Монгол хүн гэгдэхийн түүхэн хийгээд логик учир, холбогдол

Twitter Print
2020 оны 01-р сар 31-нд 09:12 цагт
Мэдээний зураг,

"Уулын мод урттай богинотой, олон хүн сайнтай муутай", "Хүн бүр адилгүй, хүлэг бүр жолоогүй" гэдэг. Хүмүүс (хар, цагаан, шар, халтар арьстан хэн боловч) гадаад төрхөөрөө адилхан, эрхтэн, мөчүүд, нугалмаараа ч адилхан билээ.

Тэдний оюун ухааны хөгжил, хэмжээ, түвшин ч үндсэндээ адилавтар. Боловсрол, туршлага, хуримтлуулсан мэдлэг, мэдээллээрээ л өөр өөр. Гэвч тэдэнд үндэстэн, угсаатны нь хамаарлыг илтгэн үзүүлдэг нэгэн чухал цогцолбор шинж бас бий. Хувь хүний угсаа, гарваль, үндэсний түүхийн мэдлэгт суурилсан "бие хүний түүхийн ухамсар" тухайн хүний чухам хэн болохыг илтгэн харуулдаг. Хүний ухамсар бол мэдээж олон талтай, олон бүрэлдэхүүн хэсэгтэй.

Гэвч ухамсрын хамгийн гол, тодорхойлогч тал бол эх түүхийн нь мэдлэгт суурилсан үзэл бодол, хүсэл, эрмэлзэл юм. Энэ үзэл бодол, хүсэл, эрмэлзэл нь ямар байна, уг хүн өөрөө тийм л хүн байдаг. Боловсролтой, оюунлаг гэр бүлд төрж өссөн, оюунлаг сэхээтнүүдийн хүрээлэл дунд амьдарч хэрсүүжсэн хүү, охин хэн боловч тухайн угсаатан, үндэстнийхээ нэгэн идэвхтэй гишүүн, эх оронч сэтгэлгээтэй иргэн болж хүмүүждэг.

Хувь хүнийг нэгэн багаж (жишээ нь сүх) гэвээс түүнийг ирлэж, бас ишилж өгөх ёстой. Ингэхлээр хувь хүн ч тэр, ард түмэн ч тэр эх түүхээрээ ишлэгдсэн, ирлэгдсэн байх учиртай. Чухам тэгж байж л тэр хүн, жишээ нь Монгол хүн болох ёстой. "Би Монгол хүн" гэж хэлэхийн тулд Монголынхоо төлөө цохилох зүрхтэй байх ёстой гэдэг дээ...

Байгаль-цаг уурын нөхцөл, шахаа, дарамт, хүндрэл нь хүн дүрст мичийг хэдэн сая жилийн туршид ухаажуулсаар байгаад бусад бүх амьтнаас ялгаруулаад, оюун ухаант хүн болгож чаджээ. Хүмүүс өсөж олшроод, тарж нүүдэллээд, манай дэлхийн гадаргууг арал, хойг, олтриг үлдээлгүй шахам эзэгнэн амьдрах болжээ. Тэгэхдээ бүр бүлэг бүлгээрээ салж, ондоосож, өөр өөр ард түмэн гэгдэж, өөр өөр хэл, соёлтой болж, өөр өөр эх түүхтэй өөр өөр үндэстнүүд болж хувирчээ. Өсөж олширсоор 200 гаруй бие даасан тусгаар улс болцгоожээ. Улсууд хоорондоо харилцахдаа дагаж мөрддөг хууль-эрхийн орчинтой ч болж, бас олон улсын харилцааг авч үздэг шүүхтэй, Нэгдсэн үндэстний байгууллагатай ч болсон байна.

Улс үндэстэн бүхэн олон улсын харилцаанд биеэ даасан нэгэн цогцолбор субъект болон оролцож өөрийн гэсэн үзэл бодолтой, өвөрмөц нүүр царайтай, өөрийн гэсэн эх түүх, соёлтой, оноож онцолсон нутаг дэвсгэр, хил хязгаартай, өмнөө тавьсан зорилго, ашиг сонирхолтой байх болжээ. Хүн нэгбүр хүүхэд, хөгшид гэхгүйгээр аль нэгэн улс орны иргэд гэгдэж эрх эдэлж, үүрэг хүлээдэг. Улс орон бүр иргэдээ эх түүхээр нь ишилж, цэнэглэж, өөр өөрийн эх орончдоо тусгайлан бэлтгэж иржээ. Энэ уламжлал хэзээ ч, хаана ч ер тасалдаж, орхигдож байсангүй.

