Үзмэр /өгүүллэг/

Twitter Print
2018 оны 01-р сар 02-нд 14:10 цагт
Мэдээний зураг,

Ам нь хатаж, хоолой нь арган толгой нь яг л хагарах гэж байгаа юм шиг өвдөж байлаа. Уух юм хайн ширээ рүү гараа сунгавал хоосон шилнээс өөр юу ч баригдсангүй. Жаргалмаа арай ядан өндийж, гал тогооны өрөөн орж,  хөргөгчнөөс савтай хүйтэн сүү авч, аягалж ч чадсангүй, шууд л саваар нь тонгойлгов.  Бүсгүй өөрийгөө толинд харав. Арчилж, самнаагүй ширэлдсэн өтгөн хар үс, цонхийж цайсан ядруу царай, өнгөө алдсан уруул, нулимсанд угаагдсаар  гал нь бүүдийсэн нүд нь  өтгөн сормуусаа даахгүй мэт гунигтай. Бүсгүй хэвтэхээр ор руугаа зүглэтэл дотуур холбооны утас гэнэтхэн тачигнаж, цочсондоо тэр арай л савж унасангүй.  Утас дуугарсаар... Жаргалмаа утсаа авахгүй гэж хичнээн хичээсэн ч нэг л мэдэхэд авсан байлаа.

-Байна уу? гэвэл өнөөх л хөндий хоосон дуу утасны цаанаас

-За архичин минь босчихсон уу? Наад нүүр амаа янзал. Орой манайд хэдэн хүн ирнэ. Чи нээрээ хэрэг алгаа. Хэрвээ би гудамжнаас гурван жилийн өмнө нэг нохой авчраад тэжээсэн бол аль хэдийнээ гаршуулаад, гэршүүлээд авах байсан. Гэтэл чи сүүг ч аяганд хийгээд ууж чадахгүй нөхөр юмаа. Үсчин хүүхэн гадаа чинь очиж байгаа гэснээ тархийтэл утсаа салгав.

Жаргалмаа юу ч хэлж чадсангүй. “Өөдгүй новш” хэмээн хашгирахыг хүссэн ч хожимдсон байлаа. Үргэлж өөрийг нь тандаж, бас хаа явааг нь үргэлж шиншилж, юу хийж байгааг нь байнга харж байхыг Жаргалмаа үзэн яддаг учраас “Өөдгүй новш, өмхий гахай” хэмээн амандаа үглэв.

Өнөөх л хөндий том өрөөнүүд, үнэтэй чамин тавилга, хээнцэр гоёлын шаазангууд... Энэ гэрийн юм бүхэн үнэ цэнэтэй. Шалны хулдаас нь гэхэд л Германаас авчирсан сая шахуу долларын үнэтэй чамин эд. Үүдэнд тавьсан гутал арчдаг хөлний алчуур л гэхэд Английн алдартай фирмийнх.

Хоол хийдэг тогооч, үүд манадаг манаач нь хүртэл гадаад. Үнэндээ энэ гэрт Жаргалмаагаас бусад нь бүгд гадаадынх, бас фирмийн үнэтэй чамин эд. Баян эрийн тансаг сууцны нэгээхэн хэсэг нь гэж тэр өөрийгөө бодохоор дахиад л гашуун нулимс хацрыг нь зурж эхэллээ. Жаргалмаа бачимдсандаа хашгирмаар, бүр орилж чарламаар санагдсан ч дуугарч чадсангүй.

Жаргалмаа хүний ганц охин. Эцэг эхийн хайраар дутаагүй, эд мөнгөөр ч дутаагүй. Түүнд охидын атаархдаг бүхэн байсан. Чамин дэгжин хувцас, бас хөөрхөн нүүр царай, гоолиг бие бялдар. Хөвгүүд түүний хойноос гүйж, охид ч гэсэн түүнтэй нөхөрлөхийг хүсдэг байсан. Хэзээ ч ингэж бусдад нохойноос дор хэлэгдэж явсан удаа түүнд байхгүй.

Бодохоор л уйлмаар, бүр хашгирмаар байлаа. Гэвч тэр өөрөө өөрийгөө ийм занганд хийсэн гэм буруутан нь гэж бодохоор өөрийгөө л үзэн ядаж байлаа. Одоогоос гурван жилийн өмнө Их сургууль дөнгөж төгсөөд байхдаа Жаргалмаа Балттай танилцаж байлаа. Баян чинээлэг, ихэмсэг эр. Түүний эр хүнд л баймаар өргөн ханхар цээж, өтгөх хөмсөг, хар нүд бүсгүйд хачин их таалагдсан. Хамгийн гол нь юм үзээгүй жаахан бүсгүйд баян чинээлэг эрийг  хүссэн бүхнээ хийж чаддгийг хараад үнэхээр биширч байлаа.

Богд уулын хормойд байх тансаг харш, хүнээс илүү халамжлуулах хурдан удмын морьд, хүссэн бүхнийг нь хэзээд биелүүлэх  гадаад үйлчлэгч, хамгаалагч нар эзнийгээ харан бөхөлзөх нь түүнд юу юунаас илүү сонирхолтой байж билээ. Үнэндээ тэр Балтад ухаангүй дурлаж, бас түүнтэй хамт байхад бүх зүйл сайн, сайхан болно гэдэгт бүсгүй итгэж байсан. Түүний амьдралын хамгийн сайхан мөчүүд хуримын өмнө, Балт түүнийг өөрийн болгох гэж гүйж байсан тэр л өдрүүдэд өнгөрсөн байлаа. Хуримын маргаашнаас эхлээд л бүсгүйн алхах гишгэх бүр хараа хяналттай. Найзуудтайгаа ч уулзах эрхгүй болж эхлэсэн.

Олны дунд явах үед тэр зөвхөн нөхөртэйгээ л хамт байх ёстой. Байнга гоё харагдаж, байнга инээмсэглэж явах учиртай. Харин бусад үед бол гэртээ л сууж байх үүрэгтэй. Дуудлагаар ирдэг үсчин, гоо сайханч, байнга хоол хийх тогооч, бас гэрийн үйлчлэгч... Бүгд л Жаргалмаагийн гарыг, бас хөлийг боомилж байх шиг түүнд санагдана.  Залуухан сайхан охиныг өөрийнхөө эхнэр болгож авсан хуримын тэр өдөр л Балтын бүхий л хайр яг л салхинд хийсэх хамхуул адил алга болсон.

Санасан, хүссэн бүхнээ авахыг хүсдэг тэр эр өөрийг нь гэртээ оруулж ирж, үнэтэй, чамин, гял цал тавилганыхаа нэг болгон өрж тавьсныг бүсгүй хэзээ хойно ухаарч билээ. Тиймээ, хамгийн гол буруутан нь тэр өөрөө, өнгө, мөнгөнд шуналтаж, баян хүний өмч хөрөнгө болгон өөрийгөө золиослосон азгүй амьтан. Гэтэл түүнд хүүхэн бүхэн атаархаж, хүн бүр илүү үзэхийг яана. 

Үүдний хонх дуугарч, гэрийн үйлчлэгч авгай хаалгыг тогшив. Үсчин иржээ. Балтыг олон жил үг дуугүй дагаж байгаа үсчин авгай Жаргалмаагийн үсийг овоолгон сэнсдэж, эрдэнийн шигтгээтэй жижиг хавчаараар тун нямбай хавчиж, нүүрийг нь будаж өгөв. Үйлчлэгч хүүхэн нарийн хилэн үнэтэй даашинз барин түүний хажууд хүлээж байлаа.

Жаргалмаа өөрийгөө толинд харлаа. Яг л лаан баримал шиг, шилэн хоргоны цаана байдаг үзмэр ч шиг харагдаж байгаагаа олж харав. Гэвч тэр хөдөлсөн ч үгүй. Том том тавилгатай, хуучны засал чимэглэлтэй том байшинг тэр үнэхээр чимж байгаагаа өөрөө ч мэдэж байлаа. Үнэндээ хий хоосон энэ амьдралаас тэр залхажээ. Гурван давхар өндөр байшингийн тагтан дээр тэр гарлаа. 

Хэрвээ намайг үхчихвэл Балт зандан модон хайрцганд хийгээд хамгийн сүүлчийн удаа хүмүүст үзүүлнэ. Тэгээд л мартна. Бас нэг сайхан бүсгүй энэ гэрийн үзмэр болж, энэ байшинг чимэхээр амьсгалж байгаа хэрнээ амьгүй хүүхэлдэй шиг л амьдрах байх даа хэмээн бүсгүй бодож амжив. Хүнд хүний л амьдрал зохидог гэдгийг залуухан бүсгүй их л оройтож ухаарсан байлаа.

“Хөх эгшиг” өгүүллэгийн номоос...

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.