Монгол логик

Twitter Print
2015 оны 10-р сар 01-нд 15:27 цагт
Мэдээний зураг,

Логик бол сэтгэдэг хүмүүсийн бурхан гэдэг. Монголчууд өөрсдийгөө бурхан гэж боддог юм шигээ. Хаа л бол хаа “Монгол ухаан, монголчлох ухаан, өндөр IQ-тэй ард түмэн, юуг ч түргэн сурдаг ард түмэн, аугаа ард түмэн, тэнгэр гаралтай ард түмэн” гэж ирээд л  өөрсдийгөө магтаж байх юм. Тэгвэл бид хүн төрөлхтөнөөс өөрөөр сэтгэдэг буюу Аристотелийн логикоос өөрөөр сэтгэдэг байж таарна. Ингээд бодоод байхаар монгол хүний сэтгэхүйн онцлог бусдаас их өөр юм шиг хааяа санагддаг. Гэсэн хэдий ч “тэмээ туйлаад тэнгэрт гарахгүй” гэдэг шиг ямар ч хувилбараар бодсон Аристотелийн логикийн хүрээнд буцаж бууж ирж л таараа. Үүнээс өөр логик лав газарт байхгүй.

Монгол хүний хоёр үнэн

Бүхий л эрүүл сэтгэлгээний үндэс бол логикийн үндсэн дөрвөн хууль байдаг. Эдгээрийн хамгийн гол үндсэн хууль нь зөрчилгүй сэтгэх тухай хууль. Үүнийг хамгийн хялбараар “Үгүйсгэлцсэн хоёр бодол нэг агшинд зэрэг үнэн байж болохгүй, аль нэг нь үнэн, нөгөө нь худлаа” хэмээн илэрхийлж болдог. Жишээ нь таны энэхүү өгүүллийг хувьд уншиж буй яг тэр агшинд чинь “Одоо нар гийж байна, одоо нар гийхгүй байна” гэсэн эсрэг тэсрэг бодлийн аль нэг нь үнэн, нөгөө нь худал байж таараа. Хэрвээ та шөнө уншиж байвал “одоо нар гийхгүй байгаа нь үнэн, нар гийж буй тухай бодол нь худал” болж таарна. Харин өдөр уншиж байвал эсрэгээрээ байна. Монгол хүний сэтгэлгээнд ийм зөрчилгүйн хууль үйлчилдэг эсэх нь эргэлзээтэй. Материаллаг ертөнцийг тусгаж буй сэтгэлгээний хувьд энэхүү хуульгүйгээр эрүүл, зөв сэтгэхүйн тухай яриа байхгүй нь бараг л төгс үнэн.  Гэтэл монгол хүн зөрчилтэй байх ёстой мэтээр сэтгэдэг онцлогтой ажээ.

Дээрх жишээг япон, солонгос ч юмуу европ хүмүүсийн хамт монгол хүнд  хэллээ гэхэд монгол хүнээс бусад нь “Тиймээ зөв” гэж хүлээн зөвшөөрнө. Харин монгол хүний хувьд “Ийм хоёр бодол зэрэг үнэн байж болноо” буюу  “Хэрвээ үүлтэй бүрхэг өдөр байвал энэ хоёр бодол зэрэг үнэн байж болно” гэж бусад үндэстэнүүдээс өмнө бодож олоод мэтгэлцэх гэнэ. Энэ нь монгол хүн ухаантай гэсэн үг биш төдийгүй зүгээр л тэрхүү зүйлийн нарийн логик үндсийг бодохоосоо өмнө ерөөсөө хүний хэлсэн юмны эсрэгээр эхэлж сэтгэдэгээс болон монгол хүний “Би бусдаас ухаантай тул энэ муугийн бодож байгаагаас яавал өөрөөр бодож өөрийг нь эргэж унагах вэ ?” гэж боддог стандарт бус сэтгэлгээтэй нь холбоотой.