Жинхэнэ эх орончид л жинхэнэ цэрэг, жинхэнэ хилчин, жинхэнэ төрийн түшээ, жинхэнэ Ерөнхий сайд, жинхэнэ Ерөнхийлөгч болдог хэмээн тооцсоор иржээ. Үнэндээ ч тийм байсныг эх түүх нь нотолдог, үзүүлдэг ажээ. Өмнө өгүүлснээс улбаалан бодохул XXI зууны эхэн үеийн Монгол улсад байдал ямар байна вэ? 2001 оноос хойших баримт, материалаас үзвэл УИХ-ын гишүүд, засгийн газрын гишүүдийн 70-80 хувь нь Дэлхий дахины түүх болон Монголын түүхийг их, дээд сургуульд үзэж судлаагүй хүмүүс байв.

Монгол хүн гэгдэхийн түүхэн хийгээд логик учир, холбогдол зурган илэрцүүд

Монголын төрийн түүхийг судалсан, Монголын төр ёсны уламжлалыг мэддэг, төрийн хар хайрцагны бодлогын талаар зохих хэмжээний мэдээлэл, төсөөлөлтэй гэх аваас тийм хүн хэд гуравхан байх ажээ. Монголын төр эн тэргүүнээ чухам юуг чухалчилж, түүнээ ямар ямар үзүүлэлт, хэмжүүрээр дэнсэлж, шалгаж байх ёстой болохыг хатуу тогтоож, сахиж, мөрдөж байхыг хуульчилсан нууц, харьцангуй нууц бичиг, баримт ч эдүгээ байдаггүй бололтой.

Нийслэл, хот, аймгийн хурлын төлөөлөгчид, засаг дарга нарын хувьд ч гэсэн Монголын төр ёсны түүх, уламжлал, нутаг орны онцлогт тохирсон өвөрмөц бодлого, өөрийн гэх нүүр царай, заншил, зан үйлийн холбогдолтой үнэт зүйлсийн өвлөл, залгамжлалын сан хөмрөг алга шахуу байна. Бид чухам юу юугаараа бахархаж, алдаршиж, бусдад үнэлэгдэж, хүндлэгдэж явсан юм бэ? гэдгийгээ аймаг бүр, сум бүр мэддэг, одоо ч гэсэн тэр хэмжээ, чанараа хадгалдаг, тэр үнэт зүйлсээрээ их орлого, өндөр ашиг олдог байх ёстой. Бусдыг татдаг, дур хүслийг нь булаадаг, аялагчдын зорьж очдог нэг газар нутаг байх ёстой.

Монголын түүх, уламжлалаар суурилсан оюун санааны амьдралтай, шинжлэх ухааны олон салбарын мэдлэгт түшиглэсэн үзэл бодод, ухамсартай, Монголоороо байх хүсэл эрмэлзэлтэй, Монголоо, Монголчуудаа гэх эх оронч сэтгэлтэй тийм хүмүүс болж хөвгүүд, охид маань хүмүүжиж боловсрох учиртай. Монгол угсаатны эх түүх, соёл, зан заншил, ёс суртахуунаар "ишлэгдсэн" бие хүн бол Монгол хүн мөн болно.

Өөрсдийгөө "хүн" гэдэг үгээр нэрлэж, өвөг Монгол хэлээр ярилцаж, нүүдэллэн аж төрж байсан язгуурын Монгол аймгууд яван нэгдэж томорсоор Хүннү улсыг байгуулжээ. Төв Азийн олон хэлний нүүдэлчдийг өөртөө татаж нэгтгэсээр Хүннү улс аажимдаа эзэнт гүрэн болж дэгжиж томорчээ. Энэ эзэнт гүрэн задарч хуваагдах үед мөн л Монгол угсааны аймгуудаар цөм хийсэн Сүмбэ гүрэн, хожуу нь Их Нирун буй болжээ. Өмнө этгээддээ орших Хятадын эзэнт улсуудтай сүр хүчээр эгнэж, чацуурч, эрх тэгш гэрээ хэлэлцээр хийж, төрийнхөө бүрэн эрх, тусгаар тогтнол, хэл, соёлоо хадгалж, хамгаалж явсан эртний баялаг түүх Монголчууд бидэнд ийнхүү бий юм.

Эртний түүхээ ядаж л өмнө өгүүлсэн хэмжээнд, нэмээд Түрэг, Уйгар, Киргизийн үе, Киданы үе, Их Монгол улсын үе гэсэн хэлхээ, холбоонд мэддэг байх нь улстөрчдийн үүрэг билээ. Хүннү гүрэн бол бидний сайн мэдэх ЗСБНХУ (СССР) шиг олон улс, олон үндэстний нэгдэл, холбоо байжээ. Иймд Хүннү гүрний бүрэлдэхүүнд байсан аль ямар ч нүүдэлчид бид хүннүчүүд гэж хэлэх эрхтэй юм. Монголчууд бол хүннүчүүд мөн. Гэхдээ хүннүчүүд бол зөвхөн монголчууд биш болно. Энэ байдлыг мэддэггүй манай нэгэн ерөнхийлөгч радио, телевизээр "Монголчууд бол хүннүчүүд мөн. Хүннүчүүд бол монголчууд мөн" хэмээн өндөр дуугаар тунхаглан зарлаж байлаа. Улсын Ерөнхийлөгч, ерөнхий сайдын зиндааны улстөрч хүн яалт ч үгүй, бүр заавал эх түүхээрээ "ишлэгдсэн" байх ёстой. Энэ шаардлагад нийцүүлж бие хүн өөрийгөө бэлдэх учиртай. Сонгогчид ч ийм шаардлага тавьж нэр дэвшиж буй хүнтэй харьцаж, асууж шалгааж байж саналаа өгөх ёстой.

