“Эзэн 100”-ийн дараа эдийн засаг хаачих вэ?

Twitter Print
2014 оны 07-р сар 30-нд 18:53 цагт
Мэдээний зураг,

Эдийн засгийг эрчимжүүлэх “ЭЗЭН-100” хөтөлбөрийг энэ оны тавдугаар сарын найманд баталсан.

Өөрөөр хэлбэл, тэр өдрөөс эхлэн “Галт тэрэг” явж эхэлсэн юм. Эдийн засгийг идэвхжүүлэх ажлаа үндсэн таван бүлэгт хуваасан төлөвлөгөөгөө Засгийн газраас сүр дуулиантай танилцуулж байлаа.

Тэд үйлдвэрлэгч бизнес эрхлэгчдийг дэмжиж, уул уурхай, барилга, аж үйлдвэр, дэд бүтцийг салбарыг эрчимжүүлэх, аймаг, орон нутгийн эдийн засгийн чадавхийг сайжруулах, гадаадын хөрөнгө оруулалтыг татах ажлууд хийхээр амлаж байв. Харин одоо хөтөлбөрийг санаачлагч, хэрэгжүүлэгчид нь “Улс орны эдийн засаг 100 хоногийн дотор өргөс авчихсан юм шиг яаж тийм хурдан сайжрах юм бэ” хэмээн ярьж олны нүдийг орой дээр нь гаргаж амжсан.

Одоогоор “ЭЗЭН-100” хөтөлбөрийн хүрээнд хийхээр төлөвлөсөн ажилдаа ил тодоор “Дүн” тавьсан нь Уул уурхайн яам. Тэд нийт 19 ажил хийхээр төлөвлөснөөс хэрэгжилт, үр дүнг нь хянаж үзээд “Ерөнхийдөө 65 хувьтай байна” гэж өнгөрсөн долоо хоногт олон нийтэд мэдээлсэн. Ингээд тус хөтөлбөрийн хүрээнд хийж буй аливаа ажлын явцыг эрчимжүүлэх, биелэлтийн хувь арай бага байгааг нь хяналтдаа авч, анхаарч ажиллахаа удирдлагын түвшиндөө амласан юм.

Харин бусад нь таг чиг. Тэр ч байтугай “ЭЗЭН- 100”-ийнхан өөрсдөө ч эзгүй зуны адаг сар алгуурхан алсарч байна. Эдийн засаг гэдэг үнэндээ дан ганц уул уурхай биш билээ. Үүнийг дээр, дооргүй ойлгож мэдэрч л байгаа. Тэгээд ч уул уурхайн салбарынхны гаргаж ирсэн 65 гэдэг тоо өнөөдөр хэнд ч падлий гүй байгаа нь л үнэн. Ард түмэн цаасан дээрх 65 хувь гэдэг тоог биш амьдрал дээрээ л бодит үр дүн хүлээж байв. Тодруулбал, өглөө болгон 850 төгрөгөөр авдаг байсан “Атар” талх нь яг энэ хөтөлбөр хэрэгжих хугацаанд 1100 төгрөг болж гэнэтийн бэлэг барьсан. Ингээд зогсохгүй хөтөлбөр эхэлж байх үед ам.долларын зарласан албан ханш 1807 төгрөг байлаа.

Тэгвэл өнөөдөр тус ханш 1861 төгрөгт хүрээд байна. Өөрөөр хэлбэл, эдийн засгийг эрчимжүүлж эхэлсэн 80 гаруй хоногт ам.долларын ханш ийнхүү өсчээ. Харин юанийн зарласан ханш тавдугаар сарын найманд 290 төгрөг байв. Одоо тус ханш 301 төгрөгт хүрч, мөн л өөдөө тэмүүлсэн график харагдаж байна. Зөвхөн Төвбанкны тухайн өдрийн нэрлэсэн ханшийг л жишээ татахад ийм. Тэгвэл өчигдөр арилжааны банкууд ам.долларыг 1855 төгрөгөөр аваад 1871 төгрөгөөр зарж байлаа. Харин валют арилжааны захууд ам.долларыг 1868 төгрөгөөр авч 1876 төгрөгөөр зарж байв.

Удахгүй нэг “ногоон” хоёр цэнхэр мянгаттай тэнцэхийг үгүйсгэхээргүй болжээ. Намар хаяанд ирчихээд хаалга тогших гэж байхад энэ нь олон нийтэд түгшүүр төрүүлж буй нь нууц биш. Энэ бүхний эцэст “ЭЗЭН-100” гэгч хэдэн сар хугацаа хожих гэсэн эрх мэдэлтнүүдийн заль байсан нь тодорхой боллоо хэмээн иргэдийг дургүйцэхэд хүргэв. “Олон гэдэг оломгүй далай” хэмээх үг бий. Ийм их хүч “Шуурвал” ч эвгүй дээ, эрхэм түшээд ээ! Манай улсын эдийн засаг хүссэн, хүсээгүй улстөрчдөөсөө ихээхэн хамааралтай гэдгийг захын чавганц мэднэ. “Хойтон жилийн наадам хол байна даа” хэмээн уянгалж явах хооронд чинь 2016 он ойрхон болчихсон байх вий.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.