Энэхүү сэтгэлгээний онцлог нь “Монгол хүн логик IQ өндөртэй юм шиг, зөрчилтэй бодлуудын хоорондох өөр нэг уялдаа холбоог олж чаддаг онцгой чадвартай” юм шиг өнгөц харагдах ч үнэн хэрэг дээрээ нэгэн төрлийн төөрөгдөл, арга заль төдий юм.

Логикийн хэлээр бол софист хандлага (үндэслэлгүйгээр цэцэрхэх, үгээр наадах) билээ. Хэдий үүлтэй бүрхэг өдөр нар гийж буй нь нүдэнд харагдахгүй байгаа ч ярьж буй тэр хугацаа нь өдрийн цаг л юм бол үүлний цаана нар гийж л байгаа хэрэг шүү дээ. Тэгэхээр монгол хүний бодож олсон энэхүү хувилбар нар “Гийж байгаа нь үнэн, нар гийхгүй байгаа нь худал” гэсэн зөрчилгүйн хуулийн хүрээнд нь эргэж шийдэгдэж байна.

Логикийн шинжлэх ухааны үндэс суурийг тавигч (энд зөвхөн шинжлэх ухааны тухай л ярьж байгаа шүү. Логикийг бол магадгүй аугаа байгаль, бурхан бүтээсэн биз) Плато аль эрт логик бол материаллаг ертөнцийн шууд тусгал боловч материаллаг бус, санаанаасаа хийсвэрлэсэн ойлголтуудын хоорондох уялдаа холбоо, зүй тогтлыг судалдаг тухай хэлчихсэн байдаг. Тэрээр “Бодис юмсыг харж болно, сэтгэж болохгүй. Харин санааг сэтгэж болно, харж болохгүй” гээд тэрхүү “Харж болохгүй, сэтгэж болох санааг судалдаг ухааныг логик” хэмээн ойлгосон байдаг. Монгол хүний зөрчил байх тухай сэтгэлгээ бол материаллаг ертөнцийн харагдах бодит юмсыг зөвхөн сэтгэж л олох санааны ойлголтуудтай хольж хутгасан төөрөгдөл төдий сэтгэлгээ юм. Логик бол санааны ойлголтуудын хоорондох уялдаа холбоо болохоос монгол хүнийх шиг нүдэнд харагдах үүлээр халхлагдан харагдахгүй байгаа нарны үзэгдэх байдлын тухай  өнгөц бодол төдий биш юм.

Монгол хүний зөрчилтэй сэтгэх тухай сэтгэлгээ нь нийгмийн амьдралын бүхий л хүрээнд ил тод ажиглагдана. Жишээ нь: Америк хүмүүс “Татвар төлөх, үхэх хоёр үнэн” гэж гүн бат итгэсэн байдаг тухай яриа бий. Харин монгол хүн энэ тухай “Татвар төлөх лав худлаа, үхэх харин үнэн байж магад” гэж бодно. (Буддизмын номлолыг хэрэглэвэл үхэхгүй эргэж төрж ч болно). Энэ хоёрын хооронд их ялгаа байгаа биз. Угтаа бол логикийн хувьд америк хүний болон монгол хүний дээр өгүүлсэн бодолд ямар ч зөрчил байхгүй юм. Энэ тухай “Монгол хүмүүс арай л буруу бодсон нийгмийн ухамсаргүй сэтгэлгээ” гэж америк хүн хэлэх бол “Америкчууд тэнэг болохоороо л татвараас бултах аргаа олж чадахгүй байгаа байх, ямар нэг бултах арга байж л таараа” гэж монгол хүн бодно. Америкийн хөгжлийн нууц, америк хүний нийгмийн ухамсар чухамдаа зөрчилгүй сэтгэлгээний үндсэн дээр тогтон төлөвшсөн байдаг. Харин монгол хүн заавал зөрчил байгааг нь олох ёстой, тэрнээс өөртөө ашигтайг нь олох хэрэгтэй, нийтийн эрх ашиг хэнд хамаатай юм бэ? гэсэн дорд сэтгэлгээн дээр үндэслэн тогтдог. Яагаад дорд вэ? гэвэл өөрөө тэр “нийт” гэдэгтээ багтан ордог гэдгээ ухамсарлахгүй байгаа явдал юм.

