Өөрийнхөө хөгшин хувилбарт захих захиас: Ямарч нөхцөлд нас намбандаа байгаарай!

Twitter Print
2021 оны 07-р сар 23-нд 11:02 цагт
Мэдээний зураг,

Нэг л өдөр чи насныхаа намартай золгосон байна. Тэр цагт:

- Бусдад зааж сургах нэрийдлээр битгий үглэж байгаарай. 100 хувь чиний зөв байсан ч хамаагүй. Хажуунаас чинь хэн нэгэн хүн “Чамд би хэзээ ч буруу юм заахгүй...”, “Миний хэлснээр явлаа гээд чи нэг их буруутахгүй...”, “Би чиний насан дээр...” гэхэд чамд сайхан санагддаггүй байсан шүү дээ. Тэгээд ч чи өөрөө ахмад хүний үгийг авдаг байсан билүү?

- Хүмүүст өөрсдөө хүсээгүй байхад нь туслах гэж бүү зүтгэ. Амьдралд нь бүү оролц. Хайртай дотно хүмүүсээ энэ хорвоогийн муу муухай бүхнээс хамгаалах гэж бүү оролд, угаасаа ч тэгэх боломжгүй. Тэднийгээ зүгээр л хайрлаж яв.

- Бусдад битгий зовлон тоочиж байгаарай! Өвчин ороогоод салахаа байлаа, тэтгэвэрийн хэдэн төгрөг хаанаа ч хүрэхээ байлаа гэх зэргээр... Хүн бүр өөрийн гэсэн асуудалтай, тэднийг хувийнхаа асуудлаар бүү залхаа. Мөн, орцны үүдэнд урдуур нь өнгөрөх хүмүүсийг өөлж суудаг ааштай авгай болон бүү хувир!

- Үр хүүхдүүдтэйгээ битгий “тооцоо бодож” байгаарай. Эцэг эхийнхээ ачыг хариулдаггүй үр хүүхэд гэж байдаггүй юм. Тэднийгээ “Би чиний төлөө амьдарч ирлээ...”, “Чиний төлөө би хувийн амьдралаа хойш нь тавьж, найз нөхдөөсөө хөндийрсөн...” гэх зэргээр битгий “өрөмдөж” байгаарай.

- Гоо сайхны хагалгаанд мөнгөө бүү үрээрэй. Нэмэр болохгүй. Тэр мөнгөөрөө гадуур дотуур аялж, газар үзэж нүд тайл.

- Аль болох насандаа тохируулан цэмбэгэр хувцаслаж байгаарай. Наснаасаа залуу харагдах гээд залуу охид хүүхнүүд шиг хувцаслах нь чамайг инээдтэй харагдуулна уу гэхээс биш чимэхгүй.

- Хань ижлээ хайрлаж яв... Үглээ үрчгэр өвгөн болсон ч хамаагүй. Цагтаа хүч чадалтай, яриа хөрөөтэй сайхан залуу явсныг нь бүү март.

- Цаг хугацаатай хөл нийлүүлэн алхах гэсний хэрэггүй. Шинэ техник технологийн учрыг олох гэж, байнга шинэ зүйлд суралцах гэж, бусдаас “хоцрохгүй” гэж юм ю оролдож өөрийгөө бүү зовоо. Зүгээр л дуртай зүйлээ хийж яв.

- Өөрийгөө юунд ч битгий буруутга. Чиний болон үр хүүхдүүдийн чинь амьдрал яаж ч эргэсэн бай, чи чадах бүхнээ хийсэн гэдгээ санаж яв.

Ямарч нөхцөлд нас намбандаа байгаарай!

Орчуулсан: Өлзийбатын Уянга

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.