Чингис хааны хичээнгүй өрлөг ЧУУ МЭРГЭН

Twitter Print
2021 оны 01-р сар 09-нд 11:55 цагт
Мэдээний зураг,

Үүрсэн давхилдах түүхийн морьд зүрхэнд минь дэргэж, өдгөө сэрэх цаг болсныг тунхаглана биш үү. Таныг ч бас уриална биш үү.

Чуу мэргэн. Олны дунд од шиг содон яваагүй ч он цагийн бусгаанд хийморио мохоолгүй од мэт гэрэлтэж чадсан болохоор нь Монголын тэнгэр түүнийг орхиж зүрхлээгүй юм. Зүрчид түмний дундаас төрсөн эх орны хөвгүүн, эзэн Чингисийн өрлөг, их цэргийн жанжин байх түүнд хялбар байгаагүй. Гэмээ өөрөө шүүж, өрөөлийн зэм, өстний мэхээр өөрийгөө ирлэн, эцэст нь сая ялж гарахад бэрх байлаа.

“Эрчлэн дайрах чадалгүй боловч Эвдэрснийг сэлбэх чадалтай би” хэмээн өөрийн сул хийгээд давуу талыг үнэнээр өчсөн нь даруу хийгээд омголныг илтгэнэ. Аливаа зүйлийг эвдэх амархан, засах хэцүү гэдэг билээ. Гэтэл эвдэхээсээ засахдаа гаргуун хэмээх нь эрдэмтэй хүний бүтээж чадах үйл биш үү. Мөн тэрбээр “Уулгалан орох цаг болоход Ухрах зугтах магадгүй” гэж уулхай зантай гэдгээ нуулгүй хэлж байжээ. “Би” гэж хашгиралдсан энэ нийгэмд ийн шударга үгээр өөрийгөө “мэслэх” зоригтон олонгүй л болов уу. Уг нь байвал зүгээрсэн. Хэдийгээр дайны хөлөөс ухрах зантай ч үл ухрах сэтгэлтэй хойно Чуу мэргэн хэзээд довтолсоор байсныг нотлоход бэрхгүй.

Тайчуудтай тулалдах төдий цавчилдан байх хором. Чуу мэргэн дутаахыг завдахад Боорчи “Үй чи, байз! Эх орон, эзэн хааныхаа төлөө ингэж зүтгэдэг билүү. Нүхнээс гарсан алагдаага мэт годхийн зугтах чинь юу вэ?” гэснээр эргэн дайрч, эрэмгийлэн тулалдав. Тэрбээр хэрхэн тулалдсаныг “Алтан товч”-д өгүүлэхдээ “сумлан довтолж, суниан тэлж, эзний заасан зай чөлөөг алдалгүй, гэгээн хүний хөмхий доогуур хөвөртөл, сайн хүний сагалдаргын доогуур сэтэртэл харвав” гэх мэтээр тод дүрсэлсэн байдаг. Үүнд ганц ч алхам арагш үл гишгэснээр дайснаа ялсан мэт боловч уг чанартаа өөрийгөө ялсан алдар гавьяа юм. Чуу мэргэн их улс, үлэмж төрдөө цуцашгүйгээр зүтгэхдээ Чингис хааны ивээлд эрхтэйгээр оршсон гэхээсээ түмний өмнө биелүүлж чадах үүргийнхээ хэмжээгээр хүчээ мэдэж амьдарсан гэвэл илүү зохилтой.

“Хэтэрхийеэ аугаа ард олныхоо дурыг аваад Хэв хэзээ алдарших сайн нэрийг хичээх хэрэг буй за” гэсэн түүний үг дээрх санааг бататгах бөлгөө. Гүн сэтгэхүйн чанарт нь Чингис хаан биширч, оюунаа мянгантаа шадарлан, аливаа зүйлд зөөлөн хандахын үүднээс өрлөгөө хэмээн өргөмжлөн үзсэн нь дамжиггүй. Тиймдээ ч хаан орыг нь залгаж, хамаг улсыг дааж үлдэх Өгэдэй хөвүүндээ гэрээслэхдээ “Би үнэт нэгэн хүнийг бүхнээс онцолж, чиний дэргэд зөвлөн суухыг томилон үлдээж, төр улсын хэргийг эгнэгт өргөсүгэй хэмээн сонгов. Тэр бол Чуу мэргэн мөн” хэмээжээ.

Саараас хагацахын мөрт шулуудаж, сайны зүгт сэтгэл гажилгүй тэмүүлэх аваас санасандаа сая хүрэхэд хэчнээн дөхөм болохыг Чуу мэргэний өдийхөн жишээнээс үзэж болно. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдгийг өвөг маань ийн үзүүлвэй. Та бид өвлөн үзүүлсүгэй!

("Аугаа Үндэстэн" сонин. Д.Дамдинжав. 2003 он)

Зургийг: Зураач Ж.Дүүрэнтөгс

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.