
ҮХНӨ ба парламентын гишүүдийн тоо
Монгол улсын ҮХ-нд нэмэлт өөрчлөлт оруулна гэж ярьж буй энэ үед дэлхийн улс орнуудын парламент хэдэн гишүүнтэй байдаг тухай товч мэдээллийг толилуулъя.
Монгол улс нэг танхимтай парламенттай, гишүүдийн тоо 76 байгаа нь дэлхийн улс орнуудын парламентуудыг гишүүдийн тоогоор нь жагсаахад 149-д орж байна. Монгол улсын дараа хүн ам цөөн, нутаг дэвсгэр бага, эсвэл бүрэн бие даасан бус Жибути, Кувейт, Люксембург, Сан-Марино зэрэг улсууд байдаг.
Энэхүү жагсаалтыг хамгийн олон гишүүнтэй буюу 2980 гишүүнтэй манай урд хөрш тэргүүлж байна. (БНХАУ 1,4 тэрбум хүн амтай, нэг танхимтай) Тэгвэл манай хойд хөрш ОХУ нийт 620 гишүүнтэйгээр (145 сая хүн амтай, 2 танхимтай, доод танхим 450, дээд танхим 170 гишүүнтэй) жагсаалтын 15-д харагдана.
Монгол улстай сайхан харилцаатай Япон улс 707 гишүүнтэй (хүн ам-126 сая, доод танхим-465, дээд- 242 гиүүүнтэй) Өмнөд Солонгос улс 300 гишүүнтэй (хүн ам -49 сая, нэг танхимтай) Казахстан улс 154 гишүүнтэй (хүн ам 17 сая, доод-107, дээд 47 гишүүнтэй) байна.
Сонирхуулахад АНУ 535 гишүүнтэй (хүн ам-318 сая, конгресс 435, сенат 100) Их Британи 1434 гишүүнтэй (хүн ам 64 сая, доод 650, дээд (лорд) 775 гишүүнтэй) бол Европын холбоо 732 гишүүнтэй (511 сая хүн ам, евро парламент 705, евро комисс 27) ХБНГУ 805 гишүүнтэй (80 сая хүн ам, бундестаг 736, бундесрат 69), Франц улс 925 гишүүнтэй (66 сая хүн ам, доод 577, дээд 348) байдаг нь сонирхолтой.
Монгол улстай ойролцоо улс төрийн систем, түүх бүхий Унгар улс 199 гишүүнтэй (9,9 сая хүн амтай, нэг танхимтай) Серби улс нэг танхимтай 250 гишүүнтэй (хүн ам -7,7 сая) Болгар улс нэг танхимтай 240 гишүүнтэй (хүн ам-6,9 сая) Белорус улс 174 гишүүнтэй (9,6 сая хүн амтай, доод танхим 100, дээд танхим 70) байдаг.
Монгол улстай хүн ойролцоо буюу бага хүн амтай Габон улсын парламент 222 гишүүнтэй (хүн ам 1,6 сая, доод танхим 120, дээд танхим 102 гишүүнтэй), Конго улс 211 гишүүнтэй (хүн ам 4,6 сая, доод 139, дээд 72), 5,2 сая хүн амтай Финланд улс 200 гишүүнтэй, 5,5 сая хүн амтай Дани улс 179 гишүүнтэй байна.
Ардчилсан бус гэж тооцогддог Хойд Солонгос (24 сая хүн амтай) 677 гишүүнтэй, Иран (80 сая хүн амтай) 292 гишүүнтэй, Ирак улс (32 сая хүн амтай) 292 гишүүнтэй байгааг харахад парламентын гишүүдийн то ард түмний төлөөлөл болоход ихээхэн чухал үүрэг гүйцэтгэдэг нь тодорхой харагдана.
ДҮГНЭЛТ:
3,5 сая хүн амтай, ардчилсан парламентын систем бүхий Монгол улсын хувьд 4,4 сая хүн ам бүхий Хорват, 4,9 сая хүн амтай Гүрж улсуудын адил 150 (140-160) орчим гишүүнтэй байх нь хамгийн тохиромжтой мэт санагдаж байна.
Гэхдээ ийнхүү 150 гишүүнтэй болсон тохиолдолд гишүүн нь Төрийн ордонд өрөө, туслах, олон зөвлөхтэй байх шаардлагагүй болж, зөвхөн хуралдаа сууж, саналаа өгөх үүрэгтэй байх нь олон улсын жишиг юм. 1999 онд сургууль төгсөх жилээ Унгарын парламентэд дадлага хийж байх үед 366 гишүүн нь (тэр үед ийм их гишүүнтй байсан) өрөө тасалгаа, туслах зөвлөх байхгүйгээр ажлаа явуулахыг хараад ихэд гайхаж байсан ч Байнгын хороод, намын бүлгүүд нь гол ажлаа хийгээд болдог байсан, харин би мэт нь бичиг цаас гишүүдийн суудал дээр нь тараагаад гүйдэг байж билээ, сая элчин сайд байхдаа дахин танилцахад бүх зүйл онлайн болсон бөгөөд зардал цаг бүр их хэмнэгдсэн байж билээ.
Өөрөөр хэлбэл 76 гишүүн, 76 туслах, 76 бие төлөөлөгч, 76 (магадгүй 152) зөвлөх нийт 304 хүн ажиллаж цалин авч байхын оронд 140-160 гишүүн цалин авч, ажлаа хийж, хуралдаа оролцох нь илүү хэмнэлттэй байх нь ойлгомжтой. Мөн парламентын гишүүн нь ЗГ-ын гишүүн, их сургуулийн багш, академын гишүүн, судалгааны ажил зэргийг давхар хийж болохоор хуульчлах нь нийгмийн тэргүүлэгч, ард түмний жинхэнэ төлөөлөл парламент бий болох нөхцөл болдог. Энэ тохиолдолд бизнесмэнүүд гишүүн болж цаг заваа үрэхийн оронд бизнесээ хийгээд явж байх нь илүү үр дүнтэй болж, сонгодог парламент тогтох үндэс болдог жамтай.
Сонгодог парламентын тогтолцоо шударга ёс, тэгш байдлыг авчирна.
(Зураг дээр Унгар, Нидерланд, Мадагаскар улсын парламентын гишүүд нам эвсэлийн дагуу хуваарилагдсан схем)
Зэнээмядарын Батбаяр
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.