Залуудаа тархиа “зулгаахгүй” бол хөгшрөөд махаа “зулгаана”

Twitter Print
2021 оны 09-р сар 11-нд 15:57 цагт
Мэдээний зураг,
  • Чөлөөт зах зээлийн эдийн засаг бүхий нийгэмд бүх хүн хүссэнээрээ орлого олох боломж байна. 

  • Өөрийн хөдөлмөрөөр баяжсан хүмүүсийг судлахад 65 хувь нь гурав, 45 хувь нь дөрөв, 29 хувь нь тав ба түүнээс дээш сувгаар орлого олдог болох нь тогтоогджээ. 

Магнайд нь зу­раас тодорч, санчиганд нь хяруу суусан 50 эргэм насны таксины жолоочтой хагас цаг хууч хөөрөв. Улс орны хөгжил, эдийн засгийн нөхцөл байдалд сэтгэл дундуураа илэрхийлэх Pri­us 20 машинтай жолооч ах “Би 26 жилийн турш гадаадад ажиллаж байгаад жилийн өмнө Монголдоо ирсэн. Насны залууд ч бодох санах зүйлгүй, олсон мөнгөө үрэн таран хийж, халгиж, цалгиж л явлаа.

Гэтэл нэг л мэдэхэд 50 хүрчихсэн, гавьяагүй, гоонь эр эх орондоо ирсэн. Ахад нь одоо зохиосон гэр бүл, цогцлоосон амьдрал, үрэх мөнгө, үнсэх үр алга. Цалгиж явахдаа цааш хий­сэн хэдэн “цаасаараа” энэ ма­шиныг аваад, одоо халтуур хийж амь зогоож байна. Залуудаа зоргоороо, ухаангүй амьдарс­ныхаа горыг насны эцэст үүрч яваа эр дээ би” хэмээн са­нааширна. Ах яриагаа үргэлж­лүүлэн “Залуу насандаа л ухаан­тай амьдрах хэрэгтэй юм билээ шүү. Надад мөнгө чухалчилж явсан үе байгаагүй. Үрэх гэж л олдог, хөдөлж, хөдөлмөрлөж байж өөрөөсөө харамлахгүй гэж сагсуурч, ёстой л гарын са­лаагаар доллар, юань, төгрөгийг урсгаж явсан омголон нөхөр.

Одоо л гэмших юм. Олон залуус над шиг алдах вий гэж сэтгэл эмзэглэдэг. Залуу нас богино юм билээ шүү дүү минь” хэмээх ахын хүүрнэл биднийг зорьсон газраа хүрэх үед өндөрлөв. Ид хав бүрдсэн идэр залуу насандаа ирээдүйгээ цогцлоож, санхүүгийн болон гэр бүлийн бат бөх байдлыг бий болгоорой гэсэн ахын захиасыг уншигчдадаа уламжлахын сацуу залуудаа орлогоо нэмэгдүүлж, олсноо зөв зарцуулах талаарх санхүүчдийн зөвлөгөөг хүргэж байна.

Орлогоо нэмэгдүүл

"Чөлөөт зах зээлийн эдийн засаг бүхий өнөөгийн нийгэмд хүн бүхэн хүссэнээрээ мөнгө олох боломж нээлттэй” хэмээн саятан Стив Сиболд хэлсэн байдаг. Санхүүгийн бат, бөх байдал бий болгох хамгийн эхний алхам бол орлогоо нэмэгдүүлэх юм. Мөн орлогын олон эх үүс­вэртэй байх нь амархан хө­рөнгөжих шалгарсан арга. Өөрийн хөдөлмөрөөр баяжсан хүмүүсийг судлахад 65 хувь нь гурав, 45 хувь нь дөрөв, 29 хувь нь тав ба түүнээс дээш сувгаар орлого олдог болох нь тогтоогджээ.

Мөн нэмэлт эх үүсвэрийн ихэнх нь түрээс, хувьцааны зах зээл дэх хөрөнгө оруулалт, мөн бизнесийн хамтын эзэмшил зэрэг байсан аж. Гэхдээ үүнд багагүй хөрөнгө шаардлагатай. Хэрэв та одоогоор тийм боломжгүй бол өөрийгөө чадавхжуулахад анхаарлаа хандуулж, чадвараараа мөнгө олоорой. Тухайлбал, хэлний болон компьютерын мэдлэгээ сайжруулан орчуулга, дипломын ажил, бие даалт зэрэг хийж, мөнгө олох нь орлогын нэмэлт суваг юм. Мөн таны эзэмшсэн чадвар мөнхийн хөрөнгө оруулалт учир хөдөлмөрийн зах зээлд үнэлэгдэн, үнэ цэнтэй нэгэн байхын тулд алхам бүртээ өөрийгөө хөгжүүлээрэй. 