“Татвар төлөх нь үнэн”, “Татвар төлөхгүй нь үнэн” гэсэн хоёр үнэн байхгүй тул америк хүмүүс нэгийг нь сонгоод үйлдлээ хийгээд явж байна. Ер нь өндөр хөгжилтэй орнуудад ийм нийгмийн сэтгэлгээний хэв маяг амьдралын хэвшил болон тогтсон  байдаг. Харин монгол хүний хувьд Татвар төлөх, төлөхгүй хоёрын хоорондох гуравдахь хувилбар заавал бий гээд эрж хайгаад явж байна.

Зөвхөн энэ асуудлын тухайд ч биш ер нь ямар асуудал байсан ч ингэж боддог сонин хүмүүс юм бид. Бидэнд хоёр үнэн байна. Олчихоод болж бүтэж байна ч гэж итгээд байгаа. Татвараа үнэнээр нь төлдөг хүнийг монголчууд ямар тэнэг нөхөр вэ? гэнэ. Татварын албанд санхүүгийн тайлан өгдөг монгол  хүмүүс бараг бүгд хуурамч тайлан өгдөг. Татвараа ч худлаа төлдөг. Нийтийн эрх ашгийн асуудал дээр ингэж хандаж  хоёр үнэнтэй болчихож байгаа  ч өөртөө бол нэг л үнэнтэй байж таараа. “Нийтийн эрх ашгийг бодно гэдэг бол угтаа өөрийгөө бодож буй хэрэг” гэсэн энгийн логикийг монгол хүн одоохондоо лав ойлгохгүй л байна.

Энэхүү хуурамч тайлан бол нөгөө монгол логикоор бодож олсон гуравдахь хувилбарын бодит жишээ болсон үйлдэл билээ. Санхүүгийн хуурамч тайлан бол татвар төлөөд ч байгаа юм шиг, төлөхгүй байгаа ч юм шиг нэг тийм гурав дахь хувилбар юм. Энэхүү санхүүгийн сэтгэлгээний гажуудал монголд бизнес хийдэг гадаадын хүмүүст халдаад олон жил болсон нь нөгөө “Монголжсон хүн” гэдэг ангилалд багтах болжээ. Тэд монголд ирэхээрээ бодлын зөрчлийг хүлээн зөвшөөрөөд Монголоос гадна бол зөрчил байх ёсгүйг зөвшөөрдөг ажээ. Яагаад вэ? цэцэрлэгийн хүүхэд  (хүн 8 наснаас дээш оюун дүгнэлт хийж чаддаг болдог логикийн хөгжлийн хувьд) ч  хариулчихна.

Ийм л сэтгэлгээгээр бид хандаж ирсэн, одоо ч ийм байна, цаашдаа яахыг харин би хэлж мэдэхгүй байна. Аристотелийн логикт лав байдаггүй зөрчилтэй сэтгэх тухай бараг л шинэ хуулийг монгол хүн томьёолоод бүүр хэрэглээг нь гаргачихаад байх шиг байна.

Монголчлох

Монгол ухаанаар техник технологид хандах хандлагыг монголчлох гэдэг юм шиг байгаа юм. Юмыг шинэ биш өөр юмаар орлуулан техникийн шаардлагын дагуу биш хийхийг монголчлох гэж ойлгодог. Жишээ нь монгол хүмүүсийн ихэнхи нь (бараг л эмэгтэй хүмүүс ч чадна даа) цахилгааны монтаж, цахилгаан хэрэгслэлийг өөрсдөө засаж янзалчихдаг. Бүүр болохгүй бол л цахилгаанчин мэргэжлийн хүмүүс дуудахаас ихэнхи нь эхний ээлжинд өөрсдөө л оролдож үзнэ. Би ч гэсэн ийм хүний нэг. Гэрийн зарим цахилгаан хэрэгсэл, гэрэл чийдэн, ойр зуур унтраалга, залгуурын болохгүй байгаа юмыг цахилгаанаас нь салгаж байгаад янз бүрийн юмаар орлуулаад засаж орхидог. Ингэхгүй бол намайг эхнэр арчаагүй, арчаатайгаар минь дуудаад “Монгол ухаангүй” гэж загнах болно.

