Илүү гэрээс татвар авах нь зөв үү?

Twitter Print
2021 оны 12-р сар 20-нд 09:32 цагт
Мэдээний зураг,

Монголчууд бид ИЛҮҮ ГЭР-ийг суух гэрээс гадна юм агуулах, цагаан идээ хийх зэргээр ашигладаг. Орчин үед бол хоёроос дээш үл хөдлөхтэй бол(орон сууц) хөрөнгийг үнэ цэнээ алдахгүй хөрөнгө оруулалт, түрээсийн орлого, барьцаа гэх мэт олон зорилгоор ашигладаг. Нэлээд хэдэн жилийн өмнө нэг иргэн 89 байр эзэмшдэг гэх мэдээ гарч шуугиан тарьж билээ. 

Саяхан яригдаж буй хуулийн төсөлд өмчилж буй гурав дахь үл хөдлөхийн үнийн дүнгээс жил бүр 1-2 хувийн татвар авна гэжээ. Татвартай холбоотой ямар ч хуулийн төсөл бүр дээр бид илүү анхаарах ёстой. Одоог хүртэл төр засаг маань олсон татварын орлогоо үрэлгэн цацаж, үр ашиггүй зарцуулдаг. Мэдээж татварын бааз суурь тогтмол сайжирч байх ёстой ч нэмж татвар төллөө гээд ёроолгүй саванд ус дүүргэхтэй л адил нөхцөлд байна.

Энэхүү хуулийн төслийн дээр бичсэн ганц өгүүлбэр л гэхэд өөртөө мянган асуултыг дагуулж байна. 

  • Нэг өрөө 3 ширхэг үл хөдлөхтэй бол татвар төлөх бол 1 тэрбумын байртай иргэн татвар төлөхгүй нь байна. Тэгэхээр үл хөдлөх дээр тооны хязгаар тавих нь өөрөө утгагүй болж байна.
  • Нэг гэр бүл 6 ам бүлтэй бол 6 хүн тус бүр 1 байр өмчлүүлнэ. Энэ үед дээрх систем ажиллахгүй. Тэр ч байтугай 12 байртай байх боломжтой. 

ҮР НӨЛӨӨ НЬ ЮУ БОЛОХ ВЭ?

Ганц өгүүлбэр дээр дүгнэлт хийж, зөв, буруу гэж аль нэг тал руу нь баримжаа төдий дэнслэхээс илүүтэй хэрвээ иймэрхүү төрлийн хууль батлагдвал зах зээлд ямар үр дагавар үүсэх талаар авч үзье.

Хоёр ба түүнээс дээш үл хөдлөх эзэмшиж буй иргэдийн тоо мэдээлэл олон нийтэд нээлттэй бус байна. 

Албан бус статистикаар зөвхөн орон сууц(орон сууцнаас бусад үл хөдлөх ороогүй) эзэмшдэг 384 мянган иргэн байдгаас 3-аас дээш орон сууцтай, жилээс дээш хугацаанд эзэмшсэн 12,000 гаруй иргэн байдаг гэжээ. Гэхдээ бусдын нэр дээр дамжин эзэмшдэг гэхэд энэ тоо 20 мянгаас хэтрэхгүй л болов уу. Өөрт байгаа тоо мэдээлэл дээр тулгуурлан зөвхөн орон сууцны хувьд энэхүү тооцооллыг хийж үзье.

ШҮҮХИЙН АЧААЛАЛ НЭМЭГДЭНЭ

Нийт шийдэгдэж буй хэргүүдийн дийлэнх нь иргэний хэргийн шүүхээр шийдвэрлэгддэг бөгөөд иргэний шүүхийн нэхэмжлэлийн 30 гаруй хувь нь үл хөдлөхтэй холбоотой маргаан байдаг. Тэгэхээр тодорхой хувийг өөрийн хамаатан, найз нөхөд рүү шилжүүлснээр эргээд шүүх дээр бэлэглэлийн гэрээтэй холбоотой маргаан үүсэх үр дагавартай.

ТҮРЭЭСИЙН ҮНЭ ӨСӨХ ЭРСДЭЛТЭЙ

Өнөөдөр түрээсийн байранд 300 гаруй мянган өрх амьдарч байна. Түрээсийн зах зээлд л гэхэд жилд дунджаар 3.6 их наяд төгрөг эргэлдэж байгаа нь манай ДНБ-ий 10 гаруй хувьтай тэнцэх мөнгөн дүн. Иргэн Дорж хотын төвд 1 өрөө байрыг сарын 800 мянган төгрөгөөр түрээслүүлдэг бол жилийн 9.6 сая төгрөг олно. Хуулиараа бол 70 саяын үнэлгээтэй энэхүү байрнаас 1.4 сая төгрөгийн татвар авах нь байна. Энэхүү татварыг эцсийн хэрэглэгчид үүрнэ. Өөрөөр хэлбэл зах зээл дэх түрээсийн үнэ өснө. 
 

 
Эх сурвалж: Монголбанк

ҮЛ ХӨДЛӨХӨӨ ЗАРЖ ЭХЛЭХЭД БАЙРНЫ НИЙЛҮҮЛЭЛТ НЭМЭГДЭНЭ

Ихэнх иргэд нь бие биедээ байр шилжүүлж барагтай л бол чадахгүй. Тиймээс татварын нөлөөгөөр нэмэлт эзэмшиж буй байраа зарахаас өөр аргагүй. Зөвхөн орон сууцны хувьд, 3-аас дээш орон сууц эзэмшиж буй иргэдээс 12-20 мянган байр суларна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, хамгийн ихдээ орон сууцны жилийн нийлүүлэлттэй тэнцэх хэмжээний байр борлуулалтад орох нь байна. Улмаар зах зээл дээрх байрны нийлүүлэлтийг нэмэгдүүлж, үл хөдлөхийн үнэ буурахад нөлөөлнө.
 

 
Эх сурвалж: Монголбанк

ЗӨВХӨН ОРОН СУУЦНЫ БОРЛУУЛАЛТААС БАГАДАА 1 ИХ НАЯД ТӨГРӨГ, ИХДЭЭ 2 ИХ НАЯД ТӨГРӨГ СУЛАРНА

Дундаж байрны үнэлгээ 100 сая төгрөг гэж үзвэл зах зээлд зөвхөн орон сууцнаас л гэхэд багадаа 1 их наяд төгрөг, ихдээ 2 их наяд төгрөг сулрахаар байна. Мөнгө амардаггүй. Суларсан энэ мөнгө хаа нэгтээ байршина. Зарим нь хадгаламж, зарим нь хөрөнгийн зах руу орно. Гэхдээ үл хөдлөхөөс гарах эдгээр мөнгө нь илүүтэй эрсдэл суурьтай хөрөнгө оруулагчдынх учраас өндөр эрсдэлтэй, богино хугацаанд хэлбэлзэлтэй хөрөнгө оруулалт хийгдэхгүй.

ЗААВАЛ ХУУЛЬЧЛАХ ГЭЭД БАЙХ ХЭРЭГ БАЙНА УУ?

Манайх эдийн засгийнхаа 30 хувьтай тэнцэх далд эдийн засагтай. Өөрөөр хэлбэл, хаа сайгүй үхмэл капитал хөглөрч байдаг. Мэдээж 89 байртай хүн бол түрээсийн орлогоосоо татвар төлж байх ёстой.

Энэ бүхнийг албан сектор болгох нь бүртгэл, мэдээлэл, хяналтын нэгдсэн системтэй л болох асуудал. Бид Европ, Америк, Скандинавын орнуудын татварын жишээ ярих дуртай. Гэвч эдгээр орнуудад газар, үл хөдлөхийн бүртгэлжүүлэлтийн системийг маш тодорхой хийж өгсөн байдгийг мартаж болохгүй. Нэгэнт үхмэл капиталаас шилжсэнээр эргээд татвараа төлөх боломжууд нь ч гэсэн нэмэгдэнэ гэсэн үг. Ер нь татвар бол хамгийн хөшүүн, уян хатан бус зохицуулалт юм. Иймэрхүү учир дутагдал бүхий зохицуулалтын эсрэг хуулийн цоорхой байнга л үүсэх болно.

Эдийн засагч, шинжээч Г.Батзориг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.