Ши Жиньпин Коммунист намын ирэх 5 жилийн бодлогыг танилцууллаа

Twitter Print
2022 оны 10-р сар 17-нд 11:57 цагт
Мэдээний зураг,

Ши Жиньпиний Коммунист намын их хурлын нээлтэнд хэлсэн үг

Өнгөрсөн ням гарагт Хятадын Ерөнхийлөгч Ши Жиньпин Бээжинд болж буй Хятадын Коммунист намын 20-р их хурлын нээн үг хэлж, намынхаа ирэх 5 жилийн бодлогыг танилцууллаа. 104 минут үргэлжилсэн үгэндээ Ши Жиньпин ямар нэг шинэ эсвэл цочирдом мэдэгдэл хийгээгүй ба өнгөрсөн 10 жилийн хугацаанд Коммунист намын гаргасан амжилтуудыг онцолжээ. 

Хонгконг болон Тайванийн тал дээр Ши Жиньпин Хятадын Коммунист нам  Хонгконгийн эрх баригчидтай хамтран Хятадын засаг захиргааны тусгай нэгжид эмх журам тогтоосон явдлыг онцлон, "Эмх замбараагүй байдлыг эмх  журамтай болгосон бодит жишээ. Үүний ачаар Хонконгт хэв журам тогтсон нь бүс нутгийн хөгжилд сайнаар нөлөөлнө." гэжээ. 

Тайванийн асуудлыг Ши Жиньпин 2017, 2012 оны их хурлын нээлтэнд хэлсэн үгнийхээ сүүл хэсэгт дурдаж байсан бол энэ удаа өмнөхөөсөө эрт дурдсан нь олны анхаарлыг татлаа. 

Бээжингийн  Тайваньтай тайван замаар нэгдэх бодлогод ямар нэг чухал өөрчлөлт гараагүй ч Ши Жиньпин Тайванийн асуудалд гаднаас нөлөөлөх тал дээр хатуу байр суурь илэрхийлсэн байна. Тэрээр, "Тайванийн асуудал бол хятадуудын асуудал, уг асуудлыг хятадууд л шийдэх ёстой" хэмээн онцолжээ. 

Олон арван жилийн турш хурдацтай өссөөр ирсэн Хятадын эдийн засаг сүүлийн жилүүдэд удааширсан. Хятадын эрх баригчид энэ нь нийгмийн эмх замбараагүй байдалд хүргэж болзошгүй гэсэн айдастай байгаа билээ. 

Ши Жиньпин Хятадад баян ядуугийн ялгаа их байгааг онцолж, уг асуудлыг орлогыг эрх тэгш хуваарилах, хуримтлал үүсгэх зохицуулалтаар шийдвэрлэхээ амласан байна. 

Хятадын технологийн салбарт тогтоосон АНУ-ын хориг эдийн засагт сөргөөр нөлөөлж эхэлсэн ба Ши Жиньпин энэ нөхцөлд технологийн гол салбарууддаа өөрчлөлт шинэчлэлт хийж, хөрөнгө оруулснаар хараат бус байдалд хүрч чадна хэмээн үзэж байна. 

Нөгөөтэйгүүр Хятад улс хилээ хааж, хатуу хөл хорио тогтоож, Хятадын эдийн засгийн өсөлтөнд сөргөөр нөлөөлж буй хүчин зүйлүүдийн нэг болоод байгаа коронавирусын цар тахалтай тэмцэх бодлогыг Хятадын төрийн тэргүүн "ард иргэдийн амь нас, эрүүл мэндийг амжилттай хамгаалж чадсан" хэмээн тодорхойлж, уг арга хэмжээг сулруулах эсвэл цуцлах тухай дурдсангүй. 

Ерөнхийлөгч Ши Жиньпиний авлигын эсрэг кампанит ажлын хүрээнд сая сая албан тушаалтнуудыг авлигын хэргээр шалгаж, заримыг нь цаазаар авч, шоронд хорьсон билээ. 

Хурлын нээлтэнд хэлсэн үгэндээ Ши Жиньпин, "Авлига бол намын бат бөх байдал, үр ашигтай ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг хамгийн том хавдар юм. Авлигын эсрэг ажил нь хамгийн төгс өөрчлөлт шинэчлэлтийг авчирна. Авлига гарах суурь, нөхцөл нь байгаа цагт авлигын эсрэг тэмцэл нэг хором ч зогсохгүй." гэжээ. 

Гадаад бодлогын хувьд Ши Жиньпиний хэлснээр Хятадын олон улс дахь нөлөө, хандлага, дэлхийг өөрчлөх хүч зэрэг нь илэрхий өссөн аж. Түүнчлэн тэрээр бусад улс орнууд өөр улс орны дотоод асуудалд хөндлөнгөөс оролцохгүй байхыг анхааруулсан байна. 

БНХАУ нь уур амьсгалын өөрчлөлтөнд өртөх өндөр эрсдэлтэй орнуудын тоонд багтдаг ба тус улсад дэлхийн ундны усны нөөцийн 6 хувь байрлаж, дэлхийн нийт хүн амын 20 хувь нь амьдардаг. 

Хятад улс 2030 он гэхэд нүүрсний эряим хүчнээс татгалзаж, 2060 он гэхэд хүлэмжийн хийгүй улс орон болох зорилт тавьсан билээ. Үүнтэй холбоотойгоор Ши Жиньпин улсынхаа хөгжлийг цогцлоохдоо хүн төрөлхтөн, байгаль хоёрын тэнцвэрт байдлыг хадгалах нь зүйтэй хэмээн нүүрстөрөгч  бага ялгаруулах аж үйлдвэрүүдийг дэмжиж, байгаль орчныг хамгаалахын сацуу эрчим хүчний хувьсгал хийж, нүүрсийг үр ашигтайгаар ашиглах явдлыг дэмжинэ гэжээ.

Эх сурвалж: The Guardian

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Zochin

      (202.21.124.17) 2021-04-07 12:54
      • 0
      • 0

      hun zoddog yumnuud ugaasaa oliggui nuhduud baidag yum. Unen uudgui!

      Хариулах