Аль ч улс үндэстний түүхээс үзэхэд эх орончид нь, тэмцэгчид нь, гавъяатай хүмүүс нь, ард түмэндээ эцэг, эх нь болсон Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар нь бүгд л улс, үндэстнийхээ эх түүхээр "ишлэгдсэн" хүмүүс байжээ. Эх түүхийн мэдлэг, уламжлалт соёлын мэдлэгийн ид увдис эх орончдод нугаршгүй, хугаршгүй хүч эрчим, үл ухрах, үл худалдагдах зан чанарыг олгодог байна. Ингэхлээр эх орончид бол тухайн төр засгийн зорилтот хөтөлбөрийн дагуу хүмүүжиж төлөвшдөг ажээ.

Улс орон бүр энэнийг тооцож, энэ хэрэгт онцгойлон анхаарч, цаг үеийн онцлогтой холбож, нийцүүлж эх орончдоо бэлдэж байх ёстой. Иргэн нэгбүрээ эх оронч болгон төлөвшүүлэх ажлыг хүүхдүүдийн дунд цэцэрлэгийн наснаас нь эхлэн тасралтгүй зохиосоор их, дээд сургүулийн оюутан нас, бүр 25-30 нас хүртэл нь үргэлжлүүлэх шаардлагатай. Нийгэм дэх аливаа хамт олон бүр үйл ажиллагаагаа экологийн хувьд хор хохиролгүй, эдийн засгийн хувьд арвич хямгач, эх орныхоо үйлдвэрлэн бүтээгчдийг эн тэргүүнээ дэмжих эрмэлзэл, хандлагатайгаар зохион байгуулж, өрнүүлж байх үүрэгтэй.

Энэнийг "Журамт үүрэг" хэмээн нэрлэж хуульчилж ч болох юм. Хүүхэд, ер хүнд хамгийн үр дүнтэй нөлөөлдөг хүчин зүйл бол орчин, нөхцөл нь, хамт олон нь билээ. Иймд аливаа хамт олны дотоод уур амьсгал, харилцаа өндөр ёс суртахуунтай, архи тамхинаас чөлөөтэй, хүмүүнлэг энэрэнгүй, нөхөрсөг, тусархуу байх ёстой. Орчны сайн нөлөө ямар ч сургалтаас илүү гарах үр дүнтэй байдаг. Орчны сайн нөлөө, шаардлага, зөв дарамт нь хүүхдийг хүн болгон төлөвшүүлэх нь битгий хэл хүн дүрстэй мичийг ч хүн болгож хувиргасан гавъяатай билээ.

Бич хүн болж хувирсны гол шалтгаан нь байгаль цаг уурын шахаа, дарамт, хүндрэл юм. Тэр бүхнийг зөвхөн л тасралтгүй хөдөлмөрлөж, хөдөлж, урд хөлөө гар болтол нь, уураг тархиа компьютер болтол нь ажиллуулж байж л даван туулж болох байв. Өдрийн уртыг өлбөрч үхэлгүй өнгөрөөх, шөнийн хүйтнийг хөлдөж үхэлгүй давахын төлөөх амь өрссөн тэмцэл олон зуун мянган жилийн туршид тасралтгүй үргэлжилсний эцсийн үр дүн нь оюун ухаант хүн, бид, хомосапиенс юм.

Харин байгаль-цаг уурын нөхцөлийн тийм шахаа, дарамт, хүндрэл эх дэлхийн маань чухам хаана ингэж урт удаанаар үргэлжилсэн юм бэ? Энэ асуултанд "Төв Азийн өндөрлөг" гэх ганц хариулт л өгөгддөг. Тэгэхлээр "Төв Азийн өндөрлөг" гэх энэхүү унаган газар нутаг маань Монголчууд биднийг хөдөлмөрч, тусархаг, хүмүүнлэг, зочломтхой, экологич, эх оронч болон төлөвшихөд маань хэдэн зуун мянган жилийн өмнөөс л тасралтгүй нөлөөлсөөр, тусалсаар иржээ дээ?

Судлаач, профессор Д.Чулуунжав

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.