Ид хавыг гайхуулан барилддаг улсын цолтой бөхчүүд сумын заануудад өвдөг шорооддог

Twitter Print
2014 оны 08-р сар 01-нд 11:53 цагт
Мэдээний зураг,

Өнөө жил зуу гаруй сум 90 жилийнхээ ойг тэмдэглэж байгаа. Мөн таван аймагт даншиг наадам болж өнгөрсөн. Дээрх ойн баяр наадмуудаар улсын цолтой бөхчүүдийн хэтэвчийг зузаалж, ард түмний сэтгэлийг гонсойлгосон барилдаанууд болж өнгөрч байна. Түүхт 90 жилийнхээ ойн баярыг  тэмдэглэж байгаа зуу гаруй сумын наадамд улсын цолтой бөхчүүд барилдахаар данайтал яваад очицгоосон байна.

Зурагтаар барилдааныг нь харж шимтдэг бөхчүүд  ойн баяр наадамд ирж барилдаж байгаад сумын иргэд “Бөхийн өргөөнд болдог гал гарч, үзэгчдийг суудлаас нь өндөлзүүлсэн барилдаан сумын наадмын талбай дээр болох нь” гээд хөөрч  баярласан нь олон гэнэ. Гэтэл барилдахаараа яахаас ч буцахгүй зүрх зоригтой, уран барилдаант улсын начин, харцага, заан, гарьд цолтой бөхчүүд залуу бөхчдүүдэд өвдөг шороодох болжээ. Сумдын ойн баяр наадмын бөхийн барилдааны “найраа”-ны талаар манай сонины редакци руу хөдөө орон нутгийнхан холбогдож мэдээлэл  өгч байна. Бүр нэр ус, хэдэн төгрөг өгч, авалцсан талаар,  бэлтгэл сургуулилт хийж байгаагүй болов уу гэмээр наранд бие нь ч борлоогүй залуу бөх  улсын цолтой бөхчүүдийг ээлж дараалан  унагаад аав, ээжийнхээ сумын ойн бөхийн барилдаанд түрүүлж байгаа   гэх иргэдийн мэдээлэл ар араасаа цуврах ажээ. Ингээд таван аймагт болсон  даншиг наадмын бөхийн барилдаан  хэрхэн болж өнгөрсөн талаарх мэдээллийг уншигч та бүхэнд  хүргэж байна.

Д.РАГЧАА, Б.ГОНЧИГДАМБА НАР СУМЫН ЗААНУУДЫГ ДИЙЛЭХГҮЙ БОЛСОН УУ?

Өмнөговь аймаг өнөө жил Батмөнх даян хааны мэндэлсний 550 жил, аймаг байгуулагдсаны 83 жилийн ойн хүрээнд 512 бөх барилдуулжээ. Өмнөговь аймаг бусад аймгаас ялгарах онцлог нь уул уурхайн олон компани үйл ажиллагаа явуулж буй. Иймд тус аймагт үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компаниуд даншиг наадамд хандив өгсөн байна. Өмнөговь аймгийн нутгийн зөвлөл даншиг наадамд зориулж их хэмжээний мөнгө босгож чаджээ. Харин даншиг наадамд мөнгө хандивласан уул уурхайн компаниуд нэрийнхээ өмнөөс босон барилддаг залуу бөхчүүдээ аймгийн цолонд хүргэхээр хоорондоо тэмцэлдэж эхэлсэн байна. Уг нь Өмнөговь аймгийн даншиг наадамд одоо ид барилдаж байгаа улсын гарьд Д.Рагчаа, Б.Гончигдамба, заан Д.Баасандорж, Ч.Санжаадамба, М.Өсөхбаяр, Б.Батмөнх, харцага Ө.Бат-Орших, начин Б.Чинзориг, Ш.Уламбаяр, Т.Энхтуяа, Ж.Отгонбаяр, Э.Энхбат, Л.Нямсүрэн, Л.Цэрэнтогтох, Л.Сумъяа зэрэг бөхчүүд барилджээ. Д.Рагчаа, Б.Гончигдамба, Б.Батмөнх, Ч.Санжаадамба, Ө.Бат-Орших зэрэг бөхчүүд заал танхимын барилдаанд төдийлөн сайн барилдаад байдаггүй аймгийн заан, начин, сумын заануудад унажээ. Шөвгийн дөрөвт аймгийн начин Л.Отгонбаяр Б.Гончигдамба гарьдыг давсан байна. Ингээд Өмнөговь аймагт болсон даншиг наадамд Архангай аймгийн Эрдэнэмандал сумын харьяат аймгийн заан П.Баярхүү түрүүлж Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат аймгийн начин Л.Отгонбаатар аймгийн заан цол хүртжээ. Мөн  Өмнөговь аймгийн Баяндалай сумын харяат сумын заан Төгсдөлгөөн, Ноён сумын  Б.Хэрлэн, Дундговийн сумын заан С.Дашдондов нар улсын цолтой бөхчүүдээр тав даван аймгийн начин цол хүртжээ. Тавын давааны ам авах үед улсын цолтой бөхчүүд асар дотор муудалцаж “Би тэрийг начин болгоно. Чи тэрийг амлан авч болохгүй” гээд хэрүүл маргаан болсон гэнэ. Бөхчүүдийн амлан авсан байдлаас болж сумын заан залуус “Та намайг цол ахиулна гэсэн биз дээ. Би мөнгөө авмаар байна” гэж орж ирээд улсын цолтнууд нь сандралдаж гүйлдсэн гэнэ.   Бөхчүүдийн энэ маргаанаас болж наадмын үйл ажиллагаа тасалдсан талаар наадамчин олон гомдолтой байна.  Өмнөговь аймгийн даншиг наадмын бөхийн барилдааныг үзсэн иргэд “Эдийн засгийн хямралд орчихоод байна гэсэн, бэлэн мөнгө нь сумын заануудад байсан байна. Эдийн засгийн хямралд хамгийн их өртсөн хүмүүс нь улсын цолтнууд юм байна” зэрэг яриа гарчээ. 

