“Аму” брэнд Америкт

Twitter Print
2020 оны 02-р сар 17-нд 12:10 цагт
Мэдээний зураг,

\“АМУ” брендийг үүсгэн хѳгжүүлэгч Энхтайваны Хулан\

…Денвэрээс гараад шѳнѳжингѳѳ давхиж ѳглѳѳгүүр Сиэтл хотод орж ирээд шууд Э.Хулантай уулзсан юм. Монголд тариалсан буудайн бүтээгдэхүүнээр нэмэлт хоол тэжээл болох “АМУ” брендийг үүсгэн, Америкийн зах зээл дээр гаргахаар хичээн ажиллаж буй түүний тухай нѳхѳр С.Амарболд нь надад “Манай хүн нэг юманд дурлахаараа ухаанаа алдчихдаг юм. Ер нь том зүйлд зорьж зүтгэсэн хүнийг ятгаж зогсоох гэдэг бараг боломжгүй юм билээ” хэмээн хуучилж байсан сан. Эдийн засагч мэргэжилтэй хэрнээ эрүүл хүнс болох хоол тэжээлийн нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэн дэлхийн зах зээл дээр гаргах гэж зүтгэж байгаа Э.Хулан бүсгүйтэй Америкийн Сиэтл хотод уулзаж ярилцсан тэмдэглэлээ хүргэж байна.

Э.Хулан: Би Эрдэнэтэд төрж өссөн. Багаасаа математикт сонирхолтой хүүхэд байлаа. Орос руу суралцахаар явах гэтэл бүтээгүй. Нэг удаа аавтайгаа Хятад руу явах боломж олдож, тэнд таван жил суралцсан. Хятадын “University of Business Economics” сургуульд олон улсын худалдаа ба санхүүгийн мэргэжлээр суралцаж тѳгсѳв. Сургуулиа тѳгсѳѳд санхүүчээр ажиллаагүй, олон улсын худалдааны чиглэлээр ажилласан. Үл хөдлөх хѳрѳнгийн бизнес болон “Алтайн хүдэр” зэрэг компанид маркетингийн захирлаар ажиллаа. Хийж буй бизнес нь байгаль орчныг сүйтгээд байгаа нь миний сэтгэл дотор зөрчил үүсгээд байв.

2011 онд нэг найз маань Хятадад явж байгаад ходоод нь өвдөж нилээд шаналаад буурцаг идэж эдгэрсэн юм. Тэр энэ тухайгаа надад ярьж санал болгосноор хүнсээр анагаах бүхэл бүтэн шинжлэх ухаан судалж байдгийг мэдсэн дээ. Тэр жил төрсөн охин маань байнга өвдѳж түгшүүртэй амьдардаг байв. Өвөлдөө арваад удаа ханиад тусдаг, эмнэлэгт очоод сэхээнд орно. Эмч, эмнэлэгээр яваад үр дүнд хүрдэггүй байсан болохоор өнөөх хүнсээр эмчлэх аргаа туршиж үзлээ. Гэтэл сайн үр дүнд хүрч дахиж зовоогоогүй. Тэгээд л энэ эмчилгээний аргыг 2 жил судлаад 2013 онд ажлаа эхэлсэн дээ. Одоогоор таван салбартай болсон. Анх ѳвчтѳндѳѳ “Хүнсээ өг” гэж эмч нартаа хэлэхэд ихэд гайхаж, “эмтэй хавсаръя” гэдэг байлаа. Бид тайлбарлан ойлгуулж, хүнсээрээ л эмчлэхийг шаарддаг байсан. Аяндаа охины минь эмчилгээ шиг үр дүнгээ өгч, уламжлалтын тангаас илүү нөлөөлж буй нь нотлогдож амжилтанд хүрч эхэлсэн. Анхны эмч маань үр тариа судлалаар бүр мэргэшиж, хүнсээр анагаах чиглэлээр Монголдоо тэргүүлэх эмч болсон доо.

Г.Галбадрах: Та нар эхлээд буудай судалсан юм уу?