Машин, механизм, цахилгаан хэрэгсэл, үйлдвэрлэлийн техник хэрэгсэл гээд боломжтой юм бүхнийг л монголчлодог доо бид. Муу нь ч юу байхав. Мэргэжлийн хүн дуудаад хүлээгээд цаг алдаж байхаар бас хөрөнгө мөнгө хэмнээд ажил хэргээ явуулаад болж л байгаа юм. Гэхдээ монголчлох бол нөгөө утгаараа тухайн техник, технологийг эвдлэх гэсэн үг юм. Солих ёстой яг таардаг сэлбэгийг нь тавихгүй өөр юмаар орлуулан түр ажиллуулдаг болгоно гэдэг бол тэр зүйлийг дахин хийх боломжгүй болгож буй хэрэг. Нэг монголчлохоос хоёр монголчлох аргагүй л болно.

Эндээс бас л нөгөө зөрчилтэй сэтгэдэг сэтгэлгээний үнэр ханх татаад байгаа юм. “Болно, болохгүй”, “Чадна чадахгүй” гэсэн зөрчилт сэтгэлгээний хоёуланг нь зөвшөөрч буй хэлбэр бол чухамдаа монголчлох сэтгэлгээ юм. Япон ч юмуу Америк хүнээс “За энэ эвдэрсэн юмыг өөрийн бололцоогоо ашиглаад засаад орхи” гэвэл юу гэх бол.

Байн байсаар техникийн монголчлох сэтгэлгээ  буюу “Чадахгүй юм байхгүй, чадах юм байхгүй” гэсэн сэтгэлгээ нийгэм, улс төр, эдийн засгийн хүрээнд ч тархаж байна. Өндөр хөгжилтэй орны засаглалын хэлбэрийг монголчлох, ардчилалыг монголчлох, хэвлэл мэдээллийг монголчлох, боловсролын тогтолцоог монголчлох  гээд  шинэ шинэ үзэгдлүүд нэгэнт бий болжээ. “Юмыг муу болгон өөрчилж байснаас сайн дуурайсан нь дээр” гэсэн Мао Здуны хятадчилах бодлого монголчлох сэтгэлгээнээс хавьгүй дээр юм. Түүний зааснаар явсан өнөөдрийн Хятадын эдийн засгийн хөгжлийг хэн ч харсан буруу байж гэхгүй байх.

Ардчилал бол хүний эрх, эрх чөлөөг хамгаалдаг засаглалын тогтолцоо юм. Хамгийн сонгодог хэлбэрээ АНУ-д олж хэлбэржин тогтжээ. Тэнд төр засаг нь төр засаг шиг, ард түмэн нь ард түмэн шиг байна. Харин монголчилсон ардчилсан төр хүний эрхийг хамгаалаад ч байгаа юм шиг хүний эрхийг нь хохироогоод ч байгаа юм шиг, ард түмэн нь үүргээ биелүүлээд ч байгаа юм шиг, юу ч биелүүлэх хүсэлгүй ч юм шиг  хоёрдмол утгатай байгаа нь бас л нөгөө зөрчилтэй сэтгэдэг монгол логикийн буруу юм.

