Даатгалд өрсөлдөөн бий болох нь ашигтай юу?

Twitter Print
2015 оны 11-р сар 09-нд 13:23 цагт
Мэдээний зураг,

Эрүүл явбал эрхэм баян гэдэг. Эрүүл амьдрал бол хүний хамгийн үнэ цэнэтэй, амжилтанд хүргэх түлхүүр байдаг. Өөрийн эрүүл мэндээ хайрлаж хамгаалж, өвдсөн үедээ санаа зоволтгүй эмнэлэгийн тусламж үйлчилгээг авч чадаж байж амжилтанд хүрэх зам дардан байдаг. Өвчин гэдэг хэлж биш хийсч ирдэг. Өнөөдөр эрүүл саруул ажлаа хийгээд явж байсан ч маргааш нь урьд нь төсөөлж байгаагүй өвчин туссан байхыг үгүйсгэх аргагүй. Ялангуяа манай орон шиг эрс тэс уур амьсгалтай, хүнсний аюулгүй байдал найдвартай хангагдаагүй, агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрсэн бол эрүүл амьдарна гэсэн баталгаа үгүй.

Монголчуудын эрүүл мэнд лам нараас европ эмнэлэгийн гарт шилжсэнээр анагаах ухааны салбарт нэгэн дэвшилт болсон. Энэ тухай Сэрэлт кинон дээр тодорхой үзүүлдэг. Социализмын үед улсаас иргэдийн эрүүл мэндийн асуудлыг бүрэн хариуцдаг байлаа. Та өвдсөн бол харьяа эмнэлэг дээрээ очоод л ямар ч үнэ төлбөргүй эмчлүүлнэ. Гэтэл засаг солигдож тэртээ 80 гаруй жилийн өмнө Солийн Данзангийн хэлсэн “Баяжигтун” уриа утгаараа хэрэгжиж хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөж амьдрахын төлөө, хөрөнгөжихын төлөө уйгагүй зүтгэж эхэлжээ. 2010 онд  Монгол улс  ядуу орны жагсаалтаас хасагдаж, 2013-оны байдлаар нэг хүнд ноогдох ДНБ 4000 долларт дөхөж очлоо.

Нэг зүйлийг олж авахын тулд нөгөө зүйлээ золиослодгын сонгодог жишээ бол хангалуун амьдралын төлөө эрүүл мэндээрээ дэнчин тавих явдал юм. Шургуу хөдөлмөрлөсөн хөрөнгөө орхигдсон эрүүл мэнддээ зарцуулах нь үхлийн тойрог мэт. Үүрэг юм шиг сөхөрч унатлаа мөнгө цуглуулаад, хэдэн жилийн хойно алдсан эрүүл мэндээ нөхөх гээд түүнийгээ эргүүлээд зарцуулж анхны байрлалдаа очих нь юутай харамсалтай. Энэ үхлийн тойргын гол хөдөлгүүр нь манай даатгалын систем гэдэгтэй энгийн иргэд ч тэр, энэ чиглэлийн мэргэжилтнүүд ч тэр санал нэгтэй байдаг.

Өнөөдөр ажил хөдөлмөр эрхэлдэг, 600,000 төгрөгний дундаж цалинтай Дорж жилд 288,000 /байгууллагаас 144,000₮, цалингаасаа 144,000₮/ төгрөгийг эрүүл мэндийн даатгалын хураамжид төлж байна. Харин 0-16 насны хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, өндөр настан, нярай хүүхдээ асарч байгаа эхчүүд, хорих ял эдэлж байгаа ялтан зэрэг хүмүүсийн шимтгэлийг сард 670, жилд 8040 төгрөгөөр тооцон төр хариуцдаг. Нөгөө 288,000 төгрөгний хураамж төлдөг Дорж шиг ажил орлоготой хүмүүс эрүүл мэндийн даатгалын сангийн 83.5 хувийг бүрдүүлдэг ч нийт гарч буй зардлын дөнгөж 17.1 хувьтай тэнцэх хэмжээний л эрүүл мэндийн үйлчилгээг авч байна.