Э.Хулан: Шош буурцагийг эхлээд судалсан. Монголын уламжлалт анагаах ухаанд өвчнийг анагаах 4 ерөндөг бий гэдэг. Нэгт, хүнс идээ, хоёрт, амьдралын хэв зуршлыг өөрчлөх аргаар, гуравт, тангаар, дөрөвт, мэс засал, бариагаар эмнэдэг гэсэн үг. Тиймээс бид 1-р ерөндөг буюу идээ ундаагаар эмчлэж байгаа хэрэг юм. Европ эмчилгээ нь зовиурт үндэслэдэг юм билээ. Бөөр өвдлөө гэхэд бөөрөө л эмчилнэ. Тэгтэл өвчин гэдэг нь өөрөө гадны хүчин зүйл нян хийгээд дотоод хүчин зүйлээс үүсдэг. Би охиноо европ эмнэлэгээр эмчлүүлэхдээ уушгинд нь буй нян бактерийг устгах гэж тэмцээд байжээ. Гэтэл хүүхдийн дэлүү маш муу хөгжилтэй байдгаас хуурай ханиалгад өртсөн байдаг. Дэлүүний ажиллагааг хүнсээр дэмжээд өгөхөөр дархлаа буюу таван махбодь нь сэргээд ирдэг учир хүүхэд өвчлөхөө больж буй хэрэг. Монголчууд бид “Чөмөг идэхээр нусхай болдог” гэлцдэг. Чөмөг дэлүүг гэмтээдгийг манай ард түмэн мэддэг л байж шүү дээ. Том болохоороо хүүхдийн дэлүү хэвийн болдог юм.

Galbadrakh Gombosuren-н зураг.

Г.Галбадрах: Ѳвчнийг эдгээхэд шош буурцаг ямар нөлөөтэй юм бол?

Э.Хулан: Таван төрлийн буурцаг байдаг. 5 махбодид зориулсан таван өөр үйлчилгээтэй. Хар өнгөтэй будаа, хар буурцаг, хар гүнжидийн үр нь усан махбодьтой тул бөөрийг эмчилдэг байх жишээтэй. Охиныхоо дэлүү уушгийг цагаан буурцаг, жижиг “алтан” мандариныг 2 сар уулгаад эмчлэж байлаа. Буурцаг нь ислэгийн хэмжээ их, В-гийн төрлийн амин дэм ихтэй. Монгол хоол хүнс нь 0.7 мг-ын ислэг өгдөг. Ислэг хэрэглэхгүй болохоор гүн хордлогонд ордог. Элэг нь хортой бодисоо гадагшлуулж чадахгүй гэсэн үг.

Г.Галбадрах: Чи эдийн засагч мэргэжилтэй хүн, үүнийг яагаад судалсан юм бэ?

Э.Хулан: Хятадын эмч нартай уулзаж судалсан. Одоо ч тэдэнтэй хамтарч ажилладаг. Тэдний хоолны урлаг нь өвөрмөц л дөө. Намар уушигны үйл ажиллагаа сулраад эхлэхээр хятадууд лийрийг идэж эхэлдэг. Дараа нь мандарины улирал эхлэж байх жишээтэй. Тэгтэл монгол хүн мах их иддэг, ногоо үрийн хэрэглээ бага. Тиймээс өвчлөл их байгаа юм.

Г.Галбадрах: Танайх энэ хүнсээ ѳѳрсдѳѳ үйлдвэрлэдэг үү?

Э.Хулан: Бид Хятадаас 52 нэр төрлийн үр тариа аваад, технологич нар маань жижигхэн цехдээ эмээ үйлдвэрлэдэг байлаа. “Монголдоо түүхий эдээ бэлтгэе” гэж зориод 2013 оноос үрээ аваад бага хэмжээгээр Сэлэнгэ, Төв аймгуудад тариалж эхэлсэн. Яаж хурааж авахаа ч мэдэхгүй, хятад мэргэжилтэнд Wechat аар хандах ч үе байлаа. Унаад хатчихсан хойно нь хадах, түүхий байхад нь хураах зэрэг олон бэрхшээл туулсан. Түрүү жил маалинга, буурцаг зэрэг ургацаа жинхэнэ ёсоор нь хурааж авсан. Энэ жил 16 нэр төрлийн буурцаг, эмийн ургамал тарьж хураалаа.

Г.Галбадрах: Хэрэглэгчид хэр их байна?

Э.Хулан: Өнгөрсөн жил давтагдсан тоогоор хориод мянган хэрэглэгч байна гэж судaлгаа гарсан. Одоо савлаж пакетласан бүтээгдэхүүнээсээ “эмчилгээний үйлчилгээтэй”, “суурь үйлчилгээтэй” гэсэн хоёр төрлийн бүтээгдэхүүнийг Америкт нийлүүлж байна. Эрэгтэй эмэгтэй хүн тус бүрд нь зориулсан, эс шингэх өвчинд зориулсан бүтээгдэхүүнээ танилцуулж байгаа. Маш олон төрлийн хүнс хэрэглэдэг учир эс шингэх зовиур тусдаг байна л даа. Монголд бол эмчилгээний цайгаа голдуу зарж байгаа.

