Яавал ажилдаа дуртай болох вэ?

Twitter Print
2023 оны 03-р сар 06-нд 12:45 цагт
Мэдээний зураг,

Яавал ажилдаа дуртай болох вэ? Японд хийсэн судалгаагаар ажлаа дурлаж хийдэг 6%, хийх дургүй гэж 70% нь хариулан 139 улсаас 132-т бичигдсэн. Ажиллах орчин нөхцлийн хувьд Япон хамгийн дээгүүрт ордог байж яагаад!?

Эдгээр дургүй гэж хэлсэн хүмүүст хичнээн цалин нэмээд эсвэл ажлыг нь солиод нэмэргүй байдаг. Асуудал ажилдаа биш хийж буй хүний хандлага бодолтой шууд холбоотой байдаг юм байна. Дараахи 3-ыг анхаарах хэрэгтэй.

1. Job-crafting буюу ажлынхаа мотивациа өөрчлөх.

Зүгээр гол зогоох эсвэл мөнгөний төлөө ажилладаг хүний тархи их ажилласан ч бага ажилласан ч адилхан цалин авах юм чинь гээд энергиэ гамнан биеэ оторлож эхэлдэг. Залхуурах тусам тархи ажилдаа улам дургүй болж ял мэт хүлээж авах гээд байдаг болчихдог. Тиймд ажлынхаа цаад утга учир ач холбогдлыг сайтар ухаарвал сайн. Нийгэмдээ хувь нэмэрээ оруулж таны ачаар хүмүүсийн амьдрал сайн сайхан инээд баясалтай болдгийг төсөөлөн мэдэрч байх нь чухал. Та өөрөөрөө бахархаж чин сэтгэлээсээ ажлаа өөриймсөг хийх тусам тархи тань кайф авч ажилдаа дуртай та ч өөртөө итгэлтэй болж хөгждөг.

2. Цаг өнгөрөхийг үл хайхартлаа төвлөрөх.

Дуртай учраас төвлөрдөг биш төвлөрч чадсан зүйлдээ хүн дуртай болдог. Тиймд ажлаа хийхдээ зүгээр цаг нөхцөөж хийх бус хугацаа зааж өгөөд зорилго тавиад хийсэн шиг хийх хэрэгтэй. Тэгж байж төвлөрч сурах ба төвлөрөх цаг уртсах тусам та ажилдаа дуртай болж үр дүн амжилт гаргаж эхэлнэ.

3. Ажлынхантайгаа яриа өрнүүлэх цаг гаргаж бай.

Хүн ер нь юу хийх вэ гэхээсээ хэнтэй хийх вэ гэдэг илүү чухал байдаг. Тэгэхээр ажлынхантайгаа ажлаас гадуур яриа өрнүүлэн дотносож байх хэрэгтэй. Найз нөхөд болж итгэлцэл бүхий сайхан харилцаа тогтоовол зүгээр. Ажил дээрээ 3-с дээш найзтай бол таны ажлын сэтгэл ханамж 2 дахин, дотны зовлон жаргалаа ярьдаг 1 найзтай болоход л ажлын мотивац тань 7 дахин нэмэгддэг гэнэ шүү.

Дүгнэлт хүн амьдралынхаа 2/3-ыг ажил дээрээ өнгөрүүлдэг. Тэр их цаг хугацааг хэрхэн барах нь танаас өөрөөс чинь хамаарна. Нэгэнт л хийхээс хойш ялархаж биш дурлаж хийсэн нь дээр биз дээ. Дурлахын тулд яах гэдэг асуулт асуудалд тань жаахан ч гэсэн хинт болж чадсан бол би баярлах болно.

Нарангэрэлийн Мөнхгэрэл

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.