Гэтэл эсрэгээрээ төр хариуцах иргэд эрүүл мэндийн даатгалын сангийн 12.6 хувийг бүрдүүлдэг хэрнээ нийт зардлын 62.9 хувийн үйлчилгээ авч байна. Үнэхээр ажил хийдэг хүмүүс нь ингэж бага өвдөөд, 8040 төгрөгөөр эрүүл мэндээ хариуцуулдаг хэсэг нь илүү их өвддөг гэж үү? Өвчин гэдэг хүнийг ялгадаггүй болохоор бүгд л өвчний салхинд өртдөг. Хамрын ханиад хүрчихээд улсын эмнэлэг дээр яваад очиход хэзээ дуусах нь үл мэдэгдэх урт дараалал угтан авдаг тул аргагүйн эрхэнд хувийн эмнэлэг бараадах нь бий. Даатгалтай хүмүүсийн хүсээд байгаа зүйл нь ердөө л өвдсөн үедээ чанартай, түргэн шуурхай үйлчилгээг халааснаасаа мөнгө гаргалгүйгээр авах байдаг. Энэ зорилгод эрүүл мэндийн даатгалын тогтолцоонд өрсөлдөөн бий болгосноор хүрч болно.

Ямар ч зүйл уралдаад эхлэхээрээ яс чанар нь сайжирч, өмнөхөөсөө илүү болдог бичигдээгүй хуультай. Гэртээ ганцаараа байхаар огт хоол иддэггүй хэрнээ айлын хүүхдүүдтэй хамт тоглоод өнжсөн үедээ уралдаж идээд дахиад нэмүүлье гэж хэлдэг хүүхдийн зан бий. Тэгвэл Нийгмийн эрүүл мэндийн даатгалд өрсөлдөөн бий болговол юу болох вэ? Австрали улсын жишээнээс харвал даатгалын системээ уян хатан, иргэдэд ашигтай байдлаар шийдвэрлэдэг байна.

Тодруулбал, бүх иргэд эрүүл мэндийн даатгал төлөх ёстой бөгөөд тодорхой хязгаараас давсан орлоготой бол хувийн эрүүл мэндийн даатгалын компанид даатгуулах ёстой ба хэрэв хувийн даатгалд хамрагдаагүй бол нэмж татвар төлдөг байна. Мөн тухайн иргэн хувийн даатгалд хамрагдвал хураамжийнх нь 30-40 хувийг төрөөс даадаг ажээ. 2010 оны 3-р сарын байдлаар нийт Австраличуудын 44,5% нь хувийн эрүүл мэндийн даатгалтай байна гэсэн судалгааны дүн гарчээ. Хувийн эрүүл мэндийн даатгал хөгжсөнөөр төрийн нуруун дээрх ачаалал багасаж, хүмүүст сонголт бий болно. Өөрөөр хэлбэл төлж байгаа хураамж тань бодит утгаараа үр ашигаа өгдөг болно гэсэн үг.

Өвчин туссан тохиолдолд чадалтай нэг нь дотоодын эмнэлгээ алгасаад шууд л гадны өндөр хөгжилтэй орныг зорьж, байдгаа бардаг. Харин нийгмийн дийлэнх хэсэг нь санхүүгийн чадваргүйгээсээ болоод өвчиндөө шаналж, итгэл найдвараа алдах тохиолдол олонтаа. Үнэндээ нийгмийн даатгал гэхээр яг л татвар шиг сэтгэгдэл төрүүлдэг болчихжээ. Улсад төлдөг болоод ч тэр үү, өгөхгүй гэх эрх хэнд ч байхгүй. Гэхдээ эргээд хүртэх өгөөж нь эмчилгээний зардлийг бүрэн нөхөж чаддаггүй бүр нэмээд хувиасаа нэмж төлбөр төлөх хэрэгтэй болдог. Эрүүл мэнд, халамжийн асуудлыг дан ганц нийгмийн даатгалд найдаад үлдээх нь төрийн ачааллыг нэмэгдүүлж үйлчилгээний чанар, хүртээмжийг хүссэн хэмжээнд хүртэл хадгалж чаддаггүй сул талыг үүсгэдэг. Нөгөө талаар төр нь өөрөө хүнээ хангалттай хэмжээнд үнэлж, хамгаалах дорвитой алхам хийхгүй байна. Үүний нэг тод илрэл нь нэг иргэн эрүүл мэндийн даатгалаас жилд 1,112,000 төгрөгийн үйлчилгээ авах эрхтэй гэдгээс харагдана.

Эртний Грекийн суут ухаантан Архимед “Надад тулах цэг өг. Тэгвэл би дэлхийг эргүүлнэ” гэж нэгэнтээ хэлсэн шиг “Бидэнд сонголт өг. Тэгвэл бид эрүүл мэндийн даатгалын үр шимээ хүртэнэ” гэж хэлмээр байна.

Р.Жаргалан

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.