
Хөл хорионы дэглэмийн улмаас хүүхдүүд болон эмэгтэйчүүд сэтгэл санааны хямралд ихээр өртөж байна. Коронавирусын цар тахал нь сэтгэл санааны хямралд хүргэж болохыг мэргэжилтнүүд анхааруулж байна. Хөл хорионы дэглэм тогтоосноор ажилгүйдэл нэмэгдэж, иргэдийн дунд нийгмээс тусгаарлагдсаны улмаас сэтгэл санаа тавгүйрхэх явдал ихэссээр байна.
Японд өнгөрсөн 10-р сард л гэхэд 2153 хүн амиа хорлож нас барсан нь тус улсад коронавирусын халдварын улмаас нас барсан нийт иргэдийн тооноос давжээ. Японы Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байгаагаар КОВИД-19 цар тахал эхэлснээс хойш Японд нийт 2087 хүн уг вирусын халдварын улмаас нас бараад байгаа аж. Японы амиа хорлолтын тоо баримт цар тахлын үеийн хөл хорионы дэглэм нь хүний сэтгэл зүйд хэрхэн нөлөөлж буйг харуулж байна гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна.
Токио дахь Васэда их сургуулийн профессор Мичико Уэда энэ талаар, "Японд хатуу хөл хорио тогтоогоогүй бас коронавирусын цар тахлын нөлөө бусад улс орнуудтай харьцуулахад маш бага байсан. Гэсэн хэдий ч энд амиа хорлолтын тоо огцом өссөн нь бусад улс орнуудад амиа хорлолт ойрын ирээдүйд манайхтай ижил эсвэл түүнээс ч их гарч болзошгүйг харуулж байна." гэжээ.
ДЭМБ-ын судалгаагаар Япон улс нь амиа хорлолтын тоогоороо дэлхийд тэргүүлдэг ба энэ нь ажлын цаг урт байх, сургуулийн дарамт, нийгмээс гадуурхагдах явдал, сэтгэцийн эмгэгийн талаар ярихаас ичих зэргээс улбаатай аж. 2019 он хүртэл сүүлийн 10 жилд Японд амиа хорлолтын тоо тасралтгүй буурч байсан ч коронавирусын тахлын улмаас уг үзүүлэлт огцом өсчээ.
Тэр дундаа эмэгтэйчүүдийн дунд амиа хорлох явдал нэмэгдсэн байна. Өнгөрсөн жилийн 10-р сартай харьцуулахад Японд энэ жилийн 10-р сард амиа хорлосон эмэгтэйчүүдийн тоо даруй 83 хувиар өссөн ба энэ нь хэд хэд шалтгаантай аж. Японд зочид буудал, нийтийн хоолны үйлчилгээ болон худалдааны салбарт эмэгтэйчүүд голчлон ажилладаг ба коронавирусын цар тахлын улмаас дээрх байгууллагууд нь ажилчдаа олноор нь цомхотгож байгаа нь эмэгтэйчүүдийн амиа хорлох явдал ихсэх болсон шалтгаануудын нэг гэнэ.
Олон улсын ашгийн бус CARE байгууллагаас хийсэн судалгаагаар коронавирусын цар тахлын үеэр эмэгтэйчүүдийн 27 хувь нь сэтгэл санааны бэрхшээлтэй тулгарч буйгаа илэрхийлжээ.
Коронавирусын цар тахлын улмаас сургууль цэцэрлэгүүдийг хааснаар хүүхдүүд гэр бүлийн дарамт, хүчирхийлэлд өртөх, гэрийн даалгавраа цагт нь хийж чадаагүйгээс сэтгэл санааны дарамтанд орох зэрэг тохиолдлууд нэмэгдэж буйг мэргэжилтнүүд мөн онцолж байна. Сэтгэл санааны хямралынхаа тухай ярилцаж зөвлөгөө авах боломжтой 24 цагийн тусламжийн утсанд өдөрт дунджаар 200 орчим дуудлага ирдэг ба тэдгээрийн дийлэнх нь эмэгтэйчүүд хүүхдүүдийн дуудлага байдаг тухай уг тусламжийн утсыг санаачилсан 21 настай Коки Озора ярьжээ.
Японд хавар сургуулиуд хаагдсаны дараа гэрийн даалгавар нь овоорч, найзуудтайгаа цагийг хамт өнгөрүүлэх боломж байхгүй болсоны улмаас хүүхдүүдийн дунд стресст өртөх явдал нэмэгдсэн талаар Японы Хүүхдийн эрүүл мэнд, хөгжлийн үндэсний төвөөс мэдээлжээ.
Тус төвөөс хийсэн цахим судалгаанд 8700 эцэг эх оролцсон ба судалгааны үр дүнд сургуульд сурдаг хүүхдүүдийн 75 хувь нь коронавирусын цар тахлын улмаас сэтгэл санааны хямралд өртсөнийг тогтоожээ.
Эх сурвалж: CNN
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.