Шүүхээс ТЕГ-ын дарга асан Б.Хурцад гурван жилийн хорих ял ногдууллаа

Twitter Print
2020 оны 07-р сар 23-нд 08:48 цагт
Мэдээний зураг,

Б.Хурц нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тав дахь өдрөө үргэлжилж дууслаа.

Шүүхэд хянагдаж буй эрүүгийн 1802005930070 дугаартай шүүгдэгч Б.Хурц нарт холбогдох хэрэг нь Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг “С.Зориг агсны амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа эрүүдэн шүүсэн” эсэхийг хянан хэлэлцүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх байсан юм.

Мөн түүнээс гадна Ж.Мөнхгал, Г.Эрдэнэбат, С.Баярт 3 жил, О.Бямбажав, Ү.Отгонбаярт 2 жил, Э.Өлзийбаярт 1 жилийн хорих ял оноож О.Бархасбадь, С.Эрдэнэбат нарыг цагаатгахаар шийдсэн байна.

ШҮҮХИЙН ШИЙДВЭР

Нийслэлийн прокурорын газраас

  • шүүгдэгч С.Эрдэнэбатад 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэмт хэргийг,

  • шүүгдэгч О.Бархасбадид 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 133 дугаар зүйл /Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомж зөрчих/-ийн 133.1, 251 дүгээр зүйл /Эрүү шүүлт тулгах/-ийн 251.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэмт хэргүүдийг тус тус хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч С.Эрдэнэбат, О.Бархасбадь нарыг цагаатгаж,

  • шүүгдэгч О.Бямбажавт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэмт хэргүүдийг хэрэгсэхгүй болгож

  • Шүүгдэгч Г.Эрдэнэбат, Б.Хурц, Ж.Мөнхгал, С.Баяр, Ү.Отгонбаяр нарыг тус бүр 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 133 дугаар зүйлийн 133.1, 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,

  • шүүгдэгч Э.Өлзийбаярыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,

  • шүүгдэгч О.Бямбажавыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцож,

  • Шүүгдэгч Г.Эрдэнэбат, Б.Хурц, Ж.Мөнхгал, С.Баяр нарт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 133 дугаар зүйлийн 133.1, 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт зааснаар тус бүр оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн тэдний нийт эдлэх ялыг 3 /гурав/ жилийн хугацаагаар,

  • Шүүгдэгч Ү.Отгонбаярт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 133 дугаар зүйлийн 133.1, 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт зааснаар тус бүр оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар,

  • Шүүгдэгч Э.Өлзийбаярт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар,

  • Шүүгдэгч О.Бямбажавт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус тогтоож,

  • Шүүгдэгч Г.Эрдэнэбат, Б.Хурц, Ж.Мөнхгал, С.Баяр нарт тус бүр оногдуулсан 3 /гурав/ жилийн хорих ялуудыг,

  • Шүүгдэгч Ү.Отгонбаярт оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг,

  • Шүүгдэгч Э.Өлзийбаярт оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг,

  • Шүүгдэгч О.Бямбажавт оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тус тус хянан шийдвэрлэжээ.

2002 ОНЫ ЭРҮҮГИЙН ХУУУЛЬ

133 дугаар зүйл.Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомж зөрчих

133.1.Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомжоор хориглосон үйл ажиллагаа явуулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

251 дүгээр зүйл. Эрүү шүүлт тулгах

251.1.Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлэх, тарчилган зовоох, тохуурхан даажигнах, хуурч мэхлэх зэрэг хууль бус арга хэрэглэж мэдүүлэг өгөхийг албадан эрүү шүүлт тулгасан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасч таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Эх сурвалж: Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.