Эр хүн ямар эмэгтэйн өмнө нээгддэг вэ

Twitter Print
2020 оны 02-р сар 04-нд 11:59 цагт
Мэдээний зураг,

Эмэгтэйчүүдийн хамгийн их асуудаг асуулт бол: “Яагаад миний эр хүн надад нээгдэхгүй байгаа юм бэ?” Эр хүний хаалттай зан эмэгтэй хүнийг бараг л солиоруулдаг. Хайртай залуу нь өөртэй нь муудалцсан үгүй нь тодорхойгүй, түүний сэтгэл дотор юу болж байгаа нь тодорхойгүй. Эр хүн хаалттай байснаар эмэгтэй хүний хувьд урьдчилж тааварлашгүй, заримдаа бүр айдас хүргэм болдог. Өнөөдөр та бүхэнд эр хүнд яагаад нээлттэй байх хэцүү байдаг, бас ийм тохиолдолд түүнд яаж туслах талаар өгүүлье.

1. “ЯАХ ГЭЖ?”

“Яах гэж?” гэдэг асуулт эр хүний амьдралын бүх салбарт түүнийг дагаж явдаг. “Яах гэж энэ дэлгүүр ороод байгаа юм бэ, авна гэснээ бүгдийг нь авчихсан биз дээ?” “Яах гэж наад хувцасаа аваад байгаа юм бэ, хувцас чинь шүүгэнд багтахгүй байгаа биз дээ?” “Яах гэж сэтгэлээ нээх хэрэгтэй юм бэ, дараа нь яана гэж?”.. Бүсгүй та түүнд өөрийг нь ойлгохыг хүсч байгаагаа тайлбарлах ёстой юм. Сэтгэлийг нь зовоож байгаа юмсыг мэдэж түүнийг дэмжих гэснээ хэлэх хэрэгтэй юм. Харамсалтай нь олон эмэгтэй үүнийгээ ойлгуулж чаддаггүй.

2. ТЭР ХЭЗЭЭ НЭГТ ЦАГ НЭЭГДСЭН БОЛОВЧ “ЭЛЭГДҮҮЛСЭН” БАЙДАГ

Бараг бүх эрчүүд амьдралдаа нэг удаа ч болов эмэгтэй хүнд нээгдсэн байдаг. Гэхдээ бараг бүгдээрээ дараа нь харамссан байдаг. Яагаад? Яагаад гэвэл, буруу хүнд нээгдсэн учраас. Жишээ, тухайн эмэгтэй түүнийг friend zone-даа барьж, эр хүн гэж хараагүй үед. Хажуудаа байлгасан хэвээр мөртлөө шүү. Сэтгэлээ нээснийхээ дараа ингэж “элэгдүүлсэн” эр хүн удаан дотроо бөглөрч явах ба сэтгэлийнхээ хаалгыг бүр чанга цоожилно. Бүтэлгүй хайрын туршлага мэдэрсэн ч сэтгэл зүйн хувьд хүчирхэг, зоригтой болсон эр хүн сэтгэлээ нээж чадна. Эсвэл ийм туршлага ер амсаагүй эрчүүд нээгдэж чадна.

3. СЭТГЭЛИЙН ХУУЧИН ШАРХАА ХӨНДӨХӨӨС АЙНА

Эрэгтэйчүүд гэлтгүй эмэгтэйчүүд ч гэсэн сэтгэлийг нь зовоосон үнэхээр чухал юмны тухай ярихаас айдаг. Учир нь, шархаа хөндлөө гээд дараа нь яах нь тодорхойгүй байдаг. Нэгэнт хөндөгдчихсөн шарх эр хүнийг ч, таныг ч гэсэн зовооно. Тиймээс эр хүнээс сэтгэлээ нээж зовлонгоо яриач гэхээс өмнө сэтгэл засалчийн үүрэг гүйцэтгэж чадах уу гэж өөрөөсөө асуугаарай.

4. СУЛ ДОРОЙ ХАРАГДАХЫГ ХҮСЭХГҮЙ БАЙХ

Анхнаасаа л эрэгтэй эмэгтэй хоёр хүн нэг сонирхолтой тоглоом тоголдог. Эр хүн өөрийгөө “тогосны сүрэг доторх хамгийн супер эрэгчин гэдгээ харуулангаа цоорхой өдөө нуудаг”. Харин эмэгтэй хүн “хараа хурц шонхор болж тэр өдийг нь хайдаг”. Энэ тоглоом хэдэн жил ч үргэлжилж болно. Эцэстээ нөгөө “тогосны цоорхой өд” гарч ирвэл эр хүн доош орно. Харин эмэгтэй хүн: “Ийм гэдгийг нь мэдээд байсан юм!” гэнэ. Тиймээс эр хүн өөрийн сул талаа эмэгтэй хүнд харуулахгүйн тулд бүхнийг хийдэг.

5. ЭРЭГТЭЙ ХҮН ЭМЭГТЭЙЛЭГ СЭТГЭЛ ХӨДЛӨЛӨӨС ҮХТЛЭЭ АЙДАГ

Сонгодог жишээ бол эмэгтэй хүн уйлах юм. Эмэгтэй хүнийг уйлж байхад эр хүнд “хойд мөсөн туйлын цагаан баавгайнууд руу” зугтмаар санагддаг. Тэр надаас болоод уйлаад байгаамуу? Миний цоорхой өд ийм муу юм уу? Энэ их нулимсыг одоо яах юм? гэдэг. Тэгээд тэр маш хөндийн хүйтэн зан гаргадаг: “Юундаа уйлаад/уурлаад/гуниглаад байгаа юм?” Эсвэл эмэгтэй хүний ямарваа нэг төрлийн сэтгэл хөдлөлд хариу өгөхгүй таг болчихдог.

ЭР ХҮНД НЭЭГДЭХЭД НЬ ЯАЖ ТУСЛАХ ВЭ?

-Та өөрийн эр хүнийг байдаг нэг сул дорой нэгэн байдлаар харахад үнэхээр бэлэн үү? Олон эмэгтэй бэлэн биш байдаг. Олон эмэгтэйчүүдийн хувьд эр хүн нь түүний хүссэн дүрд нийцэж байгаасай гэдэг.

-Бэлэн бол эр хүн танд нээгдэх үед түүнийг дэмжих хэрэгтэй. Дэмжиж чадах нь бас чадвар юм. Заах биш, буруутгах биш, гомдох биш зүгээр л дэргэд нь байх. Өмнөөс нь юу ч хийхгүй. Харин ч тэр асуудлаа өөрөө шийдэж чадна гэсэн итгэлийг түүнд өгөх.

-Нээгддэг эр хүний дэргэд эмэгтэй хүн дандаа “сул дорой”, дандаа “эмзэгхэн” байх боломжгүй. Яагаад гэвэл, үе үе тэр санаа сэтгэлээр “гошног” болно, тэр үед дэмжих хэрэгтэй болно. Хэрэв ийм байдлыг нь тайван, ойлгож хүлээж авбал (зүгээр мэт худлаа эерэг царай гаргах биш) эр хүн ч гэсэн ийм үеэ туулах хялбар болно.

-Зарим юмыг ерөөсөө мэдээгүй нь дээр. Энэ бол аксиом. Өөрийгөө мэргэжлийн сэтгэл зүйч гэж бодоод яахав. Хүнд үнэхээр гүнзгий сэтгэл зүйн асуудал байгаа бол тэр мэргэжлийн хүнд хандах ёстой. Та олж өгөх биш, эр хүн өөрөө олж, өөрөө тусламж авдаг байх ёстой. Энэ бол тухайн хүний харилцааныхаа өмнө үүрч байгаа хариуцлага юм.

-Нөгөө хүнээ хэдийчинээ тайван хүлээж авна, төдийчинээ түүний санаа сэтгэлийн төлөв, өөрийгөө үнэлэх үнэлэмж, үйлдлүүдээс хамаарах бидний хамаарал багасдаг. Тэр хирээр эр хүн хөнгөн, зовиур багатай бусдын өмнө нээгдэж сурдаг.

Аниргүй төвийн бясалгалын багш, сэтгэл засалч Ачиймаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.