“Ямар ард түмэн байна. Яг тийм төр засаг байдаг” хэмээн Достоевский хэлсэн шиг бид хоёр үнэнтэй улс төрчдийг сонгож төр засгаа бариулж байна. Учир нь бид өөрсдөө хоёр үнэнд дуртай, монголчлох дуртай ард түмэн юм байна. Монголын улс төрд шударга шулуун, хоёр биш нэг үнэний төлөө явдаг тийм зоримог улс төрч нэг ч алга байна. Эсвэл байгаа ганц нэг нь товойж харагдахгүй байгаа ч юм уу бүү мэд. Бүгд л адилхан “Өөрийгөө бодоод улсаа хаях, эсхүл улсаа бодоод өөрийгөө хаях”  гэсэн хоёр утгын аль нэгэнд нь өөрийгөө орчихсон гэдгээ хүлээн зөвшөөрөхгүй  аль алийг нь баримталж байна гэж ярьдаг болжээ. Энэ нөгөө л монгол хүний хоёр үнэний тухай сэтгэлгээний илрэл бөгөөд улс төрчид бүгд л нүүрэн дээрээ улсаа бодсон хүмүүс нидэр дээрээ амиа л хичээсэн хүмүүс төдий байна. Учир нь энийг бичиж буй би ч, энийг уншиж буй та ч, бид бүхэн бүгдээрээ амиа л хичээсэн амьтад төдий байна даа. Хүн бусдыгаа боддогоороо л амьтанаас ялгаатай шүү дээ уг нь. Өөрийгөө биш бусдын эрх ашгийг бодож улс төр хийсэн хүн түүхэнд нэрээ үлдээж “Аугаа хүн” хэмээх эрхэм хүндийг хүлээдэг.

“Монгол ухаанаар бодно” гэдэг бол аливаа юмыг монголчилж сурах явдал бол “Монголжино” гэдэг бол гадаадын хүн урьд нь хэзээ ч бодож үзээгүйгээрээ сэтгэх буюу  зөрчилтэй байж болно гэж сэтгэж сурах явдал юм.

Үнэний олон утга ба нэг үнэн

Монгол хүний логикийн ийм онцлогийг формал логикийн түвшинд буюу хоёр утгат логикийн хүрээнд “Зөв зүйтэй, сайн сайхан зүйл” гэж хүлээн зөвшөөрөх нь учир утгагүй юм. Хүлээн зөвшөөрвөл эрүүл саруул ухаан сөнөн мөхөөд учир холбогдол нь мэдэгдэхгүй хоас байдал бий болно. Монголын нийгэмд өдгөө тохиолдоод буй утга учир нь үл олдох үзэгдэл, үйл явцуудыг тайлах нэгэн түлхүүр зөрчилгүй байх тухай логикийн энэхүү хууль байж ч мэднэ.

Харин математик логикийн онолын асуудлуудын хүрээнд бол асуудал сонирхолтой байж мэднэ. Зөрчилгүй сэтгэх тухай хууль формал буюу хоёр утгат логикийн хүрээнд л үйлчилдэг. “Үнэн, худал” гэсэн хоёр утга байх тухай логикийг элементар буюу формал логик гэдэг. Аристотелийн үндэслэж бий болгосон энэхүү формал логик бараг л 3000 жил ноёрхсоор байна. Хэн ч үүнийг сууриар нь өөрчилж чадаагүй билээ. Харин онолын хувьд үнэний  утга заавал хоёрхон байх ёстой гэж үздэггүй л дээ.

1920-иод онд Польшийн логикч Ян Лукасевич гурван утгат логикийг бий болгосоноор “Үнэн, худал” гэсэн утгуудын зэрэгцээ “Тодорхойгүй” гэсэн утгыг сэтгэхүйн ухаанд оруулж ирсэн байдаг. Гэсэн хэдий ч энэ нь зөрчилтэй байхыг хүлээн зөвшөөрч байгаа хэрэг биш бөгөөд онолын түвшний асуудлуудыг шийдвэрлэхэд энэхүү утга тодорхой математик загварчлал бий болгох үндэс болдог. Жишээ нь: ”Ертөнц төгсгөлтэй, ертөнц төгсгөлгүй” гэсэн хоёр бодлын аль үнэн, аль нь  худлыг  тогтоох бололцоо өнөөгийн шинжлэх ухаанд байхгүй байгаа тул “Тодорхойгүй” гэсэн утга хэрэглэхээс өөр аргагүй байна.

Эндээс “Магадлалтай” гэсэн утга бий болж логик сэтгэхүй өргөтгөгдөн дөрвөн утгат логик бий болдог. Жишээ нь:  “Ертөнц төгсгөлтэй гэдэг нь үнэн, төгсгөлгүй гэдэг нь худлаа” гэсэн үндэслэл үнэний магадлалтай эсрэг үндэслэл нь магадлал муутай гэж сэтгэж болох бөгөөд туршилтаар батлагдсаны дараа “Үнэний магадлалтай” гэдэг нь үнэнд улам бүр дөхсөөр сүүлдээ үнэн болж хувирах үйл явц байж болох юм гэх мэт.

