
Техасын Ювалде хотын бага сургуульд гарсан халдлагатай холбоотойгоор АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден үг хэлжээ. Тэрээр, "Ерөнхийлөгч болсныхоо дараа иймэрхүү хэрэг гарсантай холбоотойгоор үг хэлэх шаардлага гарахгүй байх гэж найдаж байлаа. Гэтэл дахиад л аллага. Галт зэвсгийн лоббины эсрэг тэмцэх цаг болсон." хэмээн онцолжээ.
Ерөнхийлөгч Ж. Байдений хувьд 1972 онд эхнэр охин хоёроо автомашины ослоор алдаж, 2015 онд хүү нь хавдраар нас барсан билээ. Тэрээр халдлагын улмаас амь үрэгдсэн хүүхдүүдийн эцэг эх, асран хамгаалагчдад хандан, "Хүүхдээ алдах үед сэтгэл урагдах шиг л болдог. Цээжинд гарсан хоосон зай нь яг өөрийг чинь сороод байгаа юм шиг санагдана. Чи хэзээ ч өмнөх шигээ байж чадахгүй." гэжээ.
Галт зэвсгийн тухай хуулийг чангатгах тухайд тэрээр 10 өдрийн өмнө Баффалод болсон халдлага болон Ювалдегийн бага сургуулийн халдлагыг үйлдсэн этгээдүүд хоёулаа 18 настай байсныг мөн хоёулаа ямар ч асуудалгүйгээр галт зэвсэг худалдан авсныг онцолжээ.
Тэрээр ийм зүйл дахин тохиолдохыг зөвшөөрч болохгүй, галт зэвсгийн тухай хуулийг чангатгах цаг болсон гэжээ. Ювалде хотын бага сургуульд гарсан халдлагын дараа АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обама өөрийн твиттер хуудаснаа, "Америкийн өнцөг булан бүрт ээж аав нар хүүхдүүдээ оронд нь оруулж, унтахынх нь өмнө ном уншиж, бүүвэйн дуу дуулж байхдаа дотроо маргааш хүүхдүүдээ сургуульд нь хүргэж өгөөд, хүүхдүүдээ дэлгүүр эсвэл өөр олон нийтийн газар дагуулж явж байхад нь үед юу болох бол гэсэн айдаст бодолд автаж байна.
10 жилийн өмнө Сэнди Хүүк сургуульд гарсан халдлага, 10 өдрийн өмнө Баффалод гарсан халдлага, Ювалдегийн бага сургуулийн халдлагын дараа АНУ айдаснаас бус галт зэвсгийн лобби, ийм эмгэнэлтэй явдал гарахаас урьдчилан сэргийлэх ямар ч арга хэмжээ авахыг хүсэхгүй байгаа улс төрийн намаас болж цочролд ороод байна." хэмээн бичжээ.
2012 онд Сэнди Хүүк бага сургуульд халдлага гарч, зэвсэгт этгээд 20 хүүхдийн аминд хүрсэн хэрэг гарах үед Барак Обама АНУ-ын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан ба уг үйл явдал төрийн тэргүүнээр ажилласан 8 жилийн хугацаанд нь тохиолдсон" хамгийн хар бараан өдрүүд" байсан хэмээн дурссан байна.
Эх сурвалж: BBC
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.