Өөртөө хөрөнгө оруул

Мэдлэгийн цар хүрээгээ нэмж, шинэ мэдээллээр өөрийгөө үр­гэлж “цэнэглэж” байх хэрэгтэй. Салбартаа хамгийн шилдэг нь байх зайлшгүй шаардлагагүй ч санхүү, эдийн засаг, улс төр, спорт гэх зэрэг аль ч салбарын хүнтэй, ямар ч сэдвээр яриа өрнүүлэх чадвартай байх нь та­нилын хүрээ тэлэх, өөрийгөө хөгжүүлэх зэрэг олон зүйлд эерэг нөлөө үзүүлдэг. 

Хувийн санхүүгийн төсөв зохиох 

Орлого зарлагаа урьдчилан тө­лөвлөж, санхүүгийн байдалдаа хяналт тавиарай. Мөн сугалаанд мөнгө хожих, татварын буцаан олголт зэрэг төлөвлөөгүй орло­го таны дансанд орж ирсэн бол санхүүгийн төлөвлөгөөгөө ши­нэчлээрэй. Тухайлбал, нэмэлт орлогоо байрны төлбөр, хадга­ламж зэрэгтээ зарцуулах нь ухаалаг сонголт юм. Ихэнх хүн төлөвлөөгүй мөнгө олсон үедээ зохиомол хэрэгцээ бий болгодог. Гэнэт мөнгөтэй болмогц үнэртэй ус, өнгийн шаахай өмсөхийг хүсэж, үнэтэй хоол идмээр санагддаг. Гэсэн ч энэ нь түр зуурын сэтгэл хөдлөл учир мөнгөө ирээдүйдээ зориулан хадгалаарай.

Өр, зээлээ төлөх 

Тогтмол хадгалж, хөрөнгө оруулж эхлэхийн өмнө хуримт­луулсан өр зээлээ төлж эхлэх нь зөв. Их хэмжээний зээлийн хүү таны мөнгийг “хумсалж” байдаг. Мөн сар бүр төлөх мөнгө үндсэн орлогыг бууруулдаг бөгөөд торгуулийн хуримтлал ч мөн өр, зээл юм. Тиймээс хадгаламждаа мөнгө хийхээсээ урьдаж, бүх өр зээлээ төлж барагдуулаарай. Хэр эв их хэмжээний зээлтэй бол зээл төлөхдөө орлогынхоо багагүй хувийг зарцуулах нь зөв. Ин гэснээр 50 нас хүрэхдээ өргүй, хөрөнгөтэй байх болно.

Эрсдэл гаргах

Та залуу байна. Таны өмнө цаг хугацаа байна. Тиймээс эрсдэлтэй боловч их орлого авчрах зүйлд хөрөнгө оруул. Ажлаасаа гарч хувийн бизнес эхлүүлэх талаар бодож болно шүү дээ. Хэрэв байдал буруугаар эргэвэл засах завсарлага аваарай. Ихэнх хүн эрсдэлгүй замаар явахыг илүүд үздэг. Хэрэв та энэ цуваанаас тасрахыг хүсч байвал шинэ, таагүй зүйлсийг туршиж үзэх хэрэгтэй. Дэлхийн тэрбумтнуудын олонх нь эрсдэлтэй нүүр тулж байсан төдийгүй амжилтад хүрэхийн өмнө уналт, босолтын аль, алиныг мэдэрсэн байдаг.

Тэрбумтнууд хэдэн насандаа баяжиж байсан бэ?

-Фэйсбүүкийг үн­дэслэгч Марк Цукерберг, 2008 онд буюу 23 насандаа хамгийн залуу тэр бумтан болж байжээ.

-АНУ­ын бизнесмэн, Майкро­софт компанийг үүсгэн байгуулагч Билл Гейтс, 1987 онд буюу 31 насан­даа хамгийн залуу тэрбумтнаар тодорч байсан. Тэрбээр 1997 оноос хойш дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтыг тэргүүлсээр байгаа юм.

-Spanx-ийн үүс­гэн байгуулагч Са­ра Блейкли анх 41 насандаа буюу 2012 онд тэр­бумтан болсон. Тэрбээр Спанксийг 100 хувь дангаараа эзэмшдэг бөгөөд хамгийн анхны эмэгтэй тэрбумтнуудын нэг билээ.

Эх сурвалж: Засгийн газрын мэдээ сонин 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.