Энэ мэтээр өнөөдөр математик логикт N утгат логик байх боломжтой гэж үзэж байгаа. Гэхдээ хичнээн утгатай логик байлаа ч эцсийн дүндээ “Үнэн, худал” гэсэн хоёр утганд шингэх учиртай. Мөн “Ямар ч логик эргэцүүлэл дотооддоо логик зөрчилгүй байж л сая боломжтой байна” гэж математик логик үздэг. Энэ утгаараа хоёр утгат логикийн хуулиуд дээр үндэслэн олон утгат логик бий болдог. Хоёр утгат логикийн хуулиудын эсрэг цоо шинэ өөр логик гэж байхгүй.

Монгол хүмүүсийн нэг онцлог бол хоёр утгат логикт үлэмж тодорхой үндэслэлүүд байсаар байхад нь гурван утгат логикийн үндэслэлүүдийг түүнтэй зэрэгцүүлэн тавьдаг онцлог байна. Үүнийг сайн гэхээсээ муу сэтгэлгээ гэх нь зөв байх. Учир нь гурван утгат логикийн “Тодорхойгүй” гэсэн утга шинжлэх ухаанаар тогтоогдох бололцоогүй, хүний хоёр утгат логикийн үндэслэлүүд хүрэлцэхгүй тийм зүйлүүдэд л хэрэглэдэг математик загварчлал юм.  Үүнийг энгийн хоёр утгат логикоор шийдэгдэхасуудлуудтай холж хутгах нь төөрөгдөл төдийгүй эсвэл “Муу юмандаа сайн үндэсний заль мэх”  гэж хэлж болох юм.

Дээр өгүүлсэн “Хэрвээ та тухайн ямар нэг нийгэмд амьдарч л байгаа бол татвар төлөх нь үнэн, татвар төлөхгүй гэдэг нь худлаа” гэсэн  шийдэгдэх боломжтой асуудлыг “Хэрвээ та ертөнцийн нэг хэсэг болох дэлхий дээр амьдарч л байгаа бол ертөнц хязгаартай нь үнэн, хязгааргүй нь худлаа эсвэл хязгаартай нь худлаа, хязгааргүй нь үнэн” гэсэн шийдэх боломжгүй асуудалтай хольж хутгах нь агуулгын хувьд худал, хэлбэрийн хувьд зөв биш юм.

Хэдий онолын хувьд үнэний олон утга байж болох ч эцэстээ бидэнд хамгийн тодорхой, зөв мэдлэг өгөх сэтгэхүйн хэлбэр бол хоёр утгат логик юм. Олон утгат логик бол хоёр утгат логикийн хууль дүрэм журмын дагуу хийж буй логикийн өргөтгөл юм. Эцсийн эцэст  “Үнэн, худал” гэсэн хоёр утгын аль нэгийг тогтоох нь шинжлэх ухааны эрхэм зорилго юм. Энэхүү утгууд шууд мэдэгдэхгүй танигдахгүй байгаа тохиолдолд л олон утгуудыг загвар болгон ашигладаг. Энэхүү тогтоосон үнэн нь цорын ганц бөгөөд бидний амьдралын олон үйл явдал, үйл явцад практик ач тусаа өгч байдаг.Жишээ нь: Бид харанхуй болох  бол дэлхийн эргэлдсээр үүсч буй дэлхийн сүүдэр тусах үзэгдэл, маргааш болохоор сүүдэр нь арилж, ахиад нартай болно гэдгийг мэддэггүй байсан бол маргааш нар мандана гэдэгт итгэлгүй байж, айж сүрдэж юу ч хийж мэдэх байсан бизээ. Үүнтэй адил монгол хүмүүс сэтгэлгээний өвөрмөц нэгэн гажуудал болсон аливаа үзэгдэл, үйл явц зөрчилтэй мэтээр сэтгэдэгээсээ салж, үнэн худлын аль нэг утганд л шингээхийг зорих нь хамгаас  чухал юм. Эцсийн дүндээ аливаа сэтгэхүй энэ хоёр утгын аль нэг нь л болж хувирдаг. Хоёр үнэн гэж байх бололцоогүй юм.

