Фотосинтез буюу нар ус хоёрын үр хүүхэд - хүчилтөрөгч

Twitter Print
2022 оны 01-р сар 28-нд 14:10 цагт
Мэдээний зураг,

Олон жилийн өмнө биологийн хичээл дээр багш маань нарны гэрлийн хүч, эрдэс давсыг өөртөө уусгасан ус 2-ын нөлөөгөөр ногоон ургамлын навчинд нүүрсхүчлийн хийг бидний амьсгалдаг хүчилтөрөгч бий болгон хувиргадаг үйл явцын тухай хичээл орж, фотосинтезийн тухай ярихад хорвоо ертөнцийн бүхий л учрыг олчихсон мэт гайхан баясаж бас итгэж ядан байж билээ.

Хорвоо ертөнцөд хүн ба амьд биет амьд үлдэх, амьдрах үндэс нь ус агаар гэдэг. Ус агаар мэт гэж ярьдаг нь ч бас аргагүй. Гэхдээ агаар хэрхэн бий болох вэ гэвэл фотосинтез буюу грек хэлний гэрэл, бий болох гэсэн утгатай үгсийн нийлмэлээр нэрлэгдсэн үйл явцын үр дүн юм. Тэгэхээр нар ус хоёр байхад ургамал бий болно, эргээд ургамал маань нарны гэрэл усны тэжээлээр хүчилтөрөгчийг үйлдвэрлэнэ. Энгийн хүн болгоны мэддэг зүйл мэт боловч амьдралын үндэс нь ус, нар 2, бусад бүх зүйлс энэ 2-оос үүсэлтэй гэж хэлж болохоор мэт.

Дэлхий дээр нар үеийн үед л байсан, харин ус бий болсноор амьдрал эхэлсэн, ус нар 2-ын буянаар амьдралын эхлэл болсон замаг ногоон ургамал үүссэн, аажмаар фотосинтезийн буянаар ургамлаар хооллодог ургамлан тэжээлт амьтад үүссэн, дараа амьтдаар хооллодог буюу махан тэжээлт амьтад үүссэн, тэгээд эцэст нь ургамал амьтан аль алинаар нь хооллодог ХҮН үүссэн. Энэ бүх үйл явц 4 тэрбум жил үргэлжилж байхад алтан нар илчээ илгээсээр ариун ус ивээлээ хайрласаар, энэ 2-ын үр хүүхэд ногоон ургамал бидний амьсгалах агаарыг үйлдвэрлэж, идэх хоол болсоор ирсэн.

Алтан нарын элч биднийг эцэс төгсгөлгүйгээр гийгүүлсээр байх болно. Харин амьдралын эх болсон ус маань бохирдол, хомсдол гэдэг айхтар өвчинд нэрвэгдээд, энэ хоёр өвчин сүүлийн 40-50 жилд улам л даамжраад байна.

Эх болсон УС маань алга болно гэж хэзээ ч байхгүй боловч уух цэвэр усгүй, ургамлын тэжээл болохуйц чанартай ус байхгүй болбол амьдрал тэр чигтээ төгсгөл болох аюултай юм.

Тийм болохоор л УС-аа хайрла, хамгаал, арвижуул, хуримтлуул гэж дэлхий даяар ярьж хэрэгжүүлж, тийм болохоор л усаа ашиглан нүүрсхүчлийн хийг хүчилтөрөгч болгон хувиргах ногоон ургамал, ногоон масс, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх тухай дэлхийн бүх улсад ярьж хичээж байгаа юм. Ядаж л үйлдвэрлэж буй нүүрсхүчлийн хийн хэмжээнээс дутахгүй хэмжээний хүчилтөрөгч үйлдвэрлэх устай ногоон ургамалтай байх шаардлагатай юм.(үүнийг уур амьсгалын өөрчлөлтөнд дасан зохицох гээд байгаа хэрэг)

Ганцхан жишээ: Улаанбаатар хотод 450 гаруй мянган автомашин, тэрнээс олон яндан бий. Гэтэл Улаанбаатар хотод хэдэн мод байгаа билээ. Нэг автомашины, эсвэл нэг яндангийн бий болгож буй нүүрсхүчлийн хийг хэдэн мод нийлж байж хүчилтөрөгч болгох бол? Хамгийн багадаа л 1000-аар яригдах байх, тэгэхээр Улаанбаатарчууд бид цэвэр агаар амьсгалья гэвэл автомашины эсвэл яндангийн тооноос ядаж 1000 дахин олон мод тарих, тэрнээс ч илүү чухал нь усаа хайрлах хэрэгтэй юм. Ийм л чухал усаа бид жорлондоо хэрэглээд л, машинаа угаагаад л, эсвэл нүүрс алтыг угаагаад л байх уу? Амьд бас эрүүл байх нь чухал уу? алт мөнгөтэй байх нь чухал уу? Та бодоорой, бас хариулаарай.

Амьдралын үндэс болсон фотосинтез буюу Алтан нар, Ариун усны буянаар ногоон ургамал бий болж, амьсгалах агаарыг бэлэглэж байгааг та ч, би ч, бид бүгдээрээ мөч бүхэнд санаж УС-аа, Ургамал-аа, Агаар-аа хайрлаж хамгаалж, арвижуулж явцгаая. Үүний тулд тэрбум тэрбумаар мод тарьж ургуулан, боломжит бүх гол горхи дээр усны нөөцийн хуримтлал, усан сан, үерийн хамгаалалт, хөв цөөрөм барьж байгуулан усаа арвижуулан хуримтлуулцгаая.

Эцэг тэнгэр, эх газар хэмээх өвгөдийн маань ариун сургаал ч энэ бүхэнтэй агаар нэгэн буюу.

Зэнээмядарын Батбаяр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.