
Хятадаас АНУ-д ирж буй хүмүүс коронавирусын шинжилгээ өгсөн байх ёстой БНХАУ ирэх долоо хоногт хилээ нээж байгаатай холбогдуулан Вашингтон 1-р сарын 5-наас эхлэн Хятадаас АНУ-д ирж буй 2 ба түүнээс дээш насны бүх хүмүүсээс коронавирусын шинжилгээний сөрөг хариу шаардана гэдгээ мэдэгджээ.
АНУ-аас өмнө Итали, Япон, Малайз, Тайвань болон Энэтхэг зэрэг улс орнууд Хятадаас ирж буй иргэдээс коронавирусын шинжилгээний сөрөг хариу шаардахаа тус тус мэдэгдсэн билээ.
Коронавирусын цар тахлын улмаас Бээжин хилээ хааж, гадаад дотоодын аялал жуулчлалд хязгаарлалт тогтоогоод 3 жил шахам болсон ба ирэх сарын 8-наас хилээ нээхээр болсноо зарласан юм.
Нөгөө талаас Бээжин цар тахлын эсрэг бодлогоо сулруулснаар тус улсад коронавирусын халдвар хурдацтай тархсаар байна. Гэсэн ч Бээжин хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг бодит нөхцөл байдлыг дэгсдүүлж байна хэмээн буруушаажээ.
Италийн эрх баригчдын мэдээлж байгаагаар өнгөрсөн даваа гарагт Хятадаас ирж буй иргэдээс коронавирусын шинжилгээний сөрөг хариу шаардана хэмээн мэдэгдэхдээ Милан хотын Мальпенса олон улсын нисэх онгоцны буудалд буусан нэг онгоцны зорчигчдын 52 хувь нь коронавирусын халдвартай байсан хэмээн онцолжээ.
Энэ баасан гарагаас эхлэн Хятадаас Япон улсад ирж буй иргэд, мөн Японд ирэхээсээ өмнө 7 хоногийн дотор Хятад руу зорчсон иргэдээс коронавирусын шинжилгээ авна хэмээн Японы Ерөнхий сайд Фүмио Кишидаа мэдэгджээ. Шинжилгээний хариу нь эерэг гарсан, КОВИД-19 өвчний шинж тэмдэг илэрсэн иргэдийг 7 хоног, шинж тэмдэг илрээгүй иргэдийг 5 хоног тусгаарлах аж. Мөн Японоос БНХАУ руу, БНХАУ-аас Японд буух нислэгүүдийн тоог хязгаарлана гэжээ.
Энэтхэг улс мөн адил Хятадаас ирж буй иргэдээс коронавирусын шинжилгээний сөрөг хариу шаардах ба коронавирусын халдварын шинж тэмдэг илэрсэн, шинжилгээний хариу нь эерэг гарсан иргэдийг тусгаарлах аж.
Тайванийн зүгээс 1-р сарын 1-нээс 1-р сарын 31-ний хооронд Хятадаас агаарын болон далайн тээврээр ирж буй бүх иргэдээс коронавирусын шинжилгээ авна гэжээ.
Их Британи болон Австралийн зүгээс одоогийн байдлаар хилээр нэвтрэх журамдаа ямар нэг өөрчлөлт хийхгүй гэдгээ мэдэгдсэн бол Бельгийн Брюгге хотын дарга Хятадаас ирсэн жуулчдаас нэг бол коронавирусын шинжилгээний сөрөг хариу эсвэл вакцины гэрчилгэж шаардана гэдгээ мэдэгджээ.
Эх сурвалж: BBC
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Холбоотой мэдээлэл:
Хятадын аялал жуулчлалын компаниудын ачаалал огцом нэмэгджээ - http://mongolcom.mn/read/2558
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.