Монголчуудын логикийн ийм хандлага олон шалтгаантай байж болно. Нэг талаас оюуны итгэлцүүр сайтай болохоор аливаа юмыг маш олон талаас нь гэхдээ нийгмийн амьдралын ороо бусгаа байдлаас болоод өөрт ашигтай талаас нь харж чаддаг овжин байдлаас хамаарч байгаа байх. Нөгөө талаас монгол хүмүүсийн материаллаг баялагын хомсдол, шинжлэх ухааны мэдлэггүй байдал, сэтгэлгээ ядмаг байдлаас үүдэлтэй байж болох юм. Бид өөрсдийгөө “нийтээрээ бичиг үсэг тайлагдсан, боловсрол өндөртэй” гэж бодож явдаг нь үнэн хэрэгтээ “ямар ч шинжлэх ухааныг гүн гүнзгий судалдаггүй, гэгээрээгүй, амиа хичээсэн хамтач биш” гэдэгтэй хүн бүр санал нийлэх бизээ. Энэ зан чанарыг угсаатан зүйн шалтгаантай, хүн ам цөөнөөс болж буй  мэт тайлбарууд хийх нь өрөөсгөл юм. Учир нь соц үеийн өмнөх болон соц үеийн монгол хүн, зах зээлийн монгол хүн хоёр нийгмийн тогтолцооноосоо хамаараад маш их өөр харагдаж байна.

Монгол хүний хөгжилд хамгийн ихээр саад болж буй бол энд өгүүлсэн монгол хүний логикийн буруу хандлага юм. Энэ хандлага бол сүүлийн 20 гаран жилийн хугацаанд бидэнд бий болсон засвал зохих зүйл юм. Бид хүн төрөлхтөнөөс илүү биш, аугаа бол бүр ч биш, өөр биш бас дутуу ч биш яг адилхан хүн. Тэр ч байтугай нийгэм, улс төр, эдийн засаг, соёл боловсрол, техник технологийн талаасаа олон жилээр хоцорч яваа хүмүүс. Харин тэднээс зөрчилгүй зөв сэтгэхийн зөвийг суралцах хэрэгтэй. Ингэвэл бидэнд сэтгэхүйн болон материаллаг хөгжил дэвшил гарцаагүй ирэх болно.

Монголчуудын “Өөх ч биш булчирхай ч биш” гэдэг хэлц үг бол нэг л үнэн байх хэрэгтэй гэсэн санаа юм. Монгол логик гэж байхгүй л дээ угтаа бол.

Ё.Энхбаяр (Философич)

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (202.61.97.81) 2015-10-02 09:36
      • 0
      • 0

      Миний хувьд тэгтлээ санал нийлэхгүй л юм байна. Монгол хэл бол утгын хэл, нэг үгээр маш олон утгыг илэрхийлж болдог дээр нь аялга нэмэгдэхээрээ бүр ч олон утга илэрхийлдэг. (яг л за гэж байгаа нь үгүй болж сонсогддог шиг) Дээр нь аливааг үнэлэх хэмжүүр нь их өөр байдаг барууныхан бол зөвхөн тодорхой мөнгөн дүнгээр л хэлчих гээд байдаг, Монголчууд бол сэтгэл ханамж гэх мэтээр л илэрхийлж байдаг (жишээ нь 1 талхыг би 1000₮ гэхэд маш хямд талх байна гээд таатай нь аргагүй иддэг байхад 5000₮ -р талх аваад хямдхан юм гээд надаас илүү таашаалтай иддэг хүн бас байнаа байна) Гончигдоржийн чинь хувьд 1990 онд доктор авсан бодолт нь 2000-аад оны дундуур худлаа гэдэг нь батлагдаад онигоо болсон шдээ хө.

      Хариулах