Г.Галбадрах: Америкийн зах зээлд нэвтрэх гэдэг тун амаргүй дээ. Та нар энэ асуудлыг яаж шийдсэн юм бэ?

Э.Хулан: Америкийн зах зээлд орж ирэхэд их хэцүү байлаа. Зарах зөвшөөрөл авахын тулд найрлага дээжээ өгөөд бүтэн жил хүлээж байна шүү дээ. “Экспортын хүнсний бүтээгдэхүүн” гэдэг ангиллаар зѳвшѳѳрѳл авсан. Монгол орон хийн орон зайд оршдог учир элэг цөсний халуун их байдаг бол, Америкт чийгтэй учир дэлүүний хүйтэн өвчин зонхилдог. Тиймээс таван цул нь өвчилж, 80 хувь нь дэлүүний хүйтнээс болж таргалдаг. Уушиг болон дэлүүнээс болсон хаван, таргалалт Америкт их байгаа гэсэн үг.

Galbadrakh Gombosuren-н зураг.

Г.Галбадрах: Гадаадад байгаа монголчуудын ѳвчлѳлтийн оношыг онлайнаар тодруулж, таарсан хүнс тэжээлийг ѳгнѳ гэсэн байсан?

Э.Хулан: Асуулга бөглүүлж, хэл, шээсний зургийг нь авч оношилно. Хэл гэхэд 150 янзын өнгөтэй байдаг. Шээсээр бол доод биеийг хэр халуунтай буйг оношлож байна. Ходоодыг асуулгаар оношлоно. Дараа нь таван цулыг гэх мэтээр. Оношлогооны дараа хүн бүрт зориулсан дэглэм, эмчилгээг бичиж үйлчилдэг. Хүн бүр тусгай дэглэмийг барихыг хүсдэггүй, идэж буй хоолтойгоо хавсарч хэрэглэе гэдэг. Ингэх нь маш удаан үр дүн үзүүлж байна. Бичигдсэн дэглэмийг ягштал мөрдвөл эдгэрэлт маш хурдан байгаа.

Г.Галбадрах: Нэгэнт оношлогоо болон эмчилгээгээ онлайнаар хийж эхлэхээр зайлшгүй мэдээллийн онлайн орон зай хэрэгтэй болж байна гэсэн үг үү?

Э.Хулан: Тийм ээ, манай вэб сайт маань дөнгөж эхлэж байна. Эм болон үйлчилгээгээ танилцуулж байгаа. Фэйсбүүкийн хэрэглэгчдэдээ илүү тулж ажиллан зөвлөлгөө өгч байна. Нэг сараас тѳлѳвлѳгѳѳ гаргаж, яагаад хоол хүнсээ анхаарах ёстойг зааж зѳвлѳлгѳѳ ѳгѳх тал руугаа ажиллаж эхлэнэ. Алсын зорилго маань, орон бүрт байгаа хэрэглэгчдийн зовиурыг бичиж, ийм төрлийн хоол хүнс хэрэглэж болж байна гэж таниулна.

Монголын уламжлалт анагаах ухааны хоол хүнсээр эмчлэх аргыг дэлхийд танилцуулах нь л бидний үүрэг. Амьдралынх нь дадал зуршлыг өөрчилж чадаж байвал зорилго маань бүтлээ гэсэн үг. Бүхэл бүтэн цогцоор нь хөгжүүлэх гэж хичээж байна. Олон газрууд, Европиуд, Орос, Арабын нөхөд ч хамтарч ажиллахаар урьж байгаа. Хийх ажил их л байна даа. Хүмүүс анх манайхыг “сүлжээ” гэж боддог байлаа. Монголын “Herbalife” хүртэл хамтарч ажиллая гэж санал тавьж байсан. Гэвч энэ маань монголын уламжлалт анагаахын хоол хүнсээр эмчлэх, амьдралын хэв зуршлыг өөрчлөх шинжлэх ухаан болохоос сүлжээний бизнэс биш.

Г.Галбадрах: Монгол брэндийг дэлхийд гаргах гэсэн оролдлогууд мэр сэр байна л даа. Танайх юугаараа давуу юм бэ?

