
Нэг жил хойшлогдсон Токиогийн Зуны Олимпын наадам эхэлж, ирэх хоёр долоо хоногийн турш дэлхийн 207 орны 11 300 гаруй тамирчид Олимпын медалийн төлөө хурд хүч, авхаалж самбаагаа сорих юм.
Энэ удаагийн Олимпын наадам халдварт өвчний цар тахлын үед зохион байгуулагдаж байгаагаараа өмнөх Олимпын наадмуудаас онцгой болж байна. Амны хаалт, тусгаарлалт, коронавирусын шинжилгээ зэрэг нь Токиогийн Олимпын наадмын салшгүй хэсэг болжээ. Олимпын наадам болж буй Токио хотод коронавирусын цар тахалтай холбоотойгоор онц байдлын дэглэм зарлаад байгаа ч сүүлийн долоо хоногт Токиод коронавирусын халдварын тохиолдлууд нэмэгдсээр байна.
Олон нийтийн санал асуулгаар япончуудын талаас илүү хувь нь Олимпын наадам нь коронавирусын халдварын голомт болно хэмээн эмээж, Олимпын наадмыг цуцлах эсвэл дахин хойшлуулах хүсэлтэй байсан билээ.
Олимпын наадмыг зохион байгуулагчид болон Японы эрх баригчдын зүгээс Олимпын наадмын үеэр коронавирусын халдвар тархахаас сэргийлж олон тооны халдвар хамгааллын арга хэмжээ авсны дотор тэмцээн уралдааныг гадаад дотоодын ямар ч үзэгчгүй явуулах шийдвэр гаргасан билээ.
Тамирчдад мөн адил олон тооны хязгаарлалт тогтоосон ба тамирчид юм идэж уух, бэлтгэл хийх, тэмцээнд оролцох, унтахаас бусад үед зайлшгүй амны хаалт зүүх ёстой ба бусадтай аль болох хүрэлцэхгүй байж, өдөр болгон коронавирусын шинжилгээнд хамрагдах ёстой аж. Нөгөө талаас коронавирусын халдвар Олимпын наадам албан ёсоор эхлэхээс өмнө тархаад эхэлсэн ба баасан гарагт л гэхэд Олимпын наадамтай холбоотой коронавирусын халдварын 19 шинэ тохиолдол бүртгэгджээ.
Ингэснээр Олимпын наадмын ажилчдын дунд бүртгэгдсэн коронавирусын халдварын тохиолдлын тоо 106-д, тамирчдын дунд бүртгэгдсэн халдварын тоо 11-д хүрээд байна. Их Британийн Нэгдсэн Вант улсын 6 тамирчинг коронавирусын халдвартай иргэнтэй онгоцонд хамт зорчиж, ойрын хавьтал болсон хэмээн тусгаарлаад байна.
Токиогийн Олимпын наадмын үеэр 33 спортын төрлөөр 339 тэмцээн уралдаан явагдах ба энэ удаагийн наадмаар шинээр каратэ, скейтборд, спортын авиралт, бейсбол/софтбол, сёрфинг гэсэн 5 спортын төрөл нэмэгдсэн.
Токиогийн Зуны Олимпын наадамд оролцож буй нийт тамирчдын 48.8 хувь нь эмэгтэй тамирчид байгаа нь Олимпын түүхэндээ хамгийн олон эмэгтэй тамирчид өрсөлдөж буй Олимпын наадам болж байна. Эдгээр спортын төрлүүд нь залуусын сонирхлыг татах, залуу үеийг спортод дуртай болгох, спортоор хичээллэх хүслийг өдөөх зорилготой гэдгийг Олимпын наадмыг зохион байгуулагчид онцолж байна.
Энэ жилийн Олимпын наадмын медалийг хаягдал гар утаснуудаас гаргаж авсан материалаар хийсэн бол Олимпын галт бамбарыг 2011 онд Японд болсон хүчтэй газар хөдлөлтийн үеэр иргэдэд зориулж барьсан түр байрнуудын хөнгөн цагаан хаягдлаар хийгдсэн онцлогтой юм.
Түүнээс гадна Токио Олимпын наадмын тэмцээн уралдаанд зориулж шинээр 8 байгууламж барьсан ба Олимпын наадмын эрчим хүчний хэрэглээний дийлэнхийг сэргээгдэх эрчим хүчнээс авч байна.
Эх сурвалж: https://www.bbc.com/sport/olympic
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
PS: Бүх зүйлд утга учир, хүндлэл шингээжээ.
- Олимпийн бэлэгдэл хүүхэлдэй маскотоо сонгохдоо бүх аймаг, мужийн 16769 бага сургуулийн хүүхдүүдээс санал авсан.
- Өнөөдрийн нээлтэнд гарсан олимпийн модон цагиргийг 1964 оны олимпод ирж оролцсон тамирчдын авчирсан модны үрээр тарьсан модыг оролцуулан урласан.
- Олимпийн медалиа хийхдээ 2 жилийн туршид олон нийтээс хандивласан гар утасны метал ашиглан хийсэн.
- Тамирчдад медаль гардуулах хөх өнгийн тавцанг хийхдээ, олон нийтээс хаягдал пластик цуглуулж, дахин боловсруулан, байгалийн амьд цэцэгнээс гарган авсан хөх будгаар өнгө хийн бүтээсэн.
- Өнөөдрийн нээлтийн стадионыг барихдаа 47 аймаг, мужаас авчирсан мод оролцуулсан.
- Нээлтэнд яаралтай тусламжийн эмч, сувилагч, хүүхдүүд, асрамжийн газрын өндөр настан, нас хүйс үл харгалзан, “хүн бүр нандин эрдэнэ” гэдгийг тодотгосон.
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.