Эцэг эхийн хайр халамжгүй, таагүй орчинд амьдарч байсан хүүхдийн тархи “агшдаг” болохыг тогтоожээ

Twitter Print
2020 оны 05-р сар 09-нд 12:16 цагт
Мэдээний зураг,

Лондонгийн Кингс Коллежийн эрдэмтдийн хийсэн судалгаагаар багадаа эцэг эхийн хайр халамж, хараа хяналтгүй, таагүй орчинд өссөн хүний тархи эрүүл хүний тархитай харьцуулахад жижиг байдаг болохыг тогтоожээ.

Судалгаанд багадаа Румыны асрамжийн газар хоёр долоо хоногоос 4 жил хүртэлх хугацааг өнгөрүүлсэн 67 хүн, өөр бусад асрамжийн газарт өссөн 21 хүн оролцсон байна. Румыны коммунист дарангуйлагч Николае Чаушескугийн дэглэм 1989 онд унасны дараагаар Румыны асрамжийн газруудын үнэн дүр төрх олон нийтэд ил болсон юм. Тэдгээр асрамжийн газруудад байсан хүүхдүүд сэтгэл зүй болон бие махбодийн асар их хохирол амсч байсан ба нийгмийн ямар нэг харилцаагүй, тоглох тоглоомгүй, өвчин эмгэгт нэрвэгдсэн байдалтай амьдарч байжээ.

Судалгааг удирдсан профессор Эдмунд Сонуга-Баркэ, "Би тэдгээр асрамжийн газруудыг зурагтаар харуулж байсныг санаж байна. Үнэхээр цочирдмоор байсан." гэжээ. Тэрээр тэдгээр асрамжийн газруудыг "тамын тогоо" хэмээн тодорхойлсон байна. Румыны эдгээр асрамжийн газарт багадаа хэсэг хугацааг өнгөрүүлсэн 67 хүн бүгд сайн эцэг эхэд үрчлэгдсэн ч дийлэнхэд нь аутизмийн хүрээний эмгэг, анхаарал дутагдлын хам шинж, танихгүй хүмүүсээс айж эмээх шинж тэмдэг илэрсэн байна.

Судалгааны хамгийн том нээлт нь багадаа ямар ч хайр халамжгүй асрамжийн газар өссөн дээрх 67 хүний тархи өөр бусад асрамжийн газарт өссөн 21 хүний тархитай харьцуулахад дунджаар 8.6 хувиар жижиг байсан байна. Түүнчлэн судалгаанд оролцсон дээрх 67 хүний тархины хэмжээ асрамжийн газарт хэр их хэмжээний хугацаа өнгөрүүлснээс хамаарч өөр өөр байсан ба асрамжийн газарт удаан хугацааг өнгөрүүлсэн хүмүүсийн тархи бага хугацаа өнгөрүүлсэн хүмүүсийнхээс илүү жижиг хэмжээтэй байсан байна.

Neglected children end up with 'smaller brains' зурган илэрцүүд

Судалгааны үр дүнд хөгжиж буй тархинд хоол хүнсний шим тэжээлээс гадна хүүхдийн өсч буй орчин, эцэг эх, асран хамгаалагчийн хайр халамж маш ихээр нөлөөлдөг болохыг тогтоосон явдал юм. Нөгөө талаас багадаа хайр халамж мэдрээгүй, бие мах бодь, сэтгэл зүйн хүчирхийлэлд өртсөн хүүхдийн тархинд ноцтой өөрчлөлт гарч, сэтгэн бодох чадвар буурах, сэтгэцийн эмгэгт өртөх шалтгаан болдог байна.

Эх сурвалж: BBC 

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.