Тэжээлийн дутагдалд орсон оюутан охины үхэл олны анхаарлыг татжээ

Twitter Print
2020 оны 01-р сар 15-нд 12:52 цагт
Мэдээний зураг,

Хятадын баруун өмнөд хэсэгт орших Гуйжоу мужид 24 настай коллежийн оюутан Юу Хуаяан хэмээх бүсгүй тэжээлийн дутагдлын улмаас нас барсан явдал олон нийтийн анхаарлыг татаад байна.

Гуйжоу мужийн коллежийн 3-р курсын оюутан Юу Хуаяаны эцэг эх нь хоёулаа нас барсан байсан ба тэрээр эрэгтэй дүүгийнхээ хамтаар амьдардаг байжээ. Тэрээр нийгмийн халамжийн шугамаар сард 300 юань авдаг байсан ч энэ мөнгөө сэтгэцийн эмгэгтэй дүүгийнхээ эмчилгээнд цуглуулдаг байсан аж. Хятадын төрийн өмчит Beijing Youth Daily сонинд бичсэнээр Юу Хуаяан хоол бараг иддэггүй байсан ба дан агшаасан будааг гэртээ бэлдсэн сүмстэйгээ хольж иддэг байжээ.

Гуйжоу мужийн Тонгрен хотын удирдлагаас гаргасан мэдэгдэлд Хуаяан өнгөрсөн 10-р сард хөл нь хавдсан гэх зовиуртайгаар эмнэлэгт хандсан ба тэрээр эмнэлэгт хэвтэх үедээ 135 см өндөр, 21.6 кг жинтэй байжээ. Тэрээр ахлах ангиасаа эхлэн хоолноос татгалзан, дан будаа идэж эхэлсэн аж. Эмч нарын тавьсан оношоор түүний зүрхний хавхлаг ихээр гэмтсэн байсан ба эмч нар түүний эмчилгээний зардалд 200 мянган юань шаардлагатай болохыг мэдэгджээ. Түүний тухай мэдээ олны анхаарлыг татаж, Хуаяан бүсгүйн эмчилгээнд хандив цуглуулах аян эхэлсэн аж.

Хандив цуглуулж байсан байгууллагад түүний эмчилгээний зардлаас нь 3 дахин их мөнгө цугларсан ч түүний биеийн байдал хүндэрч, өнгөрсөн даваа гарагт бүсгүй нас барсан байна. Хятадын цахим хэрэглэгчид хоол тэжээлийн дутагдалд орсон Хуаяаны үхэлд эрх баригчдыг буруутгажээ. Хятадын нийгмийн сүлжээ болох Weibo-д нэгэн хэрэглэгч, "2020 онд зарим хүмүүс одоог хүртэл хоол хүнсээр дутагдаж байгаа гэдэгт итгэж чадахгүй байна." гэсэн бол өөр нэг хэрэглэгч, "Ядуурлыг бууруулах ажил яаж явагддаг болохыг ойлгохгүй байна." гэжээ. Хятадын Ерөнхийлөгч Си Жиньпин 2015 онд ядуурлыг арилгаж, чинээлэг нийгмийг бүтээх үндэсний төлөвлөгөөг танилцуулж байсан билээ.

Chinese woman, 24, who lived on 20p a day dies in poverty after being forced to starve for five years to save money to treat her ill brother зурган илэрцүүд

Үүнтэй холбоотойгоор эрх баригчид ядуурлын эсрэг кампанит ажилд 775 мянган хүнийг томилсон юм. БНХАУ нь дэлхийн хоёр дахь том эдийн засаг бөгөөд Дэлхийн банкнаас мэдээлж байгаагаар 2018 онд Хятадын ДНБ нь 13.6 их наяд ам. долларт хүрсэн юм. Хятадын эдийн засаг өсөн дэвжихийн хэрээр томоохон хотууд болон хөдөө тосгонууд хооронд баян ядуугийн томоохон ялгаа үүсч эхэлсэн ба ОУВС-аас мэдээлж байгаагаар Хятадад 1990 онд баян ядуугийн ялгаа дунд зэргийн түвшинд байжээ. Харин одоо БНХАУ нь баян ядуугийн ялгаа хамгийн ихтэй улс орнуудын нэг болсон байна. Хятадын Үндэсний Статистикийн хорооноос гаргасан судалгаагаар 2018 оны сүүлээр Хятадад 16.6 сая хүн ядуурлын түвшнээс доогуур буюу жилд 2300 юаниас бага мөнгөөр амьдарч байжээ. 

Эх сурвалж: Dailymail

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn 

 

 

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.