“Хоосон үүрний хам шинж”

Twitter Print
2021 оны 08-р сар 02-нд 14:45 цагт
Мэдээний зураг,

Том хүү их сургуульд орох боллоо. Одоо 4-р курс гэхээр 4 жилийн өмнөх явдал ярих гэж байна аа даа, янз нь. Энэ Америк сүртэй сүртэй, эцэг эхчүүдийг нь тусгай нэг өдөр зарлан дуудаж, бүхэл өдрийн танилцуулга, хичээл, семинар хийж байна. Ээж нь яах вэ дээ, үстэй толгой... биш ээ толгойтой үснээс их ажилтай хойно намайг хөөгөөд явуулдаг байгаа юм биз дээ.

За тэгээд би гэдэг хүн сургалтад нь суулаа. Сэтгэл судлалын багш л их сургуульд хүүхдээ илгээхэд үүсдэг элдэв асуудлын тухай заагаад байна. Empty nest syndrome гэж их хэцүү, түүнийг даван туулахын тулд ингэнэ тэгнэ гээд л ярьж байна шүү. “Хоосон үүрний хам шинж” гэж орчуулмаар юм уу даа, хүүхдээ явуулчихаар “үүр нь” хоосон оргиод, эцэг эхчүүдэд тусдаг бараг өвчин шахуу юм санж.

Миний харин инээд хүрч суулаа. Ганц хүүхэдтэй америкууд л тэр хүүхдээ явуулчихаар үүр нь хоосон оргиод сүйд болдог юм байлгүй, манайд бол цаана нь гурвын гурван ч юм байна, эхнээсээ явж байхдаа амар байна шүү гэсэн шүү юм бодоод л. Тэгсэн, сэтгэл судлаач багш цааш нь ярьж байна өө, “Хоосон үүрэндээ тэгээд та хоёр эвгүйцээд асуудал гарвал битгий хүүхэд рүүгээ залгаад байгаарай. Таны асуудал бол таны л асуудал, сурч боловсорч байгаа хүүхдэдээ буруу үлгэр бүү үзүүл” л гэнэ. Ер нь “хүүхэд чинь тан руу залгахгүй л байвал их баярлах хэрэгтэй, цаадах чинь сайн л явж байна” гэсэн үг л гэнэ. Чихнийхээ хажуугаар өнгөрүүлээд л суулаа.

Тэр сургалтаас хойш нэг сарын дараа, 8 сарын сүүлээр хүүгээ сургуульд нь хүргэн ирж, төвхнүүлээд орхих юм боллоо. Эхний жилээ заавал дотуур байранд амьдрах ёстой. Бүх юмыг нь зөөгөөд өрөөнд нь оруулж өглөө. Дотуур байранд анх ирж байгаа хүүхдүүдийг танилцуулах зорилгоор сагсны тэмцээн хийнэ гэнэ. Хүү маань тийшээ л яараад байх юм. Өөр бодож байгаа юм алга. Тэгээд тэнд нь хамт очлоо. Сагсны тэмцээнд бүртгүүлнэ гэсэн нэг их урт дараалал байна. Ард нь очоод өнөөх чинь зогслоо. Би бас хажууд нь жаал зогслоо. Тэгсэн Илд “Та одоо ажлаа бод. Яв яв, би ингээд тоглочхоод байрандаа орчихъё” гэнэ. “За тэг тэг” гээд би машин руугаа алхлаа. Алхаж яваад яагаад ч юм гэнэт сонин сэтгэгдэл төрөөд, эргээд нэг харсан, миний муу хүү, анх удаагаа гэрээсээ гарч ганцаараа амьдрах гэж байгаа амьтан, тэр мэрийгээ ч бодох юм байхгүй, сагсны тэмцээнд л нэг их мундаг тоглочих санаатай, дохийчихсон оочерлож байгаа дүр зураг тусав. “Дохийчихсон” гэдэг нь надаас өндөр атлаа надаас туранхай дохигор амьтан л даа. Тэмцээнээ дуусаад өрөөндөө ороод яах ч юм, амьдрал нь эхлэхээр яах ч юм бүү мэд. Нүдэнд нулимс бүрхээд ирлээ. Машинаа асаагаад их сургуулийнх нь хотоос гараад, хурдны зам руу орсон, шууд асгардаг юм даа.

Нөгөө “хоосон үүр” гээчийг зааж байхад нь доог тохуу хийгээд, гэрээр дүүрэн хүүхэд байна энээ тэрээ гээд байсан, шал худлаа. Эхнэр лүүгээ залгаад, ярих гэсэн юм хэлж чаддаггүй, уйлаад байсан, өнөөх чинь жаахан гайхаж байснаа дагаад уйлдаг юм.

Энэ явдлаас хойш би хоёр юмыг ойлгож билээ.

“Хоосон үүр” гэдэг тооны асуудал биш юм байна. Үүрэнд байгаа 4 амьтны нэг нь ч гэсэн ниссэн, үүр хоосрох дээрээ тулбал хоосордог л юм байна.

АНУ-д их сургуулийн сэтгэл судлаач хүн юм хэлж байхад дооглож инээх биш, анхааралтай сонсох ёстой юм байна гэж.

За тэгээд, хүүхдээ хол сургуульд явуулж байгаа эцэг эхчүүдэд хэлэхэд: Үүр чинь хөөрхий, хэдэн хүүхэдтэйгээс үл шалтгаалан хоосон оргихдоо л оргино, тэр цагт яах ийхээ төлөвлөсөн баймаар юм билээ шүү. Мэдэхгүй бол тэр сургалтад нь суугаарай.

Над шиг тэгээд л машинаа бариад уйлаад буцуузай.

М.Саруул-Эрдэнэ

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.