Арьс ба гэдэс, тэдгээрийн уялдаа

Twitter Print
2022 оны 01-р сар 19-нд 08:14 цагт
Мэдээний зураг,

Таны арьсны эрүүл тунгалаг толигор байх эсэх нь 30% нь нойрноос, 30% нь арьсаа хэрхэн зөв арчилж буйгаас, 30% нь өдөр тутам идэж буй хоол хүнснээс, үлдсэн 10% нь бусад хүчин зүйлээс шалтгаалдаг гэдгийг админ нь өмнө нь дурдаж байсан. Гаднаас нь хичнээн үнэтэй бүтээгдэхүүн түрхээд ч, өчнөөн олон янзын лазер эмчилгээнд ороод ч сэтгэлд хүрэхүйц үр дүн гардаггүйн шалтгаан энэ. Гаднаас нь арчлаад таны арьс одоо байгаагаасаа 30% л сайжирна гэсэн үг. Үлдсэн 70% нь таны амьдралын хэв маягтай шууд холбоотой. Нойрны тухайд бол админ нь өмнө нь дэлгэрэнгүй мэдээлэл постлосон. Харин өнөөдөр хоол хүнс буюу түүнтэй шууд хамааралтай Гэдэсний талаар олж авсан мэдлэг мэдээллээсээ хуваалцъя.

Бидний идсэн хоол хүнс ходоодоор дамжин нарийн бүдүүн гэдсэнд очиж боловсрогддог гэдгийг хүн бүр мэднэ. Гэхдээ нарийн бүдүүн гэдсэнд хоол боловсрох явцад үүсдэг Богино гинжин өөхний хүчлүүд (short chain fatty acid) бидний АРЬСны эрүүл мэндтэй шууд холбоотой байдаг гэдгийг мэддэг хүн тун ховор байх. Энэхүү богино гинжин өөхний хүчил гэдсэнд хэр их хэмжээгээр үүснэ төдий чинээ бидний арьсны дархлаа сайжирч үрэвсэлгүй эрүүл толигор болоод зогсохгүй гэдэсний хана зузаарч сайжрах, мөн сэтгэцийн эрүүл мэндэд ч сайнаар нөлөөлдөг гэдгийг эрдэмтэд тогтоочихоод байна.

Тэгвэл энэхүү чухал Богино гинжин өөхний хүчил гэдэг бодис маань хаанаас хэрхэн яаж үүсдэг вэ? Яаж их хэмжээгээр үүсгэх вэ?

Хүний биеийн нийт эсийн тоо 30 их наяд ширхэг байдаг бол таны гэдсэн дотор буюу нарийн бүдүүн гэдсэнд амьдардаг нийт бичил биетний тоо түүнээс ч их 38 их наяд ширхэг байдаг бөгөөд тэдгээрийн нийт жин нь 200гр буюу ойролцоогоор 1ш алимны хэмжээтэй адил гэнэ. Гэхдээ тоо толгой төрөл зүйл нь олон боловч 1ш алимны л хэмжээтэй тэдгээр бичил биетнүүдэд бидний биеийн нийт генийн мэдээллээс даруй 150 дахин их генийн мэдээлэл хадгалагдаж байдаг гэнэ. Өөрөөр хэлбэл таны гэдсэн дотор нэг ширхэг алимны хэмжээтэй бүхэл бүтэн өөр нэгэн бяцхан ертөнц оршин амьдарч байдаг гэсэн үг. Энэ бяцхан ертөнцийг л 'Microbiome' буюу бидний хэлж заншсанаар ашигт бактерууд гэж нэрлээд байгаа юм. Тэгэхээр бидний гэдсэн дотор амьдарч буй энэхүү 'Microbiome' л өнөөх арьсны дархлаа сэргээгч Богино гинжин өөхний хүчлүүдийг үйлдвэрлэдэг юм байна. Яаж үйлдвэрлэдэг вэ гэхээр 'Microbiome' гэдэг чинь амьд амьтнууд шүү дээ. Амьд байхын тулд өөрт тохирсон хоолыг идэж байж л амьд байна. Тиймээс өөрсдийн иддэг хоолоо хангалттай хэмжээгээрээ идсэн 'Microbiome' л Богино гинжин өөхний хүчлийг их хэмжээгээр ялгаруулах чадвартай болдог гэнэ.