ХӨВСГӨЛИЙН ДАНШИГ  ХЭРҮҮЛ МАРГААНААР ӨНДӨРЛӨВ  

Хөвсгөл аймгийн 83 жил, Жалханц хутагт Ц.Дамдинбазарын мэндэлсний 140 жил, “Хотгойдын хурд 3” хангайн бүсийн даншиг наадамд мөн л 512 хүчтэн зодогложээ. Арслан Х.Мөнбаатар, харцага Г.Элбэг, Ц.Содномдорж, Г.Ганхуяг,  начин Б.Бадрал, У.Балжинням тэргүүтэй бөхчүүд барилдсан байна.  Хөвс¬гөл аймгийн даншиг наад¬мын долоогийн даваанаас эхлэн хэрүүл маргаан гарч наадамчин олон үймэлдэж эхэлжээ. Долоогийн даваанд улсын арслан Х.Мөнхбаатар аймгийн начин Б.Даваа-Очирт өвдөг шороодов. Харин улсын харцага Ц.Содномдорж Ховд аймгийн Мөст сумын харьяат аймгийн начин Д.Ууганбаярт унав. Үүнээс үүдэн наадамчин олны дунд үймээн үүсэх үед аймгийн начин Д.Ууганбаяр аймгийн арслан Н.Ганхуягтай барилдах үедээ буруу халж хориглосон мэх хийж эхэлсэн байна. Үүнийг харсан бөхийн хөлийн цэц харцага Г.Элбэг Д.Ууганбаярт сануулга өгөх үед харцага Ц.Содномдорж өмөөрч хэрүүл маргаан үүссэн байна. Наадамчин олны хэлж буйгаар Ц.Содномдорж Д.Ууганбаярыг нутгийнхаа наадам түрүүлүүлэх гээд  харин Хөвсгөл аймгийн бөхчүүд шинэ аймгийн арслантай болох гээд маргажээ. Ингээд наадамчин олон Ц.Содномдорж харцага руу дайрч “Ална. Эндээс зайл” хэмээн хэл амаар доромжилж зодох дээрээ тулжээ. Хамгаалалтад ажиллаж байсан цагдаа нар Ц.Содномдоржийг “Танаас болж үймээн дэгдээд байна. Та эндээс яв” гэсэн байна. Ингэж бужигнаан намдаж Цагаан-Үүр сумын харьяат  аймгийн заан Н.Баттүвшин түрүүлж аймгийн арслан цол хүртжээ. Мөн найман сумын заан улсын цолтой найман бөхөөр тав даван аймгийн начин цол хүртжээ.   

БАЯНХОНГОР АЙМГИЙН ДАНШИГ МАРГААНГҮЙ БОЛЖЭЭ 

Баянхонгор аймагт зохиогдож буй Ламын гэгээн Лувсанданзанжанцаны түмэн өлзий гийсний 375 жилийн ой, Төвийн бүсийн даншиг наадмын хүчит бөхийн барилдаанд 256 бөх барилдсанаас Говь-Алтай аймгийн Бугат сумын харьяат улсын начин Дугардоржийн Батбаяр түрүүлж, Ламын гэгээний нутгийн хүү, Бууцагаан сумын харьяат улсын начин Жаргалсайханы Чулуунбат үзүүрлэв.

Их шөвөгт Говь-Алтай аймгийн Бигэр сумын харьяат улсын начин Саруултуяагийн Багахүү, Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат аймгийн хурц арслан Болдын Эрдэнэхүү нар үлдлээ. Б.Эрдэнэхүү аймгийн арслан Н.Золбоотой тунаж давснаар их шөвөгт үлдсэн юм. Дунд шөвөгт улсын харцага Д.Батболд, улсын харцага Ж.Амартүвшин, улсын начин Л.Гантулга, аймгийн арслан Н.Золбоо нар шалгарсан байна. Баянхонгор аймгийн даншиг наадам аймгийн заан, начин цолтныг төрүүлсэн ч ямар нэгэн маргаангүй болжээ. 

АВАРГУУД “НАЙРАА”-НД ОРЖ  ТАХИМАА ӨГСӨН ҮҮ?

Монгол Улсын Тусгаар тогтнол, газар шорооны төлөө тууштай тэмцэгч, Ойрад Монголын шашин төрийн нэрт зүтгэлтэн Галдан Бошигт хааны мэндэлсний 370 жилийн ой, “Баруун бүсийн хурд” хурдан морьдын уралдаан даншиг наадам Ховд аймагт болж өнгөрсөн.  Энэхүү түүхт баяр наадмын хүчит бөхийн барилдаанд дархан аварга, А.Сүхбат, улсын аварга С.Мөнхбат, Г.Эрхэмбаяр  тэргүүтэй бөхчүүд барилдсан. Баруун бүсийн даншиг наадмын бөхийн тавын даваанд дархан аварга А.Сүхбат харцага Т.Амартүвшинд өвдөг шороодож, С.Мөнхбат аварга аймгийн заан Д.Бадамгаравт, аварга Г.Эрхэмбаяр аймгийн арслан О.Хангайд унасан нь Ховд аймгийнхан “найраа” хийлээ хэмээн шүүмжлэлд өртөөд байгаа юм. Үүнийг ч үнэний ортой гэж ярих хүмүүс олон байна.

Э.Баатар

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.