Э.Хулан: Манай брэнд дөрвөн онцлогтой. 1. Монголдоо бүтээсэн үндэсний үйлдвэрлэл, 2. Нэг ч эмийн ургамал ороогүй байгалийн хүнс 3. Уламжлалт анагаах ухааныг nutrition -тэй холбосон байгаа 4.Бусад үйлдвэрүүд бүрэн боловсруулдаг бол манайх хагас болгож, амин дэмийг нь алдуулалгүй хэрэглүүлдэгт давуу тал буй юм. Шош буурцагийг түүхийгээр нь бутлаад хэрэглэж болохгүй. Тэгвэл лэксиндэнт гэдэг хортой бодис бий болдог.

-Г.Галбадрах: Танай бизнест сайн баг бүрджээ дээ?

Э.Хулан: Дариа бид хоёроос гадна Монголд арваад эмч, бусад хүнсний технологич, IT-гийн хамтран ажиллагсад бий. Энд зорилго нэгтэй сайхан сэтгэлтэй хүмүүс нэгдсэн байгаа. Бид хамтран ажиллагсад болон багаараа бахархдаг.

Г.Галбадрах: Ийм бизнесийг ингэж босгон амжилтад хүргэх амаргүй. Нилээд саад бэрхшээлийг туулсан байх?

Э.Хулан: Би Монголд 2 жил ажиллахдаа их цөхөрсөн. Тэгээд гадаад яваад үзье гээд нөхрөө дагаж Америкт ирэв. Энд бизнесийнхээ ирээдүйг маш цэлмэг байгааг харж баярласан. Нөгөө талд нь бидний байж байгааг ээ гэж гутсан. Тэгээд 6 сар болоод ургамлаа тарихаар буцлаа. Бас л болохгүй байгааг мэдрээд эргэж энд ирээд Олон Улсын глобаль бизнес мэргэжлээр суралцав. Нэг жил Utah-д суралцахдаа, бизнес хийе гэвэл 1-т Менежэртэй байх ёстой, 2-т Алсын хараагаа маш сайн ойлгох ёстой юм байна гэж ойлгосон. Үргэлжлүүлэн суралцаж, алсын хараагаа тодорхойлтол, бидний урьд байсан том бэрхшээл маань их жоохон харагдаж эхлэсэн. Бид яг ханан дээр тулж ирчихээд ямар том хана вэ гэж бодоод байгааг ойлгосон. Алсын хараагаа тодорхойлоод, арай холдоод хартал арай тодорхой харагдаж эхэлсэн гэсэн үг.

Г.Галбадрах: Америк орон бол хүмүүст боломж олгодог орон. Хэрвээ чи хѳгжиж амжилтад хүрэхийг хүсч байгаа бол ѳѳрѳѳ хичээхэд амжилтад хүрч болно гэдгийг бидэнд мэдрүүлдэг юм.

Э.Хулан: Би анх Америкт ирээд 6 сар болохдоо хоёр юм анзаарсан. Монголд байхдаа “гэр бүл” гэдэг юмаа тас орхигдуулсан байснаа мэдсэн. Энэ долоон жилд юу хийв ээ? гэж анх удаа эргэцүүллээ. Үргэлж л “ажил”, “ажил” гэж, Хятад руу байнга томилолтоор явж үр хүүхдээ ч мартсан байлаа. Миний амьдралын утга учир “амжилтанд хүрэх” л байж. Ирээд зургаан сар болохдоо л гэр бүлдээ цаг гаргах ёстойгоо ойлгосон. Одоо маш олон монголчууд над шиг “ажил”, “ажил” гээд явж байгаа даа. Гэр бүл ямар үнэт зүйл болохыг бид анзаарах хэрэгтэй болж байна.

Хоёрдугаарт, хүмүүсийг задлаж өгөх ёстой юм байна гэдгийг ойлгосон. Бүгд л нэг сонин хайрцганд амьдарч байна. Би өөрийгөө задлах гэж бясалгал иогт явж, олон мянган жил амьдарч буй сүнс болохоо мэдэрсэн. Дараа нь “Очир огтлогч” гэж номыг олж уншаад билгийн мэлмий нээгдэх шиг боллоо. Бизнесийг хүртэл утга учиртай хийх ёстой юм байна гэж ойлгосон доо. Гурван жил, таван жил, арван жилийн төлөвлөгөөгөө гаргаад ирсэн чинь бүх юм тодорхой болоод ирсэн шүү.

Galbadrakh Gombosuren-н зураг.

Г.Галбадрах: “Гадаадад буй монголчуудаа Монголын хөгжилд ашиглана” гэж Төр Засгийн түвшинд яригдаж байна. “Яаж ашиглах гэж байгаа юм бэ? Судалгаа дата байгаа юм уу?” гэхээр бүгд чимээгүй болж байна. Манай баг тийм судалгааг бий болгохоор ажиллаж байгаа юм.

Э.Хулан: Тийм судалгаа үгүйгээс бид хүнсний зөвшөөрөл авах гэж бүтэн гурван жил мухардсан. Зѳвшѳѳрѳл яаж авахыг мэдэхгүй байтал яг үнэндээ ганцхан сарын л ажиллагаа байсан байна лээ. Гадаадад бизнес эрхэлж буй монголчуудын нэгдсэн судалгаа зайлшгүй хэрэгтэй гэдэгтэй санал нийлж байна. Энэ нь бие биенээсээ суралцаж хамтран ажиллах боломжийг олгох юм билээ.

Г.Галбадрах: Бизнесийг хийхдээ хүнд тустай байх ёстой гэсэн зорилгоор зүтгэвэл амжилтанд хүрдэг шиг надад санагдсан. Та үүнийг хэрхэн үзэж байна вэ?

Э.Хулан: Би анх хүнд туслах сан гэж боддог байлаа. Одоо бол ашиг, тусламж хоёрыг зэрэгцүүлнэ гэж боддог болсон. Яагаад ингэж үздэг болсон бэ? Гэхээр, Mонголд ажиллаж байхдаа хүнд туслах гэж үнэгүй оношлогоо хийж, бараагаа хямд зардаг байлаа. Oвоо олон үйлчлүүлэгчтэй болж, хүнд туслаад байх шиг санагдсан. Тэгтэл ажилчдадаа сайн цалин өгч чадахгүй, орон сууц зэрэг зүйлд нь туслаж чадахгүй ацан шалаанд байгаад байлаа. Америкт иртэл манай менежэрүүд, “Үнээ чөлөөтэй нэм, харин тэр үнэндээ таарсан үнэ цэнийг өг, мөнгө муухай гэсэн бодлоо орхи” гэж зөвлөсөн.

Г.Галбадрах: “Чанартай юм үнэтэй байх ёстой” гэж би боддог шүү. Монголынхоо уламжлалт анагаах ухааны үнэт зүйлийг дэлхийд гаргах гэж яваад чинь амжилт хүсье. Уулзаж ярилцахад сайхан байлаа.

Э.Хулан: Зорьж ирж уулзан чин сэтгэлээсээ ярилцсанд танд их баярлалаа. Монголын бренд бүтээгдэхүүнийг Америкийн зах зээл дээр гаргаж улмаар дэлхий даяар түгээхэд бид хичээж ажиллах болноо. Харин энд монгол хүн бүрийн дэмжлэг туслалцаа, хамтын ажиллагаа хэрэгтэй байгааг бусад хүмүүст ойлгуулж туслаарай.

…Э.Хулан хамтрагчидтайгаа хамт “АМУ” брендийг Америкийн зах зээл дээр гаргахын тулд хичээнгүйлэн зүтгэж байгаа. Монголын хѳрсѳнд ургасан үр тарианы гаралтай нэмэлт тэжээл нь хувь хүний эрүүл аж тѳрѳх зѳв хэвшилд тусална гэдгийг монголчууддаа ойлгуулах гэж хичээж явна. Гадаадад байгаа монгол хүн бүрт туслах чин хүсэл тэдэнд буй. Монголын уламжлалт анагаах ухааны арга дээр тулгуурласан АМУ брендийн бүтээгдэхүүн дэлхий даяар түгэн дэлгэрч, олон хүмүүст тус дэм бас буян болно гэдэгт би итгэж байгаа. Тэд удахгүй Америкийн хотуудаар аялж монголчуудтайгаа уулзан ѳѳрийн бизнесийнхээ талаар сурталчлан, хамтран ажиллах, бие биедээ туслах боломжуудаа тодорхойлох гэж байгаа. Тэдэнтэй очиж уулзан ухааны болон сэтгэлийн мэлмийгээ нээх нь хэн хэндээ дэм болж буй хэрэг шүү дээ.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

2020.02.17 Улаанбаатар хот

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Od

      (182.160.33.148) 2020-02-17 18:23
      • 0
      • 0

      Manguhai zochid buudliin urd bairladag Amy tovoos hodood 1-iig avch hereglej uzsen. Zugeer l ym shig bn lee. Minii hodood huiten us uuhaar horjignood l ynz buriin duu garaad l zarimdaa uneheer tsochimoor duu gardag bsan. Odoo gaigui bolson odoo hodood 2 iig ni hamt heregleh estoi ym bilee shuu. Bas ulamjilaliin emch sudasaar onoshildog ym bn lee

      Хариулах