Энэ хүртэл анхааралтай уншсан бол та таны гэдсэн дэх 'Microbiome' -ын төрөл зүйл болоод тоо ширхэг нь олон байх тусмаа сайн юм байна гэдгийг ойлгож байгаа байх. Олон байх тусмаа л богино гинжин өөхний хүчил ихээр үүснэ гэсэн үг шүү дээ. Тэгвэл таны гэдсэн дэх 'Microbiome' ын төрөл зүйл тоо толгойд нөлөөлдөг 3 том хүчин зүйл байдаг байна.

1. Антибиотикийн хэрэглээ

'Анти' гэдэг чинь 'эсрэг' 'биотик' гэдэг чинь 'амьдралын' гэсэн утгатай үг шүү дээ. Антибиотик бол таны биендэх ашиггүй хортой бактер, вирусыг устгахаас гадна ашигтай бактеруудыг ч бас хамт устгачихдаг аюултай. Антибиотик ууж хэрэглэх нь таны Microbiome ын тоо толгой цөөрөхөд маш ихээр нөлөөлдөг.

2. Кесеров төрөлт

Хэрвээ та эсвэл таны хүүхэд хийсвэр хагалгаагаар төрсөн бол эхийнхээ үтрээгээр дамжин өөрөөрөө төрсөн хүүхдээс хэд дахин бага Microbiome-той төрдөг гэнэ. Үүнийг бид өөрсдийн дураар зохицуулж чадахгүй асуудал боловч Microbiome-ын экосистемд яах аргагүй нөлөөлдөг гэнэ. Учир нь ураг эхийнхээ үтрээгээр дамжин төрөхдөө үтрээнд байх маш олон төрлийн Microbiome -уудаар хучигдан өөртөө нааж шингээж гарч ирдэг байна.

3. Хооллолт

Дээр дурдсанчилан та Microbiome-ын идэх дуртай хоол хүнсийг хэр их иднэ тэдний тоо толгой төрөл зүйл төдий чинээ олширно. Тэр хэмжээгээрээ богино гинжин өөхний хүчил их ялгарч арьс тань эрүүл гоё болно гэсэн үг.

Эрдэмтдийн сүүлийн үеийн хийсэн судалгаагаар хэрвээ гэдсэн дэх Micrоbiome идэх хоолгүй өлсөж эхэлвэл хэрхэн өөрчлөгддөг болохыг судалж үзтэл үнэхээр санаанд оромгүй үйл явц болдгийг тогтоож чаджээ. Microbiome өлсөхөөрөө зүгээр нэг тоо толгой нь цөөрч багасах биш бидний гэдэсний ханыг бага багаар идэж цоолдог гэдгийг баталсан байна. Гэдэсний хана нимгэрч цоорох нь хүний биеийн ерөнхий дархлаатай шууд холбоотой. Нас ахихын хэрээр хүний гэдэсний хана нимгэрч байдаг байна. Гэтэл Microbiome-ын өлсгөлөн нь энэ үйл явцыг гэрлийн хурдаар түргэсгэдэг гэнэ шүү.

Тэгэхээр бид өөрсдийгөө хооллох болгондоо гэдсэн дэх Microbiome-уудаа бас давхар хооллох талаар онцгой анхаарах ёстой байгаа биз!

Microbiome-оо хэрхэн зөв хооллох талаар дэлгэрэнгүй мэдээллийг дараагийн постноосоо уншаарай! Урт бичвэрийг минь төвөгшөөлгүй уншсанд баярлалаа!

Эх сурвалж: Арьс судлаач

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.