Триатлоны спорт 40 нас хүрлээ

Twitter Print
2014 оны 07-р сар 31-нд 11:08 цагт
Мэдээний зураг,

Триатлоны спорт харьцангуй шинэ төрөл боловч дэлхийн өнцөг булан бүрт жигд хурдацтай хөгжиж, олимпийн наадмын хөтөлбөрт байнга багтдаг болсон.

Орчин үеийн олимпизмийг үндэслэгч, Францын их соён гэгээрүүлэгч Пьер де Кубертен одоогийн триатлон маягийн спортыг ихэд сонирхож байсан баримт бий. 3-4 төрлийг зэрэг гүйцэтгэх тамирчин бол үнэхээр шилдэг гэдгийг тэр онцолж байжээ. Гэвч уг спортыг бие даасан байдлаар хөгжүүлэх эхлэлийг 1974 оны үед АНУ-ын Сан-Диего хотод тавьсан гэдэг.

Харин Олон улсын Триатлоны Холбоо (ITU) 1989 оны тавдугаар сард байгуулагдсан бөгөөд тэр жилдээ Францын Авиньон хотноо анхны ДАШТ-ээ зохион байгуулжээ. ОУТХ одоогоор 130 гаруй гишүүнтэй, Монгол Улс тус холбооны 108 дахь гишүүн нь юм.

1994 онд Парист хуралдсан олон улсын олимпийн хорооны чуулганаас триатлоныг олимпийн их наадмын хөтөлбөрт багтаах шийдвэр гаргаж, 2000 оны Сидней, 2004 оны Афин, 2008 оны Бээжингийн олимпод триатлончид оролцоод байна. Триатлон нь усанд сэлэлт, дугуй, гүйлт гэсэн гурван төрлийн нийлбэр гэхэд болно. Дотроо янз бүрийн зайтай. Олимп, дэлхий, тивийн хэмжээний тэмцээнүүд нь олимпийн зайд (1500 метр сэлж, 40 км дугуйгаар уралдаж, 10 км гүйнэ) явагддаг.

Мөн спринт (750 м сэлж, 20 км дугуйгаар, 5 км гүйх), холын (4 км сэлж, 120 км дугуйгаар, 30 км гүйх), ironman буюу хэт холын (4 км сэлж, 189 км дугуйгаар, марафоны зайд гүйх) зэрэг олон зайтай.

ТРИАТЛОН ОЛИМПОД БАГТАВ

Триатлоны спорт олимпийн хөтөлбөрт багтсан түүх их сонин. “Лос-Анжелес-84” олимпийн үеэр ОУОХ-ны тэр үеийн ерөнхийлөгч, Испанийн маркиз хэргэмт Хуан Антонио Самаранч Америкийн телевиз харж суутал триатлоны тэмцээн гарч таарч. “Хөөе энэ чинь зүгээр юм, олимпод оруулья” гээд Шведийн гишүүн Г.Эрикссонд тушаал өгчээ. Тэрээр залуу цагтаа уулын цанаар гулгаж явсан, эртний танил Лес Макдональд руугаа холбоо барьжээ.

Дугуйгаар чамгүй уралддаг, сэлвэл ч сэлчихдэг канад өвгөн удаан бодолгүй зөвшөөрсөн гэдэг. Улмаар Олон улсын триатлоны холбоог (ITU) 1989 онд байгуулж, тэр жилдээ Францын Авиньонд Дэлхийн аварга шалгаруулах анхны тэмцээнээ явуулжээ. “Сидней-2000”-оос эхлэн олимпийн хөтөлбөрт оруулах шийдвэрийг ОУОХ 1994 онд гаргажээ.

ТРИАТЛОНЫ ГЭР БҮЛ

Триатлон нь усанд сэлэх, дугуй, гүйлтийг нэгтгэсэн төрөл бөгөөд гурван спортыг завсарлагагүйгээр (нэгийг дуусаад нөгөөг эхлэх маягаар) гүйцэтгэнэ. Триатлоны салшгүй нэг хэсэг нь тухайн спортоос нөгөөд шилжих шилжилтийн цэг билээ. Үүнийг триатлоны дөрөв дэх төрөл гэх нь бий. Дуатлон бол гүйлт, дугуйг хосолсон төрөл. Мөн гурван хэсэгтэй: Гүйлт - Дугуй - Гүйлт. Сэлж чадахгүй, усанд тааламжгүй, эсвэл сэлэх цаг агаар, орчны бололцоо муутай газарт нэн тохиромжтой төрөл юм.

