ОХУ технологи, харилцаа холбоо, хөдөө аж ахуйн техникийн экспортоо зогсоолоо

Twitter Print
2022 оны 03-р сар 11-нд 15:00 цагт
Мэдээний зураг,

ОХУ-ын засгийн газар Ерөнхийлөгч Владимир Путины үүрэг болгосны дагуу 2022 он дуустал ОХУ-аас гаргахыг хориглосон бараа бүтээгдэхүүнийхээ жагсаалтыг гаргажээ.

Пүрэв гарагт гаргасан уг жагсаалтанд технологи, харилцаа холбоо болон эмнэлгийн багаж төхөөрөмж, тээврийн хэрэгсэл, хөдөө аж ахуйн техник, цахилгаан бараа зэрэг 200 гаруй бараа бүтээгдэхүүн багтсан байна.

Түүнээс гадна жагсаалтанд төмөр замын вагон, галт тэрэгний толгой, контейнер, турбин, төмөр болон чулуу боловсруулах машин зэрэг багтжээ.

Эдгээр бараа бүтээгдэхүүний экспортыг зогсоох нь ОХУ-ын зах зээлийн тогтвортой байдалд тустай хэмээн үзжээ.

Эдгээр бараа бүтээгдэхүүнийг зөвхөн Евразийн эдийн засгийн холбооны улс орнууд болон Абхаз, Өмнөд Осети руу холбогдох яамдын зөвшөөрлөөр гаргах аж.

Мөн зарим төрлийн модыг ОХУ-тай “найрсаг бус харилцаатай” орнуудад экспортлохыг хориглох шийдвэр өчигдөр гаргажээ.

Интерфакс агентлагийн өчигдөр мэдээлснээр Оросын засгийн газар Евразийн Эдийн Засгийн Холбооны гишүүн орнуудад үр тариа экспортлохыг гуравдугаар сарын 15-наас наймдугаар сарын 31 хүртэл хориглохоор төлөвлөж байгаа гэнэ.

Уг холбоонд Оросоос гадна хуучин Зөвлөлтийн бүрэлдэхүүнд багтаж байсан Армени, Беларусь, Казахстан, Киргизстан улсууд багтдаг.

Бас элсэн чихрийн экспортыг Евразийн Эдийн Засгийн Холбооны гишүүн бус улсуудад түр хориглох асуудал яригдаж байгаа аж.

Украинд эзлэн түрэмгийлэх дайн эхлүүлсэнтэй холбоотойгоор Өрнөдийн орнууд ОХУ-ын эсрэг эдийн засгийн олон тооны хориг арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байгаа.

Үүний хариуд Москвагийн эрх баригчид дотоодын эдийн засгаа хамгаалах арга хэмжээнүүдийг авч эхлээд байна.

Эх сурвалж: interfax.ry

Орчуулсан: Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.