
АНУ-ын 46 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон Жо Байдений ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол энэ сарын 20-нд болж өнгөрөх юм.
Уламжлал ёсоор сүрлэг, дуулиантай, олон зуун мянган үзэгчидтэй болж өнгөрдөг ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол энэ удаа хатуу хяналт хамгаалалтын дор зохион байгуулагдах гэж байна. Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд зориулж Вашингтон хотын Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд Капитолын байр луу хүрэх замд АНУ-ын 191 500 далбааг байршуулжээ. Эдгээр далбаануудаар зохион байгуулагчид коронавирусын цар тахлын улмаас тус улсад нас барсан 400 мянган хүнийг мөн Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолыг ирж үзэх боломжгүй болсон иргэдийг төлөөлүүлсэн аж.
Өнгөрсөн даваа гарагийн орой Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байршуулсан хэдэн арван мянган далбааг өнгө өнгийн гэрлээр гэрэлтүүлж, 56 гэрлэн баганыг асаажээ. Эдгээр гэрлэн баганууд нь АНУ-ын бүх мужууд, бүс нутгуудыг бэлгэдэж байгаа ба Жо Байдений эв нэгдэлтэй байх уриалгыг агуулж байгаа аж. АНУ-ын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолыг үзэхээр хэдэн зуун мянган иргэд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд цуглардаг уламжлалтай ч коронавирусын халдвар тархахаас сэргийлж энэ удаагийн арга хэмжээн дээр зохион байгуулагчид иргэдийг олноор нь цуглуулахгүй байх шийдвэр гаргасан юм.
Түүнээс гадна хоёр долоо хоногийн өмнө Капитолын байр луу иргэд дайран орж, үймээн үүсгэсэн явдалтай холбоотойгоор Үндэсний гвардийн хэдэн мянган цэргүүд Вашингтон хотын гудамж талбайд хамгаалалтанд гараад байгаа билээ. Түүнчлэн Вашингтоны Үндэсний цэцэрлэгт хүрээлэн хаалттай байгаа ба Капитолын байр, Цагаан ордны гадаа хаалт тавьж, хамгаалалтанд аваад байна.
Эх сурвалж: Huffpost
Содномцэрэнгийн Энхзаяа
Mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.