Акуатлон бол усанд сэлэлт, гүйлтийг хослуулсан төрөл. Дараах гурван хэсэгтэй: Гүйлт - Сэлэх - Гүйлт. Энд нэг онцлог бий. Хэрвээ сэлэх явцад усны тусгай хувцас (wetsuits) хэрэглэх бол тэмцээнийг сэлэх-гүйлт болгон өөрчилнө. Акуатлон нь триатлонтой анхлан танилцах явцад, тэр дундаа өсвөрийн тамирчдад гойд зохицдог. Ерөнхийдөө онцын аюулгүй бөгөөд оролцогчдоос маш цөөн хэрэглэлийг шаарддаг.

Өвлийн триатлон нь гүйлт, уулын дугуй, цаныг хослуулсан төрөл. Хүйтэн цаг агаар, урт өвөлтэй орнуудад тохирсон тэмцээн юм. Өвлийн триатлон нь мөн тамирчдад хүйтэн сэрүүний улиралд бэлтгэл сургуулилтаа таслахгүй байх сайхан боломж олгодог.

МОНГОЛЫН ТРИАТЛОНЫ ХОЛБООНЫ ТҮҮХЭЭС

2004 оны арванхоёрдугаар сарын 18-нд спортын сэтгүүлч Б.Цагаанбаатарын санаачилгаар байгуулагдсан. Улмаар ХЗДХЯ-наас Улсын бүртгэлийн гэрчилгээ авч Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулах эрхтэй болжээ. 2005 оны гуравдугаар сард МҮОХ-ны гишүүнээр элсч байжээ. МТХ-ны ерөнхийлөгчөөр Нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй ажилладаг. Түүнчлэн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Б.Цагаанбаатар ажиллаж байна.

Гүйцэтгэх зөвлөлдөө 31 гишүүнтэй. МТХ нь 2005 оны зургадугаар сард Азийн триатлоны холбооны гишүүнээр элсэх үедээ нэг ч тамирчингүй байсан бол мөн оны наймдугаар сарын 28-нд Гачууртад болсон улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээнд 13-63 насны 46 тамирчин (үүнээс таван эмэгтэй) оролцжээ.

Тамирчдын дунд гавьяат тамирчин нэг, ОУХМ дөрөв, спортын мастер 20 шахам байсан юм. 2006 оны наймдугаар сарын 28-нд Улсын аварга шалгаруулах II тэмцээнээ зохион байгуулахад 45 тамирчин (үүнээс зургаан эмэгтэй) дөрвөн насны ангилалд өрсөлджээ.

Төд удалгүй БНХАУ-ын Жиаюгуань хотноо болсон Азийн аваргад Ч.Гансүх, А.Анхзул, М.Цэнгүүн нар, “Доха-2006” Азийн XV наадамд Н.Наранбат, М.Цэнгүүн нар, Дохад III сард болсон Дэлхийн цомын тэмцээнд спортын дэд мастер А.Анхзул тус тус оролцсон.

Мөн зун нь Унгарын Тисауварошт дэлхийн өсвөр үеийнхний 14 хоногийн цугларалтад Б.Зоригт, Б.Бүтэх-Үйлс нар, БНХАУ-ын Чанпиньд Азийн I зэрэглэлийн дасгалжуулагчийн курст Т.Цог Олон улсын триатлоны холбооны санхүүжилтээр тус тус амжилттай оролцлоо.

Одоогоор манайд МТХ-ны шигшээ багийн тамирчид “Виста” клубт спортын мастер Н.Наранбат, Б.Дөлгөөн нарын удирдлага дор жилийн дөрвөн улирлын туршид бэлтгэлээ базааж байна. Мөн “Орчлон” клуб, Усан спорт сургалтын төв, Орхон аймгийн “Хангарьд” спорт клубт тамирчид хичээллэдэг. Түүнчлэн дугуйн тамирчид дуатлоноор хичээллэдэг болоод байна.

2007 оны тавдугаар сард анх удаа дуатлоны улсын аваргыг зохион байгуулахад Дорнод, Хөвсгөл, Сүхбаатар, Төв, Орхон аймаг, Улаанбаатарын 50 гаруй тамирчид уралдсан. 2007онд Казахстаны Кокшетау хотноо болсон өсвөр үеийнхний тэмцээнд Н.Тэмүүлэн 11 насны ангилалд III байрт шалгарсан нь Монголын триатлоны түүхэнд гадаадын тэмцээнээс авчирсан анхны өндөр амжилт байлаа. Тус тэмцээнээс хэдхэн хоногийн дараа Казахстаны Бурабайд болсон Азийн цомын тэмцээний залуучуудын ангилалд Б.Тэлмэн мөнгөн медалиар энгэрээ мялаасан түүхтэй.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.