эрчимжиж, тэмцлийн хурц хэлбэрүүдийг сонгоход хүрч болзошгүй юм. Тэгээд ч энэ тухайгаа тэд ил шулуухан хэлж байлаа.
Нийгмийн сэтгэл зүйн тогтворгүй нөхцөл байдал нь эдийн засаг, санхүүгийн туйлдалтай хослоод улам хүндрэх төлөвтэй боллоо. Иргэдийн төр засагтаа итгэх итгэл үндсэндээ алдарч шавхагдаад дуусах тийшээ болчихож. Иймэрхүү орчинд хийж буй улс төрийн тэмцэл зөөлөн байх магадлал тун бага юм. Хэрвээ Үндэсний фронтынх нь толгойд цэргийн генерал цолтон байж байгаад хурц ширүүн мөргөлдөөнд хүрэх аваас Олон улсын түвшинд Монголын нэр хүнд улам л муудах нигууртай. Б.Баярмагнайгийн хувьд ийм л төлсөөллөөр фронтоо удаан хугацаагаар орхихыг хүссэн болов уу. Энэ нь иргэдийн бас нэг хэсгийнх нь таамаг төдий зүйл юм шүү дээ. Тэр угаасаа хатуужил тэвчээрээр бол баргийн хүн барахааргүй эр юм шүү. Гэхдээ энэ удаа тэр гэр бүлдээ анхаарах амьдарлын шаардлага гэсэн тайлбартайгаар фронтоо орхиж байна. Үүнээс өөр элдэв юм хэлсэнгүй. Хожмын нэг өдөр харин мань эр илүү бодитой олон учир шалтгааныхаа талаар тоочин өчиж таарах биз ээ.
О.Баяр
Эх сурвалж: https://otgoocom.wordpress.com/
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.