Токиогийн Олимпын наадмын нээлтийн найруулагч халагджээ

Twitter Print
2021 оны 07-р сар 23-нд 11:38 цагт
Мэдээний зураг,

Токиогийн Олимпын наадмын нээлтийн үйл ажиллагааг найруулж байсан найруулагчийг нээлт болохоос нэг өдрийн өмнө ажлаас нь халжээ. Токиогийн Зуны Олимпыг зохион байгуулагчдын зүгээс гаргасан уг шийдвэр нь найруулагч Кентаро Кобаяши 1990-ээд онд хийсэн үзүүлбэрийнхээ үеэр Дэлхийн 2-р дайны үед нацистуудын гарт амиа алдсан еврейчүүдийн тухай шог хэлбэрээр ярьсан бичлэг ил болсонтой холбоотой аж.

Японы Олимпын хорооны дарга Сейко Хашимото тухайн бичлэгийн тухай Кентаро Кобаяшийг Олимпын наадмын найруулагчаар томилохоосоо өмнө мэдээгүй хэмээн "Олимпын наадмыг зохион байгуулагчид, оролцогчид, Токио хотын оршин суугчид болон Японы ард иргэдийн санааг зовоосондоо уучлал хүсч" буйгаа илэрхийлжээ."

Японы Ерөнхий сайд Ёшихидэ Суга Кентаро Кобаяшигийн 23 жилийн өмнө комедиан байхдаа хийж байсан үзүүлбэрийнхээ үеэр хэлсэн үгнүүд нь "асар бүдүүлэг бөгөөд зохимжгүй" байсан хэмээн тодорхойлсон байна. Найруулагч Кентаро Кобаяшигийн зүгээс, "Энтертайнмент үзүүлбэр нь бусдад тавгүй, тухгүй сэтгэгдэл төрүүлэх ёсгүй. Тухайн үед миний үгний сонголт тэнэг байсныг ойлгож бас харамсч байна." хэмээн мэдэгдэл гаргажээ. Олимпын наадмын нээлт болохоос хэдхэн цагийн өмнө найруулагчийг нь халсан ч нээлтийн үйл ажиллагаа төлөвлөсний дагуу явагдана гэдгийг Японы Ерөнхий сайд Ёшихидэ Суга онцолжээ.

Токиогийн Зуны Олимпын нээлтийн үйл ажиллагааг коронавирусын цар тахалтай холбоотойгоор 950 хүн л үзэх ба бусад тэмцээн уралдаан ямар ч үзэгчгүй явагдах юм. Хамгийн сүүлд хийсэн судалгаагаар япончуудын 55 хувь нь Токиогийн Олимпын наадмыг цуцлахыг дэмжиж буйгаа илэрхийлжээ. Иргэд Олимпын наадам нь коронавирусын халдварын голомт болно хэмээн эмээж байгаа аж.

Түүнээс гадна хүн амынх нь дөнгөж 1/3 нь коронавирусын эсрэг вакцинд хамрагдсан тус улсад сүүлийн өдрүүдэд коронавирусын халдварын тохиолдлууд нэмэгдэж байгаа нь иргэдийн санааг зовоож байна.

Токиогийн Олимпын наадамтай холбоотой албаны хүмүүс, тамирчид дундаас хэдэн арван хүн коронавирусын халдвар авсан нь тогтоогдоод байгаа юм. Нөгөө талаас ДЭМБ-ын тэргүүн Тедрос Гебрейесус Олимпын наадмыг амжилттай зохион байгуулах нь коронавирусын халдварын тохиолдол бүртгэхгүй явуулахдаа биш халдварын тохиолдлуудыг эрт илрүүлж, тусгаарлах, хавьтлуудыг нь тогтоож, эмчилгээг нь шуурхай эхлүүлэхэд оршино гэдгийг онцолжээ.

Токиогийн Зуны Олимпын наадмын тоглолтууд хэдийн эхэлсэн ба өнгөрсөн лхагва гарагт Японы софтболын шигшээ баг анхны ялалтаа байгуулсан байна.

Эх сурвалж: https://www.bbc.